Эрх баригчид өөрсдийнхөө хулгай зэлгий, булхайтай холбоотой шуугианыг дарах зорилгоор Боловсролын зээлийн сантай холбоотой элдэв баримт гаргаж ирлээ. Энэ сантай нэр холбогдсон хүн бүрийг шахам өдөр өдрөөр нэр цохон гаргаж ирж нийгмээр жигшүүлэн зэвүүцүүлж хэргээ бүтээв.

Харин энэ их гүтгэлэг, харлуулалтын эсрэг баруунд боловсрол эзэмшсэн тэдгээр эрдэм номтой залуус ганхийсэнгүй шүү.

Монгол Улсын түүхэнд баруунд боловсрол эзэмшсэн, эзэмшиж буй, эзэмшихээр зориг шулуудсан хүүхэд залуусыг ингэж чичилж, доромжилж сошиалаар "цаазалж" буй нь анхны тохиолдол биш. 100 жилийн өмнө баруунд боловсрол эзэмшсэнийхээ төлөө цаазлуулсан бодит түүх баримттайгаа байна.

1926-1930 онд Герман, Франц улсад эхлээд 35 сурагчаа сургуульд явуулсан байдаг. Хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэнд сайн, сургуулийн төгсөх ангийн сурагчдыг ийнхүү сонгож баруунд боловсрол эзэмшүүлэхээр явуулж байсан нь хоёр хөрш төдийгүй, олон улсын анхаарлыг гойд татсан байдаг. Өнөөдрөөс бараг 100 жилийн өмнө монгол охид, хөвгүүд баруунд сурахаар явсан бөгөөд анхны 35 хүүхдийн араас Их Д.Нацагдорж тэргүүтэй зургаан хүүхдийг явуулсан байдаг.

Харамсалтай нь харьд суралцсан оюутан, сурагчдыг эргэж ирж сурсан мэдсэнээ эх орон, ард түмэндээ зориулах гэтэл гэнэт "Үндсэрхэг үзэлтэн", "Хувьсгалын эсэргүү", "Фашистуудын тагнуул" гэсэн элдэв зохиомол хэрэг үүсгэж эвлэл, намаас нь хөөж, сонгуулийн эрхийг нь хасч, улмаар байцааж эхэлсэн байдаг. Ингээд баруунд боловсрол эзэмшсэн анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас барсан байдаг.

Гэтэл энэ түүх яг 100 жилийн дараа Монголд дахин давтагдлаа. Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө. Эрх баригчдын хулгайгаа мартагнуулах гэсэн зорилгоор зориуд гаргаж ирсэн Боловсролын зээлийн сантай холбоотой шуугиан нь үнэндээ монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх гэсэн хүсэл зоригт цохилт болж байна. Баруунд хойч үеэ сургана, тэндхийн боловсролыг эзэмшүүлнэ гэдэг хөгжил дэвшил шууд утгаараа Монголд ирж байгаа хэрэг. Нэг ёсондоо хөгжлийн хурдасгуур. Тийм учраас энэ сангаас эрэлттэй, хэрэгцээтэй мэргэжлээр хүүхдүүдээ баруунд сургасаар ирсэн юм. Шууд 100-400 мянган ам.доллар гаргаад хүүхдээ сургачих бололцоотой монгол хүн бараг байхгүй шүү. Барууны тэр нэр хүндтэй, дэлхийн хэмжээний өндөр боловсрол олгодог сургуулиудад зөвхөн тэнцсэн хүүхэд нь явдаг. Өөрөөр хэлбэл, тэр сургуулиуд өөрсдийнх нь босгыг давж тэнцсэн хүүхдүүдэд үүдээ нээдэг. Тэдгээр сургуулиудад сошиалаар цуураад байгаа шиг хүүхдүүдээ хахуульдаж, мөнгө өгч, арын хаалгаар суулгадаггүй юм аа.

Боловсролын зээлийн сангийн шуугианыг дэвэргэж буй хүмүүсийн бичиж, хэлж, ярьж буйг анзаарахаар "Мөнгөөр, арын хаалгаар хүүхдээ тэнд сургачихсан байна" гэж байгаа юм.

IBT, TOEFL зэрэг хэлний шалгалтуудад шууд тэнцдэг хүүхдүүдийг харахаар багаасаа англи хэл сурчихсан, тусгай болон төлбөртэй сургуулиар явчихсан байх нь элбэг. Ямар айлууд хүүхдэдээ багаас нь англи хэл заалгадаг вэ гэхээр ихэвчлэн сэхээтэн айлын хүүхдүүд байдаг л даа. Сэхээтэн гэдэг нь голдуу төрийн өндөр албан тушаалтнууд, компани, байгууллагуудын эздийн хүүхдүүд, юм мэддэг сэхээлэг давхаргын айлын хүүхдүүд байдаг. Анхдагч хэрэгцээгээ бүрэн хангачихсан, өнөө маргаашийн хоол, өр лизингийн асуудлаа ерөнхийд нь шийдчихсэн, хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх зорилготой ийм сэхээлэг давхаргын айлын хүүхдүүд л тэр том шалгалтуудад нь тэнцчихдэг. Өнгөрсөн жил хэлний бүх шалгалтуудад тэнцэж, дэлхийн нэр хүндтэй дөрвөн их сургуулиас тэтгэлэг авсан охин "Би энэ амжилтад хүрэхийн тулд нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн. Надад чөлөөт цаг гэж байгаагүй. Би 12 жилийн турш Toefl-д бэлтгэсэн" гэж ярьж байсан. Хүүхдээ англи хэлний төлбөртэй сургуульд сургахын тулд аав ээж нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг бол үр хүүхэд нь аав ээжийнхээ тэр их хайрыг зүтгэлээр хариулахын тулд 12 жил хичээлээ хийдэг байх нь. Тэгж байж энэ айлд Боловсролын зээлийн сан, тэтгэлэг ирдэг байх нь ээ. Гэтэл үүнийг нь Боловсролын зээлийн сантай холбоотой худал сенсааци дэгдээж байгаа бүлэг хүмүүс нь өөрсдөө ойлгохгүй, ойлгохыг огтоос хүсэхгүй, атаархаж сүйд болцгоож, үүн дээр нь хар масс гэгдэх сошиал дахь ажилгүйчүүд нь нэмэгдээд баахан орилолдов.

Боловсролын зээлийн санг тойрсон энэ их хэл ам, атаа жөтөө талцал, үзэн ядалтын үр дүнд юу болов гэхээр баруунд боловсрол эзэмшье гэсэн хүүхдүүдийн хүсэл зориг мохож, эрдэм

суръя гэсэн чин хүсэлд нь саад тээг болж байгаа юм. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Кино урлагийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Соёл, урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Улсын авто замын сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийг дэмжих сан...гээд бичвэл урт жагсаалт болно. Цааш ухвал бараг ямаанд хүртэл зориулсан сан гараад ирж мэдэхээр юм билээ. Ийм хэрэгтэй, хэрэггүй ямаа мэтийн юмнуудад зориулагдсан сангуудыг бүгдийг нь зогсоогоод Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг улам дэмжиж, өргөжүүлж бүр ч олон хүүхэд, залуусыг дэлхийн боловсрол эзэмшүүлэхээр баруун руу бөөн бөөнөөр нь явуулмаар байна. Өнөөдөр Монголд хамгийн чухал, хэрэгтэй сан бол Боловсролын зээлийн сан.

100 жилийн өмнө Герман, Францаас ном сурч байсан хүүхдүүдээ авчраад цаазалж байсан бол өнөөдөр 2023 онд гадаадад сурсан, сурч байгаа, сурах гэж байгаа хүүхдүүдээ эцэг эхтэй нь, гэр бүлтэй нь хамтад нь сошиалаар "цаазалж", нэр хүндийг нь гутааж, бараг баруун руу гаргахгүй Алтан тэвшийн хөндийдөө барьцалдаад яг ижил тэнцүү байя гэх ухааны юм ярьцгааж байна. Одоо наад мунхаглалаа даруй зогсоо!

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар шүлсээ үсчүүлээд байгаа хүмүүс ээ, та нар одоо боль оо. Эрдэм ном өвөртөлж ирсэн хүүхдүүдэд битгий атаарх. Атаархаж, газар доор ортол нь муулж доромжилж, дэвслэхийн оронд эрдэм мэдлэгийг нь ашиглах хэрэгтэй. Харин ч энэ сангаар сурах дараа дараачийн хүүхдүүдийг баруун руу ар араас нь сургуульд явуулах тал дээр нийгмээрээ, нийтээрээ хөдөлье.

Хэл сурна гэдгийг ерөнхийд нь хоёр ангилж болдог юм. Нэгдүгээрх нь, англи хэлээр халтар мултар ч болтугай хэдэн үг сураад өл хоолоо залгуулах хэмжээнийх болох. Удаах нь, англи хэлийг академик түвшинд эзэмших. Академик түвшний англи хэл гэдэг тусдаа бараг шинжлэх ухаан маягтай. Академик англи хэлтэй болгохын тулд хүүхдийг хар нялхаас нь англи хэлтэй болгож, англи хэл дээрх шинжлэх ухаан, түүх, философи, сонгодог урлагийн сод бүтээлүүдийг уншуулж, танилцуулдаг. Гэтэл хоол олж идэх хэмжээний англи хэлтэй хүн шинжлэх ухааны англи хэлийг ойлгодоггүй. Монгол хэл ч тийм шүү дээ. Англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн, баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүүхэд, залуусаа бид харин ч эсрэгээрээ хамгаалж, сурч мэдсэнийг нь эх орондоо ашиглах тал дээр нэгдмэл байснаараа 100 жилийн өмнөх гашуун түүхийг давтахгүй байх боломж байна.