Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, робот сонирхдог, түүгээр хичээллэдэг залуучуудыг хөгжүүлэх боломжоор хангах зорилготой МОНГОЛЫН ЛЕГО РОБОТЫН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН /MON ROBOT FLL 2022/ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний үндсэн төрөлд: Лего робот “Into orbit” буюу “Сансрын хиймэл дагуул, дэлхийн тойрог зам” хэмээх ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Улаанбаатар хотын болон 8 аймгийн /Хөвсгөл, Хэнтий, Орхон, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Дархан-уул/ 23 сургуулийн 6-10

дугаар ангийн 26 баг, 150 сурагч оролцлоо.

Тэмцээний үндсэн төрөлд:

I байр: “Оюунлаг” сургуулийн “Manuls I” баг

II байр: “Green School Mongolia” сургуулийн “GSM Kobo” баг

III байр: “Шинэ эхлэл” олон улсын сургуулийн “Союз 39” баг тус тус шилдгээр шалгарлаа.

Харин тэмцээний “FLL Project” шагналыг Баянхонгор аймгийн Номун далай сургуулийн “Номун далай” баг, “FLL Robot design” шагналыг Монгол тэмүүлэл олон улсын сургуулийн “MAIS” баг, “FLL Outstanding” шагналыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн “Тосон робот” баг тус тус хүртлээ.

Тэмцээний чөлөөт төрөлд: Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуусаас бүрдсэн 105 тамирчид

o Сумо робот /автомат 3 кг/

o Сумо робот /радио удирдлагатай 3 кг/

o Америк хөл бөмбөг

o Мини сумо робот /автомат 500 гр/

o Шугам дагадаг автомат робот зэрэг 5 төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын роботын боловсролын нийгэмлэг НҮТББ, хамтран зохион байгуулагчаар “Оюу толгой” ХХК ажиллалаа.

Тэмцээний үеэр робот техник автоматжуулалтын сэдвээр ШУТИС, Одон орон гоо физикийн хүрээлэн болон ерөнхий боловсролын сургуулиудын хамтарсан үзэсгэлэн бүтэн өдрийн туршид нээлттэй дэлгэгдсэн юм.