Монгол орон өргөн уудам нутагтай. Цөөхөн хүн амтай, хүн амынх нь талаас илүү хувь нийслэлдээ суурьшдаг учраас эзгүй хээр газар ихтэй. Тэр утгаараа хэн дуртай нь аль дуртай газраа бууж сууцгааж, аялж зугаацдаг.

Хэн хаана ч аялж, аль ч аймгийн ямар ч газарт буудаллах боломжтой. Ингээд харахаар эрх чөлөөтэй сайхан л даа. Ийм сайхан уудам нутгийнхаа хаана нь ч очоод майхнаа бариад агаарлах боломжтой бид азтай улс гэж ирээд цээжээ түрээд суухад бол гоё. Гэхдээ хэт эрх чөлөөлөг энэ байдал маань байгаль экологидоо сөрөг нөлөө үзүүлсээр өнөөг хүрснийг анзаарч харсан нь хэд бол. Зуны цагт, зугаалга, найр, наадмын үед бөөнөөрөө хотоос хөдөө рүү жирийлгэдэг монголчууд хөдөөх байгалийг жинхэнэ бохирдуулагчид болж хувирдаг. Хотоос баруун, зүүн аймгуудыг зорьсон нийслэлчүүд зам зуураа гол дагаж, биесээ бараадасхийн хонож өнжсөн шигээ зорьсон газраа хүрцгээдэг. Нэг газраа бөөгнөрч хоносон хүмүүс наад зах нь гэхэд л ил задгай бие засч голын хавьцаах хөрсийг бохирдуулдаг.

Дотоодын жуулчид энэ мэтээр элдэв хуванцар сав, гялгар уут, батарей гээд байгальд хортой хаягдлууд “үйлдвэрлэчихээд” дараагийн аймаг руу жирийлгэдэг. Жуулчны компаниар үйлчлүүлэх соёл суугаагүй, машиндаа гэр бүлээрээ сууж аваад аялцгаадаг монголчуудын хувьд буудалласан газраа гал түлж, цай хоолоо хийцгээдэг нь байгальд мөн л эрсдэл болдог. Наад зах нь гэхэд л галаа бүрэн унтраагаагүй хөдөлснөөс болж түймэр дэгдэх эрсдэл бий. Тийм тохиолдол гарч байсныг ч үгүйсгэх аргагүй. Гэх мэтээр яривал машинтайгаа зугаалагч монголчууд байгаль орчныг жинхэнэ утгаар нь бохирдуулж сүйтгэгчид болж хувирдаг нь нууц биш.

За тэгээд устай, голтой газар бүрд бууж суусаар зорьсон газраа хүрсэн хотын жуулчид хүсч очсон газраа бохирдуулсан шигээ амарч цэнгэдэг. Зориод очсон газраа наад зах нь хоёр гурав, цаад зах нь арваад хонохдоо хог, бохирдол “үйлдвэрлэсээр” суугаад Улаанбаатарыг зорьдог. Яг өдийд хөдөө газрын байгаль жуулчдын хөлд талхигдаж, хогондоо дарагдаж, бохирдолдоо баригдаад эхэлчихсэн. Тэр дундаа хүмүүсийн олноор зорьж очдог Хөвсгөл далай, Өгий нуур, Хар Зүрхний хөх нуур гэх мэт байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд хэцүүхэн дүр төрхтэй болчихдог нь хэний ч мэдэх үнэн. Тээр жил Өгий нуурыг зорьж очиход нуурын зах хогондоо дарагдаж буудаллаж хонох газаргүй шахам битүү хүнд дарагдсан угтаж билээ. Тэр үеэс хойш хүн олноороо амардаг газруудыг ид зуны цагаар зорьж очихоо больсон.

Байгалийн дайсан ингээд зогсохгүй. Гэр бүлээрээ хувийн машинаа хөлөглөсөн жуулчдаас гадна малчид байгаль сүйдлэгчдийн тод төлөөлөл болсоор яваа. Манай малчид ямар ч зохицуулалтгүйгээр хаа дуртай газар руугаа нүүдэллэж бууж суудаг амьдралын хэв маягтай. Нүүмээр санагдвал нүүгээд явчихдаг нь бодитой үнэн. Нүүдэллэж буусан газраа сүйдэлж байгаад явдаг нь ч булзах аргагүй бодит байдал.

Харин нийт олонд “байгалийн дайсан” гэж адлагдсан уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа их өөр. Өчнөөн шат дамжсан зөвшөөрөл авч байж, өндөр шалгуур босгуудыг давсны эцэст сая нэг бага талбайтай газар хайгуул олборлолт хийх эрх авдаг. Хайгуул олборлолтоо хийчихээд өнөө газраа нөхөн сэргээх үүргийг хуулиар хүлээж, нөхөн сэргээсээр өнөөг хүрсэн. Бүр тухайн газарт ургаж байсан ургамлуудыг яг тэр чигт нь тарьж үлдээдэг. Хуулиар хүлээсэн үүрэг нь ийм нарийн. Энэ дашрамд нэг харьцуулалт хэлье. Монгол Улсын газар нутгийн хэчнээн хувийг уул уурхай эзэлдэг вэ гээд харахаар маш бага тоо дуулддаг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нийт газар нутгийн наймхан хувийг эзэлдэг бол ашиглалтынх нь нэг хувь ч хүрэхгүй газар нутаг эзэлдэг. Хөрс, экологид асуудал тарьдаг гол салбаруудын магнайд мал аж ахуй, газар тариалан эрэмбэлэгддэг нь цаанаа ийм учиртай.

Машин хөлөглөсөн жуулчид, дураараа нүүж буудаг малчдаас үүдсэн байгаль экологийн асуудлыг шийдэх гарц мэдээж бий. Монгол хэдий өргөн уудам нутагтай ч, ихэнх газар нутаг маань эзгүй хээр ч гэлээ бүх газар эзэнтэй. Өөрөөр хэлбэл, тухайн газар засаг захиргааны ямар нэгэн нэгжид хамааралтай байдаг. Эзэнгүй, засаг захиргааны нэгжид хуваарилагдаагүй нутаг гэж хаана ч үгүй. Эзэнгүй буйд ямар ч газар аль нэг багийн Засаг даргын харьяа нутаг гэсэн үг.

Товчхондоо дураараа нүүж суудаг малчид, байгаль бохирдуулагч дотоодын жуулчдыг хазаарлах боломж Засаг дарга нарт бий. Монгол орны аль нэг газарт долоогоос дээш хоног нутаглаж, буудаллахаар бол тухайн баг, хорооных нь Засаг даргаас зөвшөөрөл авдаг болчихвол энэ асуудал цэгцэрчихнэ. Зөвшөөрөл өгөх Засаг дарга нар “За манай нутаг дэвсгэрт буудаллахдаа хог тарихгүй, зориулалтын бие засах хэсэг гаргах хэрэгтэй, хогоо ингэж шийднэ, буудаллаад буцахдаа бидний тавьсан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй бол торгуультай. Бас дараа жил ирж буудаллах эрхийг чинь хасна” гэх мэтээр хатуу дүрэм журамтай угтах хэрэгтэй.

Монголчууд буудаллаж, нутаглаад явсан газрынхаа буйрыг цэмцийтэл цэвэрлэсээр ирсэн уламжлал соёлтой ард түмэн. Яг тэр жаягаар буудаллаж нүүдэллэсэн газрыг нь цэвэрлүүлэх журмыг тухайн багийн Засаг дарга хатуу мөрдүүлмээр байна. Буудаллах хугацааны төлбөр авахад ч болохгүй юмгүй. Тэгж хурааж авсан мөнгийг байгаль хамгаалалд зарцуулбал олон асуудал шийдлээ олох давуу талтай. Дээр дурдсан шийдлүүдийг ажил болговол хөрс, гол усны бохирдол, түймэр гэх мэт байгаль орчны асуудлууд цэгцрээд ирнэ. Дураараа байгаль бохирдуулагчид дэг журман доор цэгцтэй, ухаалаг, байгальд ээлтэй аж төрөх соёлд суралцах нь энэ шийдлийн хамгийн том давуу тал.

 

Ц.Билиг