Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас нэгдүгээр сараас хойш гол анхаарлаа хандуулсан. Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн QSC компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн.

Тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь Самурай бондын 30 хувьд нь хүрнэ. Хөгжлийн банк дээр үүссэн ТӨҮГ-тай холбоотой зээлийг хэрхэн төлүүлэх талаар дараагийн хурлаар шийдвэрлэж мэдээлнэ.

Хөгжлийн банкийг татан буулгаж, Засгийн газарт дарамт болгохгүйн тулд чанаргүй зээлүүдийг төлүүлэхэд анхаарч байна. Засгийн газраас Хөгжлийн банк дээр удирдан зохицуулж байгаа учраас хэвийн байдалд нь оруулж чадна гэдгээ харуулах ёстой. Цаашдаа улам шахаж ажиллана.

Самурай бонд нь Япон талын хөрөнгө оруулагч нарт өндөр өгөөжтэй учраас бид буцааж худалдаж авна гэхээр хугацааг нь дуустал хадгалах сонирхолтой байна. Бонд иенээр гарсан тул иенээр төлнө.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул: Самурай бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулаад байна. Чингис хаан банканд үүссэн өр төлбөрийг эргэн төлөх ажлыг хууль сахиулах байгууллагатай хамтран явуулж байна. Хувийн хэвшлүүд мөнгөө зориулалтаар нь ашиглаад төсөл нь үргэлжилж байгаа ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас эргэн төлөлт нь саатсан аж ахуй нэгжүүдэд зөөлөн хандаж байна. Зургаадугаар сарын 30-д бид хагас жилийн тайлан гаргах ёстой. Хагас жилдээ багтаад нийт 400 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна.

"Гантиг Вилла" хотхон хууль хүчний байгууллагаас битүүмжтэй байгаа ба зээлдэгчийн зүгээс хамтарч ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн. Банкны хувьд зээлийн эргэн төлөлтийг хангах хэмжээний барьцаа хөрөнгө дээр ажиллагаа хийж болно. Банкны дотоод үнэлгээ судалгаа шинжилгээ ажлууд үргэлжилж байна. Урьдчилсан тооцоогоор "Гантиг вилла" хотхоныг барьцаанд авах зүйл яригдаагүй.

Үндэсний баялгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр тогтжээ.

Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай концепцийг оруулж ирсэн.

Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг олон улсад байдаг 100 гаруй сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсрууллаа. Энэ бол 2020 оны УИХ-ын 20 дугаар тогтоолд тусгасанчлан Монгол Улс хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэсэн бодлогод нийцүүлсэн ажил юм.

2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан. Энэ бол хуримтлалын сан. Харин Үндэсний баялгийн сан нь хөгжлийн сан бөгөөд дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийн өгөөжийг арвижуулах, үржүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг бий болгох сан байна гэсэн зарчмыг баримтална" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Хуулийн төсөлтэй холбоотойгоор "Эрдэнэс Монгол" компанийн бүтцэд өөрчлөлт орно. Уул уурхайн томоохон корпорацууд нь дотроо групп болж ажилладаг. Иймээс "Эрдэнэс Монгол" компани дээр төрийн өмчийн уул уурхайн компаниуд төвлөрч, зэс, өнгөт металлын групп ашигт малтмалын групп гэх мэтээр групп болж, нэгдсэн бодлого төлөвлөлтөөр ажиллах юм" гэв.