Монгол Улс нэг хүнд ногдох эмнэлгийн орныхоо тоогоор дэлхийд маш дээгүүр ордог. Нэг хүнд ногдох эмчийн тоогоор ч дэлхийд бараг л наамбар ван.. Юун Америк, Англи, Япон, Солонгос... Яршиг цаашаа.

 

Эмч мэргэжилтнүүдийн маань мэдлэг боловсрол ч тийм муу биш. Тэгсэн мөртлөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд, Их хурлын гишүүд, сайд нар үргэлжлүүлээд жирийн иргэд нь хүртэл жил бүр зуу шахам мянган хүн гадаадад оношлуулах, эмчлүүлэхээр явж байх юм. Эмнэлэгт хэвтэх гэхээр ихэнх эмнэлэг бөөн оочертой. Хавар бол бүр эмнэлэгт хэвтэх талаар санахын ч аргагүй.

 

Борооны дараах мөөг шиг энэ олон эмнэлгээ эмнэлэг шиг эмнэлэг болгох, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар эрүүл мэндийн үе үеийн сайд, дарга нар боломж олдох бүрийд мөхөс би өөрийн санал бодлоо хэлж үзсэн дээ. Ихэнх нь ойшоодоггүй, ойлгодоггүй юм. Ойлгосон зарим нь багагүй хугацаа, хүч зарцуулах төвөгтэй ажлаас бэрхшээдэг, хүмүүсийн хэл амнаас айдаг, зарим нь ч амиа, намаа боддог, дараагийн сонгуулиа л гэдэг юм билээ.

 

Эмнэлгээр явахаар зарим өрөө тасалгаа нь эмнэлэг мөн үү гэж бодогдоно. Өвчтэй хүмүүсийн идэж уух хоол тусдаа. Ихэнх өвчний үед хоол идэх дуршил эрс буурдаг. Бие махбодь маш нарийн зохион байгуулалттай, гайхмаар ухаантай, өөрөө бүхнээ зохицуулж байдаг.

 

Өвдөх үед ихэнхдээ бүх эрч хүчээ хоол боловсруулах биш өвчинтэй тэмцэхдээ зориулж байгаа нь тэр. Гэтэл манай эмнэлгүүдээр оройхон явахаар бууз хуушуур, өөхтэй тарган мах гээд эрүүл хүнд ч хүнддэхээр хоол унд харагдаж хамар цоргино. Заримдаа бүр инээж хөхөрсөн, архи ууж халамцсан нүүр нь улайсан хүмүүс ч тааралдах... Хагас бүтэн сайнд эмнэлгүүдээр яваад үзвэл ихэнх өрөө тасалгаа хоосон. Чөлөө авч гэртээ гарсан гэнэ. Тийм өвчтөн байдаг юм уу?

 

Тийм ээ, манай эмнэлгүүд эмнэлэг сувилал нь ялгагдахаа болиод удаж байна даа. Бие гайгүй ээ. Жаахан ядраад байна. Хэд хоног амрах гэсэн юм. Гэрт хэвтэх гэхээр хүүхдүүд шуугилдаад, авгай яншаад...Бие чилээрхээд байна. Дусал хийлгэх гэсэн юм. Дулаан тохьтой газар хэд хоноё...Хавар болж байна. Хэдэн витамин тариулах гэсэн юм. Иймэрхүү яриа эмнэлгүүдээр цөөнгүй сонсдоно. Энэ чинь одоо юу вэ? Хүнд өвчтэй үхэл амьдралын ирмэг дээр байгаа заримд нь эмнэлгийн ор олдохгүй байхад...

 

Эмнэлгийн төсөв хаанаа ч хүрэхгүй. Хуваарилагдсан олон олон тэрбум төгрөг эмчилгээ үйлчилгээнд зарцуулагддаг гэж бодож байгаа бол маш том эндүүрэл. Энэ олон эмнэлгийн халаалт, цахилгаан, уур ус гээд юу юу байдаг юм.Яг эм эмчилгээнд бол өчүүхэн хэсэг нь ногдоно. Эмнэлгүүдийн яг эмчилгээ, эм тарианд зарцуулж буй хөрөнгө олон улсын дунджаас тав зургаа дахин бага байна. Яаж ийм мөнгөөр чанартай эмчилгээ хийх билээ?

 

Мөхөс миний бодоход эмнэлгүүдээ эмнэлэг шиг эмнэлэг болгое гэвэл хамгийн түрүүнд хийх ажил бол зоригтойхон, бодлоготойхон хувьчлах... Одоо цаана чипь гэмтлээс авхуулаад олон эмнэлэг ямар нэг байдлаар хууль бусаар хувьчлагдчихаад байна шүү дээ. Цөөнгүй улсын эмнэлэг дотор улсын хувийн хоёр эмнэлэг ажиллаж байна.

 

Нүдээ нээцгээ л дээ эрхэм түшээд минь. Ихэнх мэдлэгтэй, чадвартай эмч нар хоёр газар ажиллаж байна шүү дээ. Тэднийг буруутгах аргагүй. Улсын эмнэлгийн эмчийн цалингаар амьдрах хэцүү. Тийм болохоор зүгээр л албан ёсоор хувьчилчих.

 

Айх эмээх хэрэггүй. Бэлэн жишээ дэлхийгээр дүүрэн байна. Аль ч оронд очсон хамгийн шилдэг их дээд сургууль, хамгийн шилдэг эмнэлэг оношилгоо эмчилгээний төв хувийнх байна. Монголд ч ийм жишээ бэлхнээ байна.Төрөөс зүйл бүрээр дэмжээд байхад төрийн өмчит компаниудын ашиг орлого нь буурч авлига хээл хахуулийн хүүдий болж байхад хувийн өмчит компаниуд төрийн дэмжлэг бараг үгүй байхад хэдхэн жилийн дотор суга өсч дотоодын нийт бүтээгдхүүний 70-80 хувийг үйлдвэрлэж байна. Эрүүл мэндийн салбарт ч ийм жишээ хэлж болно.

 

1990-ээд оны эхээр Эрүүл мэндийн Яам өөрсдөө ч сайн ойлголгүй эм хангамжийн салбарын агентлаг болох Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрыг татан буулгаж худалдааны Эмимпекс концерн байгуулсан юм. Ийнхүү эм хангамж үйлдвэрлэлийн салбар нэг талаас харахад удирдлагын агентлаггүй болсноор төрийг хэт шүтдэг хүмүүсийн нүдээр төрийн бодлогогүй, эмх замбараагүй, хяналт шалгалтгүй болсон юм.

 

Нөгөө талаас эм хангамжийн салбар бусад бүх салбараас эрчтэй хөгжсөн нь төрийн оролцоо бага байх тусам үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ яаж хөгждөгийн яруу тод жишээ гэж болох байх. Хэдхэн жилийн дотор мянга гаруй эмийн сан байгуулагдлаа. Эмийн гадаад дотоод бөөний худалдааны зуу гаруй эм ханган нийлүүлэх байгууллагатай боллоо.ЗО гаруй эмийн үйлдвэр байгуулагдлаа. Одоо гадаад дотоодын хэн ч орсон санаа зовохооргүй орчин үеийн эмийн сангуудаар бид үйлчлүүлж байна. Америк, Англи, Франц, Швейцари гээд олон улсын хамгийн шилдэг эм бэлдмэл тэнд байна.

 

Богинохон хугацаанд эмийн үйлдвэрүүд тооноос чанарт шилжиж олон улсын GMP, ISO 9001 стандартууд нэвтрүүлж дуслын шингэн, ампултай тарилга, бүрхүүлтэй шахмал, нано бэлдмэл гээд орчин үеийн бэлдмэл үйлдвэрлэж, түрүүчээсээ гадаад экспортолж эхэллээ. Грандмэд, Интермэд гээд орчин үеийн эмнэлгүүдийг хувийнхан байгуулж хамгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээг ард олонд хүргэж эхэллээ.

 

Тиймээс манай төр засгийнхан эрүүл мэндийн салбарыг айж эмээхгүйгээр зоригтойхон хувьнлах хэрэгтэй байна.Харин эмчилгээ үйлчилгээний чиглэлийг өөрчлөхгүй байх, чанарыг сайжруулах талаар гэрээ даалгавар нь хатуу байх шаардлагатай биз ээ. Магадгүй хэд хэдэн үе шаттай байх, эхний үед халдварт өвчний болон эх нялхсын чиглэлийн эмнэлгийг хувьчлахгүй байх зэрэг олон нөхцөл байж болох юм нөгөө талаар хоёр дахь санал маань энэ олон эмнэлгийг стандартчилж заримыг нь жинхэнэ эмнэлэг, заримыг нь сувилал болгох хэрэггэй байх.

 

Хамгийн гол нь эмнэлэгт зориулсан улсын жаахан төсвөө, нийгмийн даатгалын мөнгөө жинхэнэ эмнэлэг, жинхэнэ өвчтөнд үр дүнтэй зарцуулахад хоёрдахьсаналын маань гол утга учир оршиж байгаа юм. Гадаадад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний зардал өндөр байдаг. Тийм ч байхаас өөр аргагүй. Тийм болохоор зөвхөн гэрээр болон амбулатори, сувиллын газарт эмчлэх боломжгүй өвчтөнүүдийг буюу эрчимт эмчилгээ, мэс засал, төрөх гэх мэтийн цөөхөн заалтаар хэвтүүлдэг.

 

Ямар өвчтэй хүмүүсийг эмнэлэгт, ямрыг нь гэрээр, ямрыг нь сувиллаар эмчлэх стандартыг тодорхой болговол эмнэлгийн төсвийн ачаалал буурч жинхэнэ эмнэлгээр эмчлэх өвчтөнд зарцуулах хөрөнгө нэмэгдэнэ. Бас эмнэлгийн нэг эмч, сувилагч, асрагчид ногдох өвчтөний тоо эрс багасч эмчилгээ үйлчилгээний чанар ч сайжрах юм.

 

Өрхийн эмнэлгүүдийг сайжруулбал, дуслын шингэн, цагийн тариаг хөнгөн өвчтэй хүмүүст гэрээр сувилагч эмч яваад хийчихдэг болох юм бол эмнэлгийн ачаалал эрс багасна даа. Энэ мэтчилэн сонсдог судалдаг бол олон санал байна даа. Саяхан ардын эмч, академич гээд бид бүхний хүндэлдэг нэр хүндтэй эмч нар төр засагт хандаж ил захидал бичсэн байна лээ. Тэнд нэн тэргүүнд авууштай хэрэгжүүлүүштэй олон сайхан санал байна. Төр засгийн маань түшээдийн авах гээхийн ухаан мэдэж дээ.

 

 

 

Төрийн шагналт, доктор, профессор

Л.Хүрэлбаатар