МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд намын дарга М.Энхсайханыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд “сойх” шийдвэр гаргасан. М.Энхсайханы хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол шинэхэн, сонихон зүйл биш гэдэг нь мэдээж.

Тэрбээр Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан. Гэхдээ энэ удаагийнхаас ялгаатай нь тэр үед М.Энхсайхан Ардчилсан намын дар­гаар Р.Гончигдоржийг хүлээн зөвшөөрснийхөө хариуд Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших эр­хийг олж авч байсан юм. Тухайн үед нам нэгт нөхөд нь М.Энхсайханыг эзгүй хойгуур ҮЗХ-ны хурлаа хуралдуулан намын даргын албан тушаалаас нь огцруулж, Р.Гончигдоржийг намын даргаараа сонгож байсан байдаг. Ийм зүйл болохыг урьдчилан таамаглаж байсан М.Энхсайхан Монголд эргэж ирэнгүүтээ намынхаа нөхдийг “Хууль бус шийдвэр гаргасан” гэж үзэн шүүхэд гомдол гаргаснаараа байгуулагдаад удаагүй байсан “Эх орон-Ардчилал” эвслийг тараасан гол буруутнаар нэрлэгдэхэд хүрч байсан билээ.

Гэсэн ч тэрбээр намын даргаар Р.Гончигдоржийг хүлээн зөвшөөрөхгүй шантаажилсныхаа хариуд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх буюу Ардчилсан намынхны “өгөхийг хүсээгүй бэлэг”-ийг өвөртөлж байсан гэдэг.

Харин энэ удаад бол Ерөнхийлөгчид нэр дэвших болсон түүний түүх өмнөх өөсөө огт өөр. Өөрийнх нь байгуулж, “өрх, үүд”-ийг нь татсан МҮАН-д түүнээс өөр лидер байхгүй учраас М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өөр хувилбар байхгүй гэхэд болно. Гэхдээ энэ бүхнийг “ирэх баасан гарагт болох Бүгд хурлаараа баталгаажуулна” гэж МҮАН-ын гишүүд мэдэгдэж буй. Хэрэв МҮАН-ын гишүүд М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр батламжилбал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль сонирхолтой өрнөх магадлал өндөр юм. Учир нь М.Энхсайхан Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болсон одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчтэй өрсөлдөгчийн нэгээр тодрох нь гарцаагүй юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Н.Энхбаярын хүчтэй өрсөлдөгчөөр тодорч байсныг хүмүүс мартаагүй байх. Гэхдээ түүний хамгийн том алдаа нь “Эх орон-Ардчилал” эвслийг задлахад гол үүрэг гүйцэтгэсэн явдал нь. Өөрөөр хэлбэл, тухайн үед нөхцөл байдал М.Энхсайханы талд гэхээсээ илүүтэй Н.Энхбаярын талд байсан учир тийм асуудал үүссэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намынхныг “Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэж зүтгэхээсээ илүүтэйгүүр намынхаа дотоод дахь хурцадмал байдлыг намжаахыг хүссэний үндсэн дээр М.Энхсайханыг золиосолсон” гэлцэх нь ч бий. Тиймээс түүний “эвслийг задалсан” гэх дээрх алдааг тодотгохын хэрээр Ардчилсан намын нэр дэвшигчид өгөх сонгогчдын санал хуваагдаж, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр илт давуугаар ялалт байгуулсан юм. Тухайн үед сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараагүй байхад М.Энхсайхан, Н.Энхбаярт баяр хүргэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хурал хийж байсан удаатай. Энэ бүхэн нь намынхныхаа төлөвлөгөө болон өөрийн буруу үйлдлийг мэдэрснийх ч байж болох талтай.

Тиймээс л М.Энхсайханыг “Ерөнхийлөгчийн 2013 сонгуульд өрсөлдөхгүй. Ердөө л Ц.Элбэгдоржийг шантаажилж байна” гэсэн утга бүхий мэдээллийг цацаж эхэлсэн бололтой юм. Харин М.Энхсайханы хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч бай, ялагдсан ч бай өрсөлдөж, Ардчилсан намаас өөр намд ч гэсэн ардчилал бий гэдгийг харуулах зорилготой гэсэн. Энэхүү зорилгоос нь гадна одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариугаа авах гэсэн чин хүсэл эрмэлзэл нуугдаж байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн 2005 сонгуульд өөрийг нь дэмжээгүй тухайн үеийн нам нэгт нөхөд буюу одоогийн Ардчилсан намынхан болоод одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хариугаа авах хүсэлтэй байгаа ч юм билүү хэн мэдэх билээ. Үүний тулд тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд л хангалттай гэж үзэж байгаа бололтой. Учир нь М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших аваас Ардчилсан намаас нэр дэвшигчийн саналыг хуваана гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болсон. Түүнд дургүй хүн тийм ч цөөхөн биш. Тиймээс М.Энхсайхан Ц.Элбэгдоржид дургүй хүмүүсийн сонголт болж таарах гээд байгаа юм.

 

Р.Сарангоо