Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү баярыг дэлхийн 30-аад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг бөгөөд ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг байна. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Т.Аубакиртай Наурызын баяр болон түүний хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.


-Танд юуны өмнө казах түмний их баяр Наурызын баярын мэнд хүргэе. Энэ жилийн баяр юугаараа онцлог болох вэ?

-Монголынхоо нийт ард түмэндээ болон эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдран суугаа казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе. Энэ жилийн Наурызын баярыг Монгол Улс, Баян-Өлгий аймгийн хэмжээнд эдийн засгийн өндөр өсөлттэй угтаж байгаа сайхан жил болж байна.

-Манай улсын хэмжээнд хэчнээн казах хүн байдаг юм бэ. Тэд бүхний зан заншил, уламжлал ахуй, шашин шүтлэгийг хамгаалах, дэлгэрүүлэх тал дээр ямар ажлууд хийх нь зүйтэй гэж та үздэг вэ?

-Одоогийн байдлаар манай улсад нийтдээ 150 гаруй мянган казах иргэн байдаг гэж үздэг. Эдгээр иргэдийн маань зан заншил, соёл уламжлал, шашин шүтлэг, хэлний соёлыг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг. Ер нь бид олон жил ахан дүүс болж амьдарч ирсний хувьд монголчууд маань казах түмний хэл соёлд хүндэтгэлтэй хандаж ирсэнд бид үргэлж талархалтай явдаг. Цаашдаа мэдээж хийх ажил маш их бий. 2022 оноос хойш Боловсролын багц хуульд казах иргэдийнхээ эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг хамгаалах тал миний бие илүү анхаарал тавин ажиллаж ирлээ. Баян-Өлгий аймгийн зарим сумдад амьдардаг тува ахан дүүс маань ч өөрсдийн эх хэл дээр боловсрол эзэмших хүсэл сонирхлоо надад удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Баян-Өлгий аймгаас бусад газарт амьдарч байгаа казахууд ч энэ талын санал хүсэлтээ хэлдэг. Энэ тал дээр бид бүхэн ажиллаж байгаа. Мэдээж хичээлийн хөтөлбөр боловсруулах, цаг гаргаж өгөх, багшлах боловсон хүчнийг бэлдэх гээд олон чухал ажлууд бий.

-Энэ жил Монгол орны нийт нутгаар зудтай байлаа. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжөө хэр байв. Одоо хаваржилт ямар байна вэ?

-Манай улсын хувьд энэ жил нийт нутгаараа зудтай байлаа. Маш хүнд өвөл боллоо. Манай аймгийн хувьд сүүлийн хоёр жил дараалан гантай байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн намар голын ай сав дагасан хадлангийн гарц чамгүй сайн байсан болохоор манай нутгийнхан өөрсдийн бололцоогоор нэлээд сайн бэлтгэсэн. Малын зүй бус хорогдлын мэдээ одоогийн байдлаар бүрэн нэгтгэгдээгүй байгаа. Гэвч бусад аймагтай харьцуулахад харьцангуй бага. Харин Булган сумын өвөлжилт маш хүндэрсэн

-Улсын онцгой комиссоос хэдий хэр хэмжээний тусламж үзүүлэв. Та ч мөн нутгийн малчдадаа хэр анхаарал хандуулав?

-Миний бие хүсэлт тавьж, УОК-оос өвөлжилт хүндэрсэн сумдадаа өвс, тэжээлийг чамгүй бэлдэж авсан. Нийт 1000 гаруй тонн хорголжин тэжээлийг нөөцлөөд байна. Мөн аймаг, сумдын нөөцийг ч гайгүй бэлдсэн болохоор энэ удаагийн зудыг хохирол багатай даван туулахаар хичээж байгаа. Ганц манайх гэлтгүй баруун аймгуудын зуд 3, 4, 5 сарыг дамнаж ирдэг. Хангай, говийн бүсийн аймгуудыг бодвол хожуу дулаардаг онцлогтой. Тийм учраас мал төллөж эхэлсэн энэ цагт тэжээлийн нөөцийг юу юугүй тарааж дуусгахгүй байх бодлого барьж байгаа. Мөн нөхцөл хүндэрсэн малчдадаа гурил, цагаан будааны тусламж үзүүлсэн. Улаан загалмай, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудаас ч чамгүй тусламж үзүүлснийг орон нутгууддаа хуваарилах ажлыг хийж байна.

-Өнгөрсөн сонгуулиар баян-өлгийчүүд танд итгэл найдвар хүлээлгэсэн. Иргэдийнхээ итгэлийг хэр биелүүлж ажиллав?

-Баян-Өлгий аймгийнхаа нийт иргэдийн итгэлийг хүлээж 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ хугацаанд өөрийнхөө хэмжээнд нэлээд чармайж ажилласан. Гэхдээ иргэдийнхээ итгэлийг хэр биелүүлсэн бэ гэдэг дээр түмэн олон маань л дүнгээ тавина. Түүнээс биш би өөртөө дүн тавих нь зохимжгүй. Харин сонгогдсоноосоо хойш улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр анхаарал хандуулж ажилласны хүрээнд 2020 оноос хойш зогсолтгүй өссөн дүнтэй байгаа. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх нийт ажлын төсөвт өртөг нь 254 тэрбум төгрөг байна. Манай аймаг нэг ч сумаа засмал замаар холбож чадаагүй. Тиймээс энэ жил аймгийн төвөөс Цэнгэл сум хүртэлх 82 километр замыг 210 тэрбум төгрөгийн өртөгтэй, замын дөрөвдүгээр багц буюу Цэнгэл сумаас Улаанхус сум чиглэлийн 23.1 километр замын 46.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг улсын төсөвт суулгасан. Цэнгэл сумын замын онцлог бол аялал жуулчлалын бүс рүүгээ чиглэж байгаа. Цаашлаад Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох ажлын хүрээнд засмал замаар холбох бодлогын дагуу хийгдсэн ажил. Мөн чуулганы хуралдаанууд дээр Баян-Өлгий аймгаас ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хүргэж ирсэн. Үүний дагуу шийдэгдсэн олон асуудал байгаа.

-Танай аймгийн эдийн засгийн гол орлогуудын нэг нь яах аргагүй аялал жуулчлал. Засгийн газраас ч аялал жуулчлалыг өргөн хүрээтэй дэмжлээ. Өнгөрсөн жилүүдэд энэ салбараас олох орлого хэр нэмэгдэв. Иргэдийн ахуй амьдралд үр өгөөжөө бодитоор өгч чадав уу?

-Аялал жуулчлалаас малчин иргэд, аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, Алтай Таван богд, Хурган нуур чиглэлд үйлчилгээ үзүүлдэг машины жолооч гээд маш олон иргэн үр шимийг нь хүртдэг. Тийм ч болохоор уг салбарыг илүү онцлох салбар гэж миний хувьд үздэг. Өнгөрсөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтай Таван богд, Хотон, Хурган нуур чиглэлийн цахилгаан хангамж, авто зам, гүүрэн байгууламжийн асуудлыг 100 хувь шийдсэн.

-Тус аймгийг бодитоор хөгжүүлэхэд хилийн боомтуудыг сэргээх, хоёр хөрштэйгөө засмал замаар холбох нь чухал гэдгийг ярьж байсан. Энэ талын ажлууд хэр хийгдсэн бэ?

-Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн хүрээнд манай аймгийн Улаанбайшинтын боомтын зорчигч, барааны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдсэн. Мөн БНХАУ-тай хиллэдэг Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс бид эхлээд Цэнгэл сумын замаа тавьчих юм бол цаашаа 100 гаруй километр зам тавиад жилийн дөрвөн улиралд ажиллах боломж бүрдэнэ. Үүнээс гадна ОХУ-аас БНХАУ орох хамгийн богино транзит зам нь манай аймагт байгаа. Энэ нь Улаанбайшинтаас Даян хүртэл 310 километр зам гэсэн үг. Хоёр улсад сонирхол нь байгаа учраас бид транзит үйлчилгээ үзүүлээд тодорхой хэмжээний орлого олох боломжтой. Одоо яг явж байгаа зам болохоор Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос гараад Баян-Өлгий аймгаар дайраад Улаанбайшинтаар гардаг 745 километр зам бүрэн ашиглалтад орчихсон.

-Сүүлийн үед бүсчилсэн хөгжил гэж ярьж байна. Тэгвэл баруун бүсийн хөгилд баян-өлгийчүүд ямар үүрэг, нөлөөтэй оролцох вэ?

-Бүсчилсэн хөгжлийг миний хувьд дэмжиж байгаа. Хэдий болтол Монгол Улсын парламент маань зөвхөн өөрийнхөө сонгогдсон нэг сумын сургуулийн дээврийн асуудал яриад суух юм. Парламент нь өөрөө том зүйл ярьдаг байя. Ингэхийн тулд бүсчлэх хөгжүүлээд УИХ-ын гишүүн маань бүсийг төлөөлдөг. Тэр бүсийнхээ эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг том зүйлийг шийдвэрлэдэг байхын төлөө ажиллах ёстой.

-Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нэг тойрог болгосон шүү дээ. Үүнийг хэр зөв зүйтэй гэж та харж байгаа вэ?

-Манай аймгийн хувьд энэ удаадаа дангаараа үлдсэн. Өөрөө онцлогтой аймаг. Парламентад Баян-Өлгий аймгийн төлөөллийг бүрэн суух боломжийг хангах үүднээс ингэж шийдвэрлэсэн.

-Дангаар нэг тойрог болох нь ирэх жилүүдэд бүсчилсэн хөгжлөөс гээгдэх, хоцрох эрсдэл болохгүй юу?

-Нэг аймгийг төлөөлж байгаа хүн улсын хэмжээний бодлого, аймгууд руу татах хөрөнгө оруулалт зэрэг чухал асуудлуудаас хоцрох вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд маань сайн ажиллах юм бол улсын хэмжээний бодлого, нийгмийн асуудлуудаас хоцрохгүй явах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ингэж хоцорч үлдэхгүй байх нь төлөөллөөсөө бүрэн хамаарна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ