Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долдугаар сард бас нэмсэн шүү дээ. Өнөөдрийн байдалд зөв шийдвэр байж чадсан уу?

-Эдийн засагт үүрлэсэн өвчнийг анагаахаар авсан арга хэмжээний л нэг. Монголын эдийн засагт тулгарч байгаа хамгийн том асуудал нь төлбөрийн тэнцлийн алдагдал болчихоод байна. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 онтой харьцуулахад 5.6 дахин багассан. ДНБ-ий 40 хувийг эзэлдэг байсан шууд хөрөнгө оруулалт долоон хувиас ч бага болчихлоо. Үүнтэй зэрэгцэн манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ 50 хувиар багасч,  гадаад валютын орох урсгал эрс муудсан. Энэ байдал нь нэг талаас төгрөгийн ханшийг сулруулж, импортын инфляцийг нэмэгдүүлсэн бол нөгөө талаас эдийн засаг дахь санхүүгийн эх үүсвэрийг хомсдуулах замаар нийт эдийн засгийг удаашруулж байна. Тиймээс валютын ханшийн нөлөөгөөр өссөн суурь инфляцийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэ арга хэмжээг авсан юм.  

-Гэхдээ энэ шийдвэр үйлдвэрлэгчид, бизнесийнхэнд хатуухан тусахгүй юу. Банкуудын зээл хумигдсан ийм үед зээлийн хүү өсөх магадлалтай биш үү?

- Харин ч мөнгөний бодлогын энэхүү шийдвэр нь дунд болон  урт хугацаанд инфляцийг бууруулж, үүний үр дүнд банкны зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр хувийн хэвшилд учраад байгаа хүндрэлийн бодит шалтгаан нь мөнгөний хатуу бодлого биш, харин гадаад валютын эх үүсвэрийн хомс байдал, тэр нь сүүлийн 2-3 жил дарааллан үргэлжилсэн сөрөг орчин юм. Эдийн засагт үүрлэсэн өвчнийг анагаах хамгийн чухал алхам бол мэдээж яаж ийм өвчтэй болсноо түргэн эмчилж эдгэрүүлэх явдал. Үүний тулд мэдээж гадаад валютын орох урсгалаа нэмэгдүүлэх, ДНБ-ий долоон хувьтай тэнцэх хэмжээнд болтлоо огцом буурчихаад байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаа сэргээх хэрэгтэй. 

-2015 оны төсвийн орлогыг 17 хувиар өсгөж тооцлоо. Гэвч хөөсөрсөн төсөв зохиогоод алдагдал нь улам нэмэгдсээр байна. Энэ нь инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан гэдэг. Гэтэл үүнийг дуугүй хараад мөнгөний бодлогоо өөрчлөөд байж болох уу. Энэ хоёр уг нь нэг зорилготой явах ёстой биз дээ?

-Төсвийн зохистой бодлого баримтлах чиглэлд эерэг өөрчлөлт гарч, 2015 оны төсвийн орлого, зардлыг бууруулж, төсвийг илүү бодитой болгох алхам хийгдэж байна. Мөн улсын нэгдсэн төсөвт Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтуудыг оруулж тооцдог болж байна. Төсвийн хөөсийг тодорхой хэмжээнд шахаж байна. Гэхдээ л төсөв алдагдалтай хэвээр байна. Тэр алдагдал нь инфляцийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзээд мөнгөний бодлогод зохих өөрчлөлтийг хийсэн. Төсөв, мөнгөний бодлогын уялдаа нь эцсийн эцэст инфляц дээр л очиж хангагдана.

-Тэгвэл 2015 онд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, төсвийн зардал багасахгүй байвал Монголбанкинд ямар сонголт үлдэх вэ?

-Монголбанк мэдээж зүгээр хараад суухгүй. Хийх ёстой ажлаа хийгээд л явж байна. Валютын орох урсгал дээр эерэг өөрчлөлт гарахгүй нөхцөлд эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн төлөө хийж буй нэг алхам нь саяын бодлогын хүүний өөрчлөлт юм. Өнгөрсөн хоёр жилд юу болсон бэ гэдгийг эргээд харья. Монгол Улсад төлбөрийн тэнцлийн хүндрэл 2012 оны сүүлээс эхэлсэн. Тэр үед Монголбанкны өмнө зөв сонголт хийх шаардлага тулгарсан. Зүйрлэж хэлбэл онгоцноос шүхэртэйгээр бууж, эдийн засгаа зөөлөн газардуулах сонголтыг Монголбанк хийсэн. Үүний нөгөө талд ямар сонголт байсан бэ гэвэл шүхэргүйгээр шууд үсрээд, эдийн засаг огцом уналтад орох буюу бяцрах аюул байсан. Монголбанк сүүлийн хоёр жилийн турш эдийн засгийг зөөлөн газардуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Ингэснээрээ эдийн засагт бүтцийн өөрчлөлт гаргах боломжийг нь олгож, шаардлагатай тохиргоог нь хангаж өгч, ДНБ-ийг агшуулаагүй, хэдэн зуун мянган хүн ажилгүй болох аюул байсныг бид тойрч гарсан. Энэ бүхний үр дүнд жил бүр 2 тэрбум ам.долларын алдагдалтай байдаг байсан гадаад худалдаа тэнцвэржиж, 2014 онд 540 сая ам.долларын ашигтай боллоо. Дотоодын үйлдвэрлэл сэргэх нөхцөл бас бүрдэж байна. Жишээ нь барилгын материалын импортын хэмжээ жил бүр 600 гаруй сая ам.доллар байдаг байсан тэр л хэмжээндээ байна. Гэтэл ашиглалтад орсон орон сууцны нийлүүлэлт 2014 онд 2012 онтой харьцуулахад 2.3 дахин өсөөд байна. Энэ нь орон сууцны барилгын нийлүүлэлтэд дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн хувийн жин илт нэмэгджээ гэсэн үг шүү дээ. Инфляц 2012 оны эцэст 14 хувь байсан бол одоо 11 хувь болж буурлаа. Инфляцийн бүтэц дотор хүнсний барааны үнийн өсөлт маш бага болж, бага, дунд орлоготой иргэдийн халаасыг хоосолдог байсан тэр сөрөг нөлөөлөл багаслаа. Одоо төлбөрийн тэнцэл сайжрахад л валютын ханш илүү тогтвортой болно, ингэснээрээ дахь валютын ханшийн тэр их нөлөөлөл буурч, нийт буурна гэж үзэж байна. Эдгээр нь муу өөрчлөлт биш, харин ч эрүүл, эерэг өөрчлөлт гэж харж байгаа.

Онгоцноос шүхэргүйгээр шууд үсрэх сонголт байсан уу гэвэл байсан. Тэр тохиолдолд Монголбанк эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийхгүйгээр бодлогын хүүгээ нэмэгдүүлэх буюу мөнгөний бодлогоо чангалах байсан. Хэрэв тийм сонголт хийсэн бол өнөөдөр мах, гурил, шатахууны үнэ хэд болох байсан бэ. Хэдэн мянган хүн ажилгүй болох байсан бэ. Хэдэн мянган дотоодын аж ахуйн нэгж, хэдэн арилжааны банк дампуурах байсан бэ. Валютын ханш хэд болох байсан бэ. Нийгэм, эдийн засгийн ямар гүнзгий хямрал нүүрлэх байсан бэ гэдгийг бодох л хэрэгтэй. Үнэндээ Монголбанк эдийн засагт дутагдаад байсан мөнгөний нийлүүлэлтийг нөхөх алхам 2013 онд хийгээгүй байсан бол бид 2013-2014 онд ДНБ-ий өсөлттэй биш, харин хасах болчихсон явж байх байсан.

-Ам.долларын ханш одоогийнхоос ч илүү чангарах байсан уу?

-Тиймээ, эдийн засгийг зөөлөн газардуулах сонголтыг биш, харин огцом уналт хийж бяцрах сонголтыг Монголбанк хийсэн бол нийгэм, эдийн засгийн гүнзгий хямрал бий болох байсан гэж түрүүнд хэллээ. Энэ тохиолдолд эдийн засгийг торгоох амь тариа байхгүй шүү дээ. Тийм үед эдийн засгийн үйл ажиллагаа бүрэн зогсоно. Тийм хямрал болсон бол ханшийн хэлбэлзлийг зөөллөх ямар ч боломж байхгүй, хяналтаас бүрэн гарч огцом савлах байсан. Эцсийн эцэст тэр бүхний нөлөөлөл нь эдийн засгаа огцом агшуулах сонголт дээр л очиж буух байсан. Аль ч улсын мөнгөний бодлого хэрэгжүүлэгч байгууллага нь  аливаа шийдвэртээ макро өнцгөөс хардаг. Монголбанк аливаа бодлогын шийдвэрийг ирээдүйд чиглэсэн, эрсдэлийг урьдчилж тооцсоны үндсэн дээр л гаргадаг.

-Монголбанкны баланс хэдий хэмжээний алдагдалтай байгаа байгаа вэ?

-Төлбөрийн тэнцлийн хямралын үед эдийн засгаа тогтворжуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Монголбанк тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд мэдээж бодлогын зардал гардаг. Төв банк үнэт цаас гаргаж байна гэдэг нь түүнд хүү төлөх учраас бодлогын зардал болж тэнцэл дээр бичигддэг. Хэдийгээр энэ бүхэн нь Төв банкны тэнцэлд бодлогын зардал боловч, нөгөө талаар иргэд, нийт эдийн засаг, санхүүгийн салбартаа бодлогын дэмжлэг болж очсон. Дашрамд хэлэхэд Монголбанкны тэнцэл дэх бодлогын зардал зөвхөн сүүлийн хоёр жилд бий болчихоогүй, өмнөх жилүүдээс өвлөгдөж, уламжлагдаж, хуримтлагдаж ирсэн алдагдал ч бий.

-Монгол Улс голланд өвчнөө анагааж чадахгүй л байна. Гадаад хүчин зүйлүүд муудаад эхлэнгүүт  өвчний байдал улам архагшиж байна?

-Монгол Улс 2012 онд голланд өвчинд аль хэдийнэ нэрвэгдчихсэн байсан. Сүүлийн жилүүдэд экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь нь уул уурхайн салбарт орж байсан. Орлого сайтай үедээ түүнийгээ хуримтлуулахгүй, харин хэрэглээг дэмжиж замбараагүй зарцуулдаг байсан. Валютын ордог урсгал сайтай үед төгрөгийн бодит ханшаа байнга чангаруулж ирсэн. Ийм үед гадаад сектор муудаад эхлэнгүүт эдийн засаг маш хүндээр өвчилдөг, нуугдмал шинжтэй байсан өвчнүүд ил гарч ирдэг. Ирээдүйн тогтвортой хөгжлийг бий болгохын тулд бид энэ өвчнөө эмчлэхээс өөр гарц байхгүй. Энэ нь маш их цаг хугацаа, хүч чармайлт, тууштай бөгөөд зөв бодлого шаардана. Гэхдээ үүнийг эхлүүлэх л хэрэгтэй. Ядаж нийт экспортын 30 хувь нь уул уурхайн бус салбарын нэмүү өртөг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээс бүрддэг болох хэрэгтэй байна. Голланд өвчнийг эмчлэх, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой орчин хэрэгтэй. Мөн гадаад валютын тогтвортой эерэг урсгалтай болох хэрэгтэй. Төлбөрийн тэнцлээ сайжруулж байж л үүнийг хийх, эхлүүлэх боломжтой болно.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг янз янзаар хүлээн авч байна. Чиглэсэн салбарууддаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж чадсан гэх ч нөгөө талаас эдийн засагт их мөнгө оруулаад хямралд түлхэц боллоо гэсэн шүүмжлэл салсангүй?

-Энэ туйлын ташаа ойлголт байна. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол эргээд зөөлөн газардалтын эсрэг сонголтын үр дагаврууд бий болох байсан шүү дээ. Инфляц 30 хувьд хүрч, ажилгүйдэл газар авч, шатахууны үнэ тэнгэрт хадаж, иргэд маань махаа худалдаж авч чадахгүйд хүрч, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуримтлал хийдэг өрхийн тоо 60 мянгад хүрэх байтугай орон сууцны зээлийн үлдэгдэлтэй байсан 28 мянган өрх төлбөрийн чадваргүй болох, улмаар хөрөнгөө алдах, банкууд дампуурах, иргэд, хувийн хэвшлийн хөрөнгө үнэгүйдэх байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь төлбөрийн тэнцлийн хямралын үед нийт эдийн засагт маш том түлхэц, хамгаалалт болж өгсөн. Нөгөө талдаа дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон зээлүүд нь цаанаа барьцаа хөрөнгөтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Иргэдийн хувьд гар дээр авч байгаа цалин, худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний үнээр эдийн засгийг ойлгож байна. Байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрч, цомхотгол хийж байна. Үнэхээр хямрал нь болчихсон юм шиг. Макро эдийн засаг, онолын түвшиндээ эдийн засгийн хямрал нүүрлэсэн байна уу?


-Эдийн засгийн өсөлт удааширсаар байна. Гэхдээ хасах утгатай болчихоогүй байна. Хасах утгатай болгохгүй гэж Монголбанк сүүлийн хоёр жилийн турш эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авсныг дахин хэлье. Одоо 6-7 хувийн өсөлттэй байгаа эдийн засгаа бид энэ онд дахин тогтворжуулах хэрэгтэй болоод байна. Гэхдээ мөнгөний бодлогоор биш, харин төлбөрийн тэнцлийг сайжруулах замаар. Хэрэв тэгж чадахгүй бол эдийн засгийн өсөлт дахин саарна. Улмаар эдийн засаг өсөлтгүй зогсонги болох, бүр даамжирвал хасах өсөлттэй буюу агших аюул бий. Хэрэв тийм зүйл тохиолдвол үүнийг эдийн засгийн хямрал гэж хэлнэ. Хамгийн ойрын жишээ нь 2008-2009 оны хямрал байна. Тухайн үед 2008 онд гадаад актив 49 хувиар буурч, түүнийг дагаад 2009 онд дотоод актив 15 хувиар буурч, зээлийн тасалдал бий болж, банкууд дампуурч, нийт зээлийн 20 хувь нь чанаргүйдэж, маш богино хугацаанд 80 мянган хүн ажилгүй болж, 2009 онд эдийн засаг 1.3 хувиар агшиж байсан. Тэр үетэй харьцуулбал сүүлийн хоёр жилийн бодлогын үр дүнд бид хямралын эрсдэлийг тойрч гарч чадсан. Гэхдээ эдийн засгаа тогтвортой аваад явах уу, эсвэл агшуулах уу гэдэг сонголт өнөөдөр Монголын эдийн засагт бас л тулгарч байна. Эдийн засгийг агшуулахгүй байх нь хамгийн зөв сонголт. Үүний тулд нэг талаас төсөв, мөнгөний бодлого хоёулаа эдийн засгийн тэнцвэрийг хангахад чиглэж байгаа. Тэгвэл нөгөө талаас эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага хэвээрээ байна. Хүндрэл яагаад бий болсон бэ. Тэр шалтгааныг нь засч байж хүндрэл арилна. Валютын орох урсгал огцом буурсан энэ сөрөг хандлага гурав дахь жилдээ дарааллан үргэлжилж байгаа. Үүнийг засч, өөрчилж байж л эдийн засгийн хүндрэлүүдээс гарна.

 Зууны мэдээ сонин

Б.Солонго