А.Итгэлт: Ченжүүд гарал үүслийн бичиг шалгаж үзэхгүй байгаа нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна
2 цагийн өмнө

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлmтэй малын хулгайн гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 229 мал хулгайлах гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Энэхүү тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Хавар, намрын улиралд иргэд малаа алдсан гэх дуудлага ихэвчлэн бүртгэгддэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр малчид хаврын улиралд бод малаа хариулах, маллах нь багасдаг. Жишээ нь, адуу гэхэд өөрөө бэлчээрлээд явчихдаг, эсвэл JPS суулгачихсан, ойрхон уулын аманд байгаа, тэр хавиар л байж байдаг гэх мэтчилэн өөрсдөө хариулахгүйгээр орхичихдог сул талтай. Мөн үхэр өөрөө бэлчээр рүүгээ гараад, буцаад хүрээд ирдэг учраас хонь, ямаа шиг хардаггүй гэх мэт хүчин зүйлээс болоод малчид малаа алдах тохиолдол их байдаг. Хаврын улиралд махны үнэ өсдөг шүү дээ. Иргэдийн хувьд амьд мал гаргаж хэрэглэх нь багасаж, зах, худалдааны төвүүдээс бэлэн мах худалдаж авдагтай холбоотойгоор малын хулгайн гэмт хэрэг түлхүү бүртгэгддэг.
Өнгөрсөн оны хувьд зүүн аймаг буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад малын хулгайн гэмт хэрэг их бүртгэгдэж байсан. Харин он гарснаас хойш Архангай, Хөвсгөл, Увс, Ховд аймгуудад бусдаасаа их бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
-Мал хулгайлах гэмт хэрэг дотроо ямар малыг дийлэнхдээ хулгайлдаг вэ?
-Иргэд адууг их хулгайлдаг гэж боддог шүү дээ. Гэтэл малын хулгайн гэмт хэрэгт дагнасан, онцолсон мал гэж байдаггүй. Үхэр, адуу, хонь, ямаа гээд аль ч төрлийн малыг хулгайлдаг. Он гарснаас хойш Архангай, Хөвсгөл, Увс, Ховд зэрэг аймгууд үхэр, адуу их алдсан. Хонь ямаагаа бага тоогоор алддаг бол үхэр адууг 10-аас дээш тоогоор алддаг. Ченжүүд хулгайч нарыг анзаараад ч гэдэг юм уу хөдөө орон нутгаар явж хямдхан мал худалдаж авдаг. Зарим тохиолдолд гэмт этгээд ченжүүдэд саахалт айлынхаа малаас өгөөд явуулчихсан байдаг. Энэ манай мал гэх байдлаар бэлчээр дээрээс нь өгөөд явуулсан тохиолдол бий. Тэгэхээр таван хошуу малаас адуу, үхэр хулгайлаад бусдыг нь хулгайлдаггүй гэсэн зүйл байхгүй.
-Ямар сэдлээр хүмүүс малын хулгайн гэмт хэрэг үйлддэг вэ. Мөн ченжүүд ч малын хулгайч нартай хамтардаг уу?
-Мал хулгайлах гэмт хэрэг дээр давтан үйлдэх тохиолдол бий. Гэхдээ бусад төрлийн залилах гэх мэт гэмт хэрэгтэй харьцуулахад бүлэг зохион байгуулалтад ороод үйлдэх нь ховор. Судлаад үзэхээр ихэвчлэн тухайн нутагт амьдарч байгаа буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд ченж нартай холбогдоод, хулгайн малаа зарсан тохиолдол өнгөрсөн онд цөөнгүй шалгагдсан. Ченжтэйгээ хуйвалдаж, бүлэг зохион байгуулалтаар үйлдсэн гэж үзэх гэхээр бас үгүй байгаа юм. Махны ченжид дуудлага өгөөд, тэр газарт, тэдэн цагт уулзъя. Би эндээс малаа гаргаад бэлэн болгочихсон байж байна гэхээр нь ченжүүд явж очоод, тээвэрлэлт хийчихдэг. Ерөнхийдөө ченж нар тухайн хүний мал гэж бодоод авчихдаг. Гэхдээ ченж нарын гаргаж байгаа гол алдаа бол гарал үүслийн бичгийг нь ерөөсөө шалгаж үзэхгүй байгаа юм. Энэ нь өөрөө малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна. Гарал үүслийн бичиг цахим хэлбэрт орчихсон гэдгийг мэдсээр байж шаардлага тавьдаггүйгээрээ хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа юм.
-Ер нь иргэд юун дээр анхаарах ёстой вэ?
-Ерөөсөө л бод, бог гэж ялгалгүйгээр тухайн малыг хариулахдаа маллагаатай байх шаардлагатай. Ингэж чадсанаараа малын хулгайгаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн иргэд өвөлжөө, хаваржаа муу байна гээд отор, нүүдлээр яваад, саахалт айлууд болоод буучихдаг шүү дээ. Тиймээс тохиолдлоор саахалт айл болсон хүнээ аль аймгаас, хэчнээн тооны малтай ирсэн, өөрсдийнх нь мал мөн үү, нутгийн уугуул хүн үү гэх мэт мэдээллийг нь цагдаагийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Яагаад гэвэл мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэн ял шийтгэлээ эдлээд дууссан ч өмнөх шигээ хөдөө орон нутагт мал маллаж амьдрах тохиолдлууд байдаг. Түүнчлэн дахин малын хулгайн гэмт хэрэг үйлддэг. Тиймээс тухайн нутаг орны иргэн биш бол, сэжигтэй байвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Яагаад гэвэл саяхан хажуу саахалт айлын хүн нь таван тооны үхрийг нь хулгайлаад, нядлаад, зарж борлуулчихсан хэрэг гарсан. Гэтэл хохирогч саахалт айлын хүнээ хулгайч гэдгийг мэдэлгүйгээр хамт хайлцаад явсан байсан байгаа юм. Хоёр тийшээ салж хайгаад ч огт олж чадаагүй гэх мэтчилэн ийм тохиолдол гарсан учраас саахалт айлынхаа мэдээллийг цагдаагийн байгууллагад өгвөл бидний зүгээс судлаад, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан бол хяналт тавиад, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулна.
-Иргэд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт маш муу гэж ярьж байна. Энэ талаар яривал?
-Мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд том газар нутаг хамарсан гэмт хэрэг учраас цаг хугацаа их шаарддаг. Мал бол хөдөлгөөнтэй амьтан учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед салхи дагаж, өөр айлын малтай нийлээд, дамжаад явчихсан тохиолдол байдаг. Энэ нь тухайн гэмт хэргийг илрүүлэхэд жаахан хүндрэл учруулдаг. Үүнээс болоод иргэд цагдаад мэдэгдэхээр олж, илрүүлж өгдөггүй, хэт удаан байдаг гэж шүүмжлэх тал бий.
-Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулдаг шийтгэлийн талаар яривал?
-Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 3-5 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Ялын төрлийн хувьд зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, биеэр нь эдлүүлэх, торгох гэж заасан байдаг ч практик дээр биеэр эдлүүлэх шийтгэлийг ихэвчлэн оногдуулдаг. Яагаад гэвэл зорчих эрхийг хязгаарлалаа гэхэд тухайн иргэн сумаасаа л гарахгүй байна шүү дээ. Тийм учраас дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй. Нийтэд тустай ажил хийлгэлээ гэхэд энэ үеэрээ дахин мал хулгайлж ч болно. Торгох шийтгэл дээр ч ялгаагүй дахин малын хулгайн гэмт хэрэг үйлдээд, торгуулиа төлөх боломжтой. Тийм учраас биеэр эдлүүлэх буюу хорих шийтгэл оногдуулдаг.
А.ДАВААДУЛАМ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 37 минутын өмнө
SAWI80955877
Бат инженер · 1 цагийн өмнө
Энэ ченжүүд гээчийн ард МАН-ын бас хэдэн том толгой байдаг юм биш биз