Биологич Т.Лхагвасүмбэрэл: Найзууд минь “хэзээ хотод ирэх вэ” гэж их асуудаг
2015/11/27
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны уугуул ирвэс хамгаалагч, биологич Т. Лхагвасүмбэрэл саяхан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 2011 онд түүнтэй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч уулзаж, ярилцаж байжээ. Тэрхүү ярилцлагыг хүргэж байна.
Тост уулан дахь Ж.Цэрэндэлэгийн нэрэмжит хээрийн судалгааны төвийн биологич Т.Лхагвасүмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр 2008 онд МУИС-ийн биолиогийн ангийг төгсөөд л хөдөөг зорьсон нэгэн. Залуу хүн бүхэн хот руу тэмүүлж байхад түүний сэтгэлийг их говийн Тост хайрхан татжээ. Тэрээр цоохор ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын талаар судалгаа хийж байгаа юм.
-Хүн бүхэн хотын соёл руу тэмүүлж байхад өөрөө хөдөөг зорьжээ. Мэргэжлийн тань онцлог уу?
-Найзууд минь “Чи хэзээ хотод ирэх вэ, хөдөө хэцүү байна уу” гэж асуудаг юм. Би Тост уулын судалгааны багт ажиллаад гурван жил болж байна. Сэтгэл тайван, судалгаандаа өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Тэгээд ч судалгааны багийнхан хөдөө ажиллах боломжоор маш сайн хангадаг болохоор санаа зовох зүйл байдаггүй.
Цоохор ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын талаар судалж байгаа гэсэн. Судалгааны ажиламжилттай биз?
-Цоохор ирвэсийн гол идэш бологч янгирын хамгаалал, өнөөгийн байдлын талаар судалдаг. Тодорхой үр дүнд хүрч амжаагүй байна. Үүний зэрэгцээ ирвэсэнд автомат камер хэрхэн суурилуулах, мөн хаягийн судалгаа хийж байгаа. Энэ бүхэн дээр үндэслэн янгирын судалгааг яаж хийх талаар гарц хайж байна. Өнгөрсөн хугацаанд арваад ирвэс хүзүүвчилж, Тостын нуруунд байгаа цоохор ирвэсийн тоо толгойг 20-25 гэж тогтоосон.
-Хүний хөлөөс хол, уулын бэлд амьдрахад байгалийн сайхнаар бахархах сэтгэл төрдөг байх. Их говийн юунь сэтгэл хөдөлгөдөг вэ?
-Монголын говь үнэхээр сайхан. Тэр дундаа Тост уул өөрийн гэсэн байгалийн онцлогтой нутаг. Өвөг дээдэс минь газар нутгийн нэрийг учир утгатай өгч байсан юм билээ. Хад чулуу нь тос даагаад үнэхээр сайхан байгаа биз. Нүд үл хүрэм уудам хөндийд ирвэс аргаль ,янгир идээшилсэн, шовх ноён өндөрлөгүүдтэй уул байна гэдэг гайхамшиг юм.
Таныг нутгийнхан Тост уулын даваа, гүвээ бүрийг андахгүй гэж байсан. Асга хад, гуу жалга бүхэн нэртэйбиз?
- Энэ уулын ам салаа болгоноор явж судалгаа хийсэн. Тийм болохоор мэдэхгүй газар үгүй. Анх газрын нэрийг нутгийнхнаас асуудаг байсан бол одоо тэд надаас асуудаг болсон. Тост ууланд Саарагч, Хярын хацавч гэдэг нэртэй газар бий. Тост ууланд яваа бүхэн энэ газраар явж өнгөрдөг болохоор нутгийнхан түүнийг 22-ын товчоо гэж нэрлэдэг юм. Мөн манайхтай залгаа Сэврэй сумын нэрийг тонгоруулан уншихаар ирвэс болно. Өвөг дээдэс минь ирвэстэй гэдгийг мэдэгдүүлэхгүйн тулд Сэврэй гэж нэрлэсэн гэх хууч яриа ч байдаг.
- Тост ууланд 10 гаруй жил ажиллахтөлөвлөгөөтэй гэсэн. Ямар зорилготавьж байна. Цоохор ирвэсийнсудалгаагаа үргэлжлүүлэх үү?
- Зорилго маань тодорхой. Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж үлдэхийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
-Та энэ газрын туслах хилчнээр ажилладаг гэсэн. Туслах хилчний үүрэг юу байдаг юм бэ?
- Бид хилийн бүс нутагт ямар нэгэн зөрчил гарахаас сэргийлдэг. Хулгайн ан, уул уурхай гэсэн хууль бус зорилготой хүмүүсийг саатуулж ойролцоох хилийн заставт мэдэгдэх үүрэгтэй.
Хятадын хилтэй ойрхон болохоор хэрэг, зөрчил гардаг уу. Таныг эх оронч үзэлтэй залуу гэж нутгийнхан үнэлдэг юм билээ?
- Сайхан эх орноо бид л хамгаалах ёстой. Сүүлийн үед уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа болохоор түүний үр дагавар ч бидэнд мэдрэгдэж байна. Монголын нутаг дэвсгэрт хятадын дугаартай машин нэвтрэх эрхийн бичиггүй давхиж явдаг тал бий. Нэг юм уу, хоёр монгол хүн суулгачихсан “Бид газар үзэж явна” гээд явж байдаг. Тэгэхэд манай монголчууд хятадын хил рүү машинтайгаа орох ч эрхгүй. Эндээс зүгээр л дүгнэлт хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.
-Залуусын талаар юу гэж боддог вэ. Тэдэнд хандаж юу гэж уриалмаар байна?
-Залуус төв суурин газар бараадаж амьдрах болсныг буруутгах аргагүй. Гэхдээ зөвхөн хотод амьдрал байгаа юм шиг сэтгэж болохгүй. Хөдөөд сайхан амьдрах боломж, бололцоо их байна. Би хөдөө нутгаас хэзээ ч залхаж байгаагүй. Яагаад гэвэл бурхан надад хийж бүтээ гээд энэ сайхан газрыг хайрласан. Энэ нутгаа хайрлах хамгаалах нь одоохондоо миний амьдралын утга учир.
-Аав тань биологич болохоор таны үзэл бодол, амьдралын мөн чанарт нөлөөлсөн байх?
- Би Хөвсгөл нутгийн хүн. Анх говьд ирэхэд халуун нар шараад, мод байхгүй, ус нь хүртэл хязгаарлагдмал хэцүү байлаа. Хүн байгаль орчиндоо амархан дасдаг юм билээ. Бага байхаас аавыгаа дагаж явдаг. Хөдөө явж, амьтдын тухай асууж заалгаж явсаар нэг л мэдэхэд энэ мэргэжилд сонирхолтой болчихсон. Аав минь Хорьдол Сарьдагийн нурууны хөхтөн амьтанг судалдаг. Ээж байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг. Харин дүү нар маань өөр мэргэжлээр сурч байгаа.
-Хөвсгөл судлах зүйл олонтой нутаг. Төрсөн нутагтаа судалгаа хийж болоогүй юм уу. Өмнөговь, өндөруулын эзэн хоёрын юу нь сэтгэлийг тань татсан юм бэ?
-Цоохор ирвэс дэлхийн 12-хон орны нутагт тархсан тоо толгой харьцангуй цөөн амьтан. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Тийм болохоор энэ амьтныг хамгаална гэдэг түүний амьдарч байгаа газар нутаг уул ус, ургамал амьтан, энэ бүгдийг хамгаална гэсэн үг. Маш гоёмсог үстэй, урт биетэй, цаст өндөр уулын эзэн байдгаараа гайхамшигтай. Нэг гайхамшгийг мэдэрч үзэх гэсэн хүсэл минь намайг хөтөлсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2015/11/27
Hairlan zaluu haramsaad haramsaad barahgui ymaa uuriin erehgui l nulimas garaad bhiin unen saihan setgel
Зочин · 2015/11/27
тамираа · 2015/11/27
хайран сайхан залуу,харамсаад харамсаад барашгүй