Оюутолгой компани ус ашиглах эрхгүй болжээ. УИХ-аас 2012 онд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг баталсан. Үүгээр уул уурхайн компаниудын ус ашиглах төлбөрийн хэмжээг тогтоожээ.

Гэтэл хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад төлбөрөө төлөхгүй байсан тул энэ оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсгээс тус компанид усны нөөц ашигласны төлбөрөө цаг тухайд нь барагдуулж байх үүрэг өгсөн байдаг. Үүнийг ч мөн үл тоосон учир орон нутгаас шийдвэр гаргаж Оюутолгойн уурхайд ашиглах усны эх үүсвэрийг өнгөрсөн баасан гарагаас эхлэн хаахаар болжээ. Энэ бол орон нутгийн шийдвэр. Өөрөөр хэлбэл “Оюутолгой” компани Монгол Улсын хуулийн дагуу зөвхөн усны төлбөрт л гэхэд 2.9 тэрбум төгрөг Өмнөговь аймагт төлөх ёстой. Тэдэнд иргэдийн усны хэрэглээнээс хоёр дахин хямд үнээр ус ашиглахыг зөвшөөрөхөөс илүү яах ёстой юм бэ.

Дараагийн жишээ. “Үйлдвэрчний эвлэлийн” гэгддэг байсан С.Ганбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш түүний дүү С.Гантуяа гэх эмэгтэй олны танил болсон.

 

Гэхдээ “од” болчихсон хэрэг биш. Харин ч “Оюутолгой” компанид ажилладгийнхаа төлөө “ад” болох шахсандаа тэр. Эхлээд хэргийн учрыг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа гэх талаас бус “Оюутолгой” компанид төслийн менежментийн мэргэжилтнээр ажилладаг жирийн монгол эмэгтэй шударга ёсыг хүссэнийхээ төлөө ямар эсэргүүцэлтэй тулгарав гэдэг өнцгөөс харцгаая. Учир нь тэр бол бие даасан үзэл бодолтой хувь хүн бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү болж төрсөнийх нь төлөө буруутгах аргагүй.

Өнгөрсөн хугацаанд С.Гантуяа гэдэг бүсгүй өөрийн ажилладаг “Оюутолгой” компанийнхаа удирдлагуудад хандан Монгол Улсын болон Олон улсын конвенцид нэгдсэнээ ухамсарлаж монгол, гадаад ажилтнуудын цалинг эрс ялгаатай тогтоосон, монголчуудтай илт хүндэтгэлгүй харьцаж айлган сүрдүүлдэг гэх зэрэг алдаагаа засахыг шаардсаар ирсэн. Үүнийг тэнд ажилладаг бусад ажилтан ч хэлдэг боловч С.Гантуяагийн дайтай эр зориг гарган олон нийтэд дэлгэж байсангүй. Эдүгээ тус компанийн төв офиссоор ороод гарахад л монголчууд гадаад ажилтнууддаа мэхийх нь холгүй хүндэтгэл үзүүлж толгой гудайдаг, айж эмээсэн байдалтайгаар ажлаа хийдэг зэрэг ялгавартай байдал ажиглагддагийг хэн ч хэлэх биз ээ. Уг нь бид эх орондоо ажиллаж амьдарч байгаа. Тэр тусмаа баялгаа ашиглуулж байгаа эздийн хувьд тэдний өмнө тэргүүнээ гудайлгах ямар зэмтэй юм бэ.

Оюутолгойн гэрээг байгуулсан цагаас хойш монголчууд хөрөнгө оруулагчдад хангалттай итгэл найдвар хүлээлгэж, хүндэтгэж, олон ч гэм зэмд нь ууч сэтгэлээр хандсан. Монгол төрийн түшээд хүртэл тус компанийг “дэмждэг” ба “эс дэмждэг” гэх хоёр том хэсэгт талцан хуваагдсан. “Итгэе, дэмжье, болгоё, бүтээе” гэсэн сэтгэл өвөрлөсөн хэсэг нь иргэддээ хардуулж урвагч мэт харагдсан бол “Тэд анхнаасаа гэрээнд тусгасан хувьдаа хүрэхүйц монгол ажилчдыг авч ажиллуулахгүй байна”, “Олон зүйл дээр шударга бус хандлаа” гэх зэргээр үнэнийг хэлдэгүүд нь “Эдийн засгийн дайсан” гэгдэхдээ тулснаас эхлэн олон асуудал бий. Харин одоо байдал тэс өөрөөр яригдана. Юу гэвэл Монголын шүүх байгууллага, тухайлбал Сүхбаатар дүүргийн шүүхээс “Оюутолгой” компанитай холбоотой асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд эцсийн шийдвэрээ иргэн С.Гантуяагийн талд гаргасан. 

Дөрвөн сарын дотор таван удаа хойшилсон шүүх хурлын шийдвэр олон монгол хүнийг баярлуулсан. “Монголын шүүх эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд л үйлчилдэг” гэх гутранги бодлоосоо ангижрах нэг ч атугай шалтгаан олсондоо, шударга ёсыг эрж хайсан монгол эмэгтэй ялсанд монголчууд баярласан юм.  Шүүх хурлаас С.Гантуяаг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзсэн бөгөөд ажилгүй байсан хугацаан дахь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хураамжийг “Оюутолгой” компаниас төлүүлэхээр болсон. Түүний ард Монголын төр иргэнээ хамгаалдаг хууль байсан учраас Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүртэл хандсан. Үүний дараа Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ажлын хэсэг байгуулан С.Гантуяагийн тавьсан асуудлыг шалгуулсны эцэст үнэн бодит байдалд нийцсэн болохыг тогтоосон юм. Ерөөсөө Монголын төр, Шинэчлэлийн Засгийн газар бараг бүхлээрээ иргэнийхээ талд зогссон гэж хэлж болно. Ингээд ялсан.

Уг нь С.Гантуяа гэдэг эмэгтэй ажлаас халагдсандаа л өсөрхөж хорсоод, өлсөж цангаад шүүхдэлцээд явсан хэрэг биш. “Оюутолгой” компанийнхан монгол ажилтныхаа тоог нэмж мэдээлдэг. Ямартай ч тэнд хэдэн монгол хүн ажилладаг байсан ч тэр бүхэн С.Гантуяад баярлаж байгаа биз ээ. Тэрбээр Монголын хамгийн том төсөл дэх “бэтэг, хатиг”-ийг шахаж олон нийтэд илчилсэн. Тэнд ажиллаж буй монгол хүмүүс хэрхэн адлагдаж, УИХ-ын баталсан хуультай эн тэнцэхүйц эрх бүхий хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж буй тухай үнэнийг эхлээд компанийн удирдлагууддаа хандан захидал бичиж илэрхийлсэн. Үүнийхээ төлөө зургаахан хоногийн дотор ажлаасаа халагдсан. Энэ юу вэ. Дарангуйлал уу, доромжлол уу. Дэлхийд нэр хүндтэй гигантууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг “Оюутолгойчууд” Ардчилсан Монгол Улсад ажиллаж байгаагаа мартав уу. Эсвэл Монгол Улсын хууль тогтоомж тэдэнд хамаарахгүй гэж ихэрхэж байна уу.

Саяхан болтол Монголын ард түмэн ч, хэвлэл мэдээллийнхэн ч “Оюутолгой” компанийн их бүтээн байгуулалтын ажлыг олон алдаанаас онцгойлон дөвийлгөж, тэдэнд итгэсэн, урам хайрласан. Тус компанийн албан ёсны сайтаас голдуу мэдээлж олон нийтийн сэтгэл зүйг цочроож сэвтээхгүй, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг хүссэндээ тэр. Гэтэл тэд даварсаар байна.

Ийнхүү Монгол Улсын иргэнийг хохироож гадны хөрөнгө оруулалттай компанийг өмөөрдөггүй, орон нутагт хуулийн дагуу төлбөрөө төлөхгүй бол ус ашиглаж болдоггүйг “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчид “мэдэж авлаа”. Өөр мэдэж авах зүйл байвал цаг хугацаа, асуудал хангалттай бий. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулснаас үл шалтгаалан Монголын газар нутаг дээр Монгол Улсын хууль тогтоомжууд үйлчилнэ. Усаа хаалгасан Оюутолгой компанийн улс төрийн хамгаалалтыг ч хаая Одоогоор ус ашиглах эрхээ хаалгаж монгол эмэгтэйг ажилд нь буцаан авсан Оюутолгойн хөрөнгө оруулагчдад хуулиа уншихыг л  зөвлөхөөс дөө.

 

У.Оргилмаа