Иргэн П.Оюунболд: Үндэслэлгүйгээр автотээврийн албан татварыг 300 хувиар нэмсэн улс дэлхийд байхгүй
4 цагийн өмнө
Ямар ч үндэслэлгүйгээр автотээврийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн талаар иргэн П.Оюунболдтой ярилцлаа.
-Автотээврийн албан татварыг шууд 3-5 дахин нэмсэнд та ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг хувиар бодоод үзвэл 300-500 хувиар нэмсэн гэсэн үг. Нэгдүгээрт, татварыг ямар ч үндэслэлгүйгээр ингэж огцом нэмсэн нь маш буруу шийдвэр. Авто машиныг хөнгөн, дунд, хүнд гэж гурав ангилдаг. Хүнд оврын, тээврийн зориулалттай машинууд даац хэтрүүлснээс үүдэн хотын дийлэнх замыг эвдээд дуусах нь. Үүний хариуцлагыг нийт масс буюу жижиг, дунд машин эзэмшдэг хүмүүс үүрэлцэж байгаа. Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс автомашины татварыг шууд 300, 500 хувиар нэмээд, маргааш бүх зүйл сайхан болно гэж бодоод байна. Уучлаарай, агуулгын хувьд ийм байх боломжгүй. Ачааны машинууд даац хэтрүүлсээр байх болно. Жижиг машинууд тэр замаар явахдаа донсолж, эд ангиа эвддэг.
Манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг буруу өнцөг нь ачаа, тээврээ хотын төв рүү зөв оруулж, гаргах суурь асуудлаа шийдээгүй байж холын асуудалд санаа зовоод байгаа юм. Нэг өглөө татварыг шууд 300-500 хувиар нэмсэн. Дэлхийд хамгийн өндөр татвартай БНХАУ гэхэд зөвхөн импортын машинд өндөр татвар ногдуулдаг.
Манайхаас ялгарах зүйл нь нэг өглөө л татварыг тэд дахин нэмлээ гэх шийдвэр гаргадаггүй. Олон жилийн үе шаттай ажлууд, судалгаа шинжилгээ, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогын үндсэн дээр алгуурхан нэмдэг. Дэлхийн аль ч орон татварыг ард түмнийхээ амьдралын боломжтой уялдуулан нэмэх зарчимтай. Харин манайх татварыг шууд 300 хувиар нэмснээрээ ард түмнээ дээрэмдэж тонолоо. Энэ гэмт хэрэг шүү
-Ямар үндэслэлээр татварыг нэмсэн бэ?
-Ямар ч үндэслэлгүйгээр татвар нэмсэн шүү дээ. Яах вэ тайлбарыг нь сонссон. Агаарын бохирдолд автомашин 20-30 орчим хувиар нөлөөлж байгаа учраас үүний эсрэг арга хэмжээний тодорхой зардлыг тээврийн хэрэгслээс босгох ёстой гэсэн. Хоёрдугаарт, татвар өндөр байвал хүмүүс машин унахгүй гэх хотын даргын өнцөг байна. Мэдээж зарим орны ийм практик байдаг. Магадгүй манай орон нийтийн тээврээ маш сайн хөгжүүлээд метротой байсан бол хүн бүр машин унаж түгжрэхийг хүсэхгүй. Гол нь бид суурь дэд бүтцийн асуудлаа шийдээгүй шүү дээ. Ийм нөхцөлд иргэддээ албан хүчээр энэ аргыг тохируулах гээд улайраад байна. Мөн иргэддээ гараад шууд алх, эсвэл автобусанд суу гэх сонголтыг тулгаж, шахаанд оруулж, дарамталдаг орон манайхаас өөр алга. Иймэрхүү дарамтлах аргаар иргэдтэйгээ харьцана гэдэг улс төрийн хувьд маш буруу үйлдэл.
-Энэ татварын нэмэгдэл бусад салбартаа нөлөөлөх үү?
-Тийм. Энэ нэмэгдсэн 300 хувь нийт машин унаж байгаа хүмүүсээс гадна аялал жуулчлалд ч сөргөөр нөлөөлнө. Тун удахгүй аяллын сар эхэллээ. Жуулчид ирээд машин түрээсэлдэг. Харин бид дэлхий дээр хаана ч байхгүй машины түрээсийг огцом өсгөж, өндөр үнэлгээтэй болгосон орон боллоо. Ийм байхад манай аялал жуулчлал хөгжинө гэдэг үлгэр. Мөн үүнийг дагаад ачаа тээвэр, барилгын үнэ, барааны үнэ өснө. Дахиад энэ нэмэгдсэн өртгийг иргэд төлнө шүү дээ. Тэгэхээр иргэд 300 хувиар машины татвар нэмж төлөхөөс гадна нэгж барааны өртөг гээд бүх зүйлээрээ гурав дахин хохирч байна. Хамгийн тэнэг нь нийслэл энэ их мөнгийг цуглуулаад ард иргэдийнхээ төлөө юу хийж байна вэ. Хийсэн зүйл нь гэвэл талбай дээр асар бариад хоол хийхэд л зарцуулсан байх. Иргэдийн хөдөлмөр үнэгүйдээд, үргүйдээд хэдхэн хүмүүсийн хоол болж хувирлаа. Үнэхээр татвар нэмэхээс өөр аргагүй байдалд хүрч болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ 300 хүртэлх хувиар нэмнэ гэдэг бол үнэхээр байж боломгүй. Магадгүй 100 хүртэлх хувь буюу нэг дахин нэмж болно. Ард түмнээс санал авалгүйгээр татварыг шууд нэмсэн учраас төл гээд дарангуйлсан.
-Том мотортой машинд илүү татвар ногдуулах нь зөв үү?
-Машинаа зөв ангилмаар байна. Жийп гэх машиныг тансаг хэрэглээтэй хүн унадаг гэх өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Бид нийслэлээс бусад газар шороон замаар явдаг. Энэ бартаатай замыг амь насаа эрсдэлгүй туулахын тулд жийп машиныг хэрэглэдэг. Нэг талдаа өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж буй нэг хэлбэр. Түүнээс биш тансаглал бол биш шүү. Тансаг машин гэвэл 200 мянган ам.доллараас дээш үнэтэйг хэлнэ. Манайд ланд крузер 200 мянган ам.доллар хүрэхгүй. Барагцаагаар 100 мянган ам.доллар байгаа. Бусад нь түүнээс доош үнэтэй. Гэтэл том мотортой машиныг гурав дахин нэмсэн. Жишээ нь, би гэхэд өмнө жил 280 мянга орчим төгрөгийн татвар төлж байсан. Харин одоо даатгалаасаа гадна 900 гаруй мянган төгрөг төлж байгаа. Даатгал ороод ирэхээр хангалттай нэг сая төгрөг төлдөг.
-Авч байгаа татвартайгаа амьдралын чанар тэнцэхгүй байна уу?
-Амьдрах орчин, амьдралын чанар дээшлэх ямар ч үндэслэл алга. Хажуугаар нь давхар, давхар өөр сувгаар ард түмнээ залилдаг. Хуулиас давсан журмаараа дамжуулан иргэдээ дээрэмдэж байна. Ямар судалгаан дээр үндэслээд, ямар үр дүнд хүрэхээр зорьж байгаа нь учир битүүлэг. Хамгийн зовлонтой нь манайх судалгаатай ажил огт хийдэггүй. Хэрэв судалгаан дээр тулгуурласан бол үр дүн, хариуг нь хармаар байна. Ойрын таван жилээ хэрхэн, яаж төлөвлөж байгаа, юуг өөрчлөхийг зорьж буйг нь мэдмээр байна. Нэг өглөө сэрээд гаж хүслээ хангаж байгаа юм шиг шууд шийдвэр гаргадаг. Ийм гаж системд захируулж, дарамтлуулж амьдармааргүй байна. Дэлхийд манайх шиг ямар ч үндэслэлгүйгээр татвараа 300 хувиар нэмсэн улс байхгүй шүү. Мэдээж, автомашины өндөр татвартай орнууд байдаг. Хамгийн гол нь тэр улс орнуудын нөхцөлөөс манай орных тэс өөр гэдгийг ойлго л доо. Тавьж байгаа шалгуур нь хүртэл иргэдээ дэмжсэн байдаг. Дотоодынхоо машинд арай бага, импортоор орж ирсэнд нь илүү өндөр байх жишээтэй. Манайд бол тийм зүйл байхгүй шүү дээ. Бүгд импортоор орж ирж байгаа машин. Хамгийн гол нь монголчуудад өндөр татвар ногдуулах хэмжээний амьжиргаатай бил үү. Сүүлдээ татвараас зугтахын тулд гадаад орны хамгийн муу машиныг авчирч, унах дээрээ тулж байна. Гэтэл энэ нь эргээд техникийн чанараасаа шалтгаалаад эрсдэл үүсгэх боломжтой.
-Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шаардлага байсан уу?
-Аливаа улсын дэд бүтцийг улс нь өөрөө хариуцаж ажиллах ёстой. Мэдээж, дэд бүтцийг ашиглах хүмүүсээс тодорхой хувийг гаргуулах нь зөв. Манай шийдвэр гаргаад байгаа хүмүүсийн гол алдаа нь шууд тэд дахин нэмлээ гэдэг. Тэд дахин гэдэгт л бүх асуудлын учир байна. Бараг таван жилийн ажлыг яагаад нэг өглөөний дотор шийдээд байна вэ. Ядаж ойрын таван жилд зам ашигласны төлбөр хоёр дахин нэмэгдэнэ гэвэл иргэдэд ачаалал бага тусна. Татвараа нэмэхээсээ өмнө яагаад зам эвдрээд байгаа шалтгааныг ол. Бид өөрсдөө стандартаа муу тавиад байгаа юм уу, эсвэл барьж байгаа компанийн алдаа юу.
Үнэхээр даац хэтрүүлснээс болж эвдрэл үүсээд байна уу. Хамгийн түрүүнд эдгээр асуудлуудаа тодорхой болгох хэрэгтэй. Аливаа юм үндэс суурьтай байх ёстой. Тэгэхгүйгээр шууд бүгдийг нэг өнгө болгож байгаад тэнцүүхэн татвар тавиад байхаар өмнөх социалист тогтолцооноос ялгаа алга. Бид огт урагшилсангүй. Харин ухарсаар байна.
А.ДАвААДУЛАМ
Зочин · 3 цагийн өмнө
ZYGAATSI80955877MASSAJI
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDN80955877