Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургаадугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбоотойгоор парламентад суудалтай намууд хэнийг нэр дэвшүүлэх, сонгуульд хэрхэн оролцох талаар шийдэх учиртай.

Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших тодорхой байгаа бөгөөд хэнийг нэр дэвшүүлэхийг парламентад суудалтай намууд  хуралдаж шийдэх юм. Чухам хэзээ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар намуудын байр суурийг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

 

УИХ-ын гишүүн ИЗНН-ын дарга С.Оюун: СОНУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХЫГ АЖЛЫН ХЭСЭГ ШИЙДНЭ

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам хэрхэн оролцох вэ?

-Манай намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохыг судлах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар М.Хүрэлсүх ажиллаж байгаа.

-Танай нам Засгийн газарт байгаа учраас АН-тай хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй гэсэн мэдээлэл  бий. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-АН-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарна гэж заасан байгаа ч хамтрах уу, үгүй юу гэдгийг ажлын хэсэг шийднэ. Ингээд Үндэсний зөвлөлдөх хороонд оруулж ирэх ёстой.

-Үндэсний зөвлөлдөх хороо  хэзээ хуралдах вэ?

-Ирэх сарын 13 сүүлийн хугацаа учраас түүнээс өмнө хуралдана. Одоогоор яг тэдэнд хуралдана гэсэн тодорхой тов гараагүй.

 

МҮАН-ын дарга М.Энхсайхан: АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙГАА

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам хэрхэн оролцох вэ?

-Одоогоор яах эсэх нь тодорхойгүй байна. Намын хурал ойрын хугацаанд болно. Хурлаар яах эсэхээ шийднэ.

-Яг хэзээ хуралдах вэ. Тов гарсан уу?

-Одоохондоо тов гараагүй байна.

-Гэрээний дагуу АН-тай хамтрах уу?

-Засгийн газарт байгаа юм чинь хамтрах магадлал өндөр байгаа.

 

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: АЛЬ НЭГ УЛС ТӨРИЙН ХҮЧИНТЭЙ

ЭВСЭХ ҮҮ, ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ СУДАЛЖ БАЙГАА

 

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, аль нэг улс төрийн хүчинтэй эвсэх үү, үгүй юу гэдгийг судалж, намын бага чуулганд танилцуулах ажлын хэсэг  гаргасан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга  Ц.Цолмон ахалж байгаа. Ерөнхийдөө энэ асуудлыг тун удахгүй тодорхой болгож, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нийцүүлэн ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад  байна.

-Танай намын бага хурал хэзээ болох вэ. Тов гарсан уу?

-Ойрын хугацаанд болно. Яг тэдэнд болно гэсэн тов гараагүй.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь: ЭНЭ САРЫН 8-НД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧЭЭ БАТЛАМЖИЛНА

 

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Энэ сарын 7-нд манай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно. Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм. Харин маргааш нь буюу энэ сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ёсчлон батламжлах намын тавдугаар их хурал болно.

 

Ж.Баттуул