Тэтгэврийн зөрүү болон нэмэгдлийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин хөлсний хэмжээг одоогийн цалин хөлсний түвшинд шилжүүлэх үзүүлэлт.

Тэтгэвэрт хамгийн өндөр цалин авсан таван жилээ сонгодог. Тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмээгүйгээс тэтгэврийн зөрүү үүссэн. 

Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай.

Монгол Улсын нийт 481,000 тэтгэвэр авагчдын 165,000-ынх нь нэмэгдэнэ.

Тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:

  1. Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа.
  2. Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  3. Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  4. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  5. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол нэмэгдэхгүй.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ сайтад тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээллийг тун удахгүй ил болгоно. Долдугаар сарын 1-нээс өмнө ахмадууд /хүүхдүүдийнхээ тусламжтайгаар/ уг сайтад хандан регистр, бүтэн нэрээ оруулаад ажилласан жил, тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харах боломжтой болно.

Тэтгэврийг 10% нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна" гэв.