Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд газрын албаны үүдийг сахин байж 100 орчим мянган иргэн газраа өмчлөн авчээ.

Харин өнгөрсөн жилээс нийслэлийн ИТХ-ын 39 дүгээр тогтоолоор 15309 га бүхий 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар олгохоор шийд-вэр лэсэн. Энэхүү цахим буюу “сугалаа” хэлбэрээр газар өмчлүүлж байгаа нь иргэдэд хэр хүртээмжтэйг хэлэхэд эрт байна. Гэхдээ сугалааны ачаар 70 мянган иргэн газар өмчлөн авч байгаа боловч нүүгээд очих боломж тэдэнд алга. Тодруулбал, дэд бүтэц хөгжчихсөн төв хэсгийн газрыг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс эзэмшчихдэг. Гэтэл энгийн иргэдэд эзгүй хээр талд цахилгаан, ус, дэд бүтэцгүй байршилд газар өмчлүүлж байгааг иргэд шүүмжилж байгаа юм. Мөн энэ байршлуудынхаа дэд бүтцийг хэзээ, хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулах гэсэн боловч “52 байршлын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Газар өмчлөлийн гэрчилгээг олгосны дараа ерөнхий төлөвлөгөөг батална” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

 

Өнөөдөр гэр хорооллын нэг хашаанд нэг бус айл өрх амьдрах нь элбэг. Мөн гуу, жалгыг бөглөн хашаа хатгаж, үерийн ам, уулын өөд буусан айл бол хэвийн л үзэгдэл. Дээрх айл өрхүүд төдийгүй орон сууцны иргэд ч өөрийн гэсэн газартай болохыг хүсэх нь зүй ёсны хэрэг. Тиймдээ ч дээрх сугалаа хэлбэрийн газар өмчлөлд бүртгүүлэн азаа үзэж байж зарим нь газар өмчлөх эрхтэй болсон. “Өмчилж авсан газартаа хүссэн загвараараа сэтгэлд нийцсэн байшин баримаар байна. Хөгшчүүлээ агаарт гаргадаг зуслантай болмоор байх юм. Үр хүүхдэдээ газар өмчлүүлмээр байна. Өөрийн гэсэн газартаа эрх дураараа амьдармаар байна” гэсэн яриа олон нийтийн дунд хөвөрсөөр, хүлээсээр. Гэвч нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг цэгцэлж, иргэн бүрийг газартай болгож байгаа нэрээр дэд бүтцийнхээ төлөвлөгөөг ч батлаагүй байж тэдний зайлшгүй хэрэгцээн дээр тоглож байгааг хэлэх хүн цөөнгүй байна.

 

Мөн газар өмчлүүлж буй байршлуудад кадастрын компаниуд байрлан иргэдийн кадастрын зургийг газар дээр нь 30 мянган төгрөгөөр авч өгсөн байдаг. Гэтэл “Ерөнхий төлөвлөгөө нь хийгдэж, хашааных нь дугаарыг бичсэн газарт 30 мянган төгрөг авч кадастрын зураг хийсэн атал өдийг хүртэл зураг нь гарахгүй байна” гэх иргэд байна. Арга ч үгүй биз. Газар өмчлөхөөр сонгогдсон иргэд газраа заалгах гэж очиход аль хэдийнэ ерөнхий төлөвлөгөө хийгээд, газар тус бүрийг хэмжчихсэн байсан. Гэвч хэнийх нь мэдэгдэхгүй олон кадастрын компани дахин дахин зургийг авч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамбын өгсөн ярилцлагад “Кадастрын зургийг иргэд хийлгэхгүй. Угаасаа ерөнхий төлөвлөгөөг хийж, байршилд сонгон шалгаруулалт явуулаад, хашаагаа барихад бэлэн газрыг нь өмчлүүлж байна гэдэг нь тухайн иргэн кадастр хийлгэх шаардлагагүй гэсэн үг. Кадастрын зургийн төлбөр ч гэж авахгүй” гэсэн байх юм. Гэтэл иргэдээс өмнө нь авч байсан үнээс хямд гэх сурталчилгаагаар шаардлагагүй зураг авч байгаа нь хэний бизнес бол гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс дараах зүйлийг тодрууллаа.

 

Ц.ШИЖИР: ЦАХИЛГААН ТАВИХ ТӨСӨВ МӨНГИЙГ ТҮРҮҮЧЭЭСЭЭ ШИЙДЭЭД АЖИЛ ЭХЭЛЧИХСЭН

 

-Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр дөрвөн ээлжийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ хугацаанд хэчнээн байршилд газар олгож, хэчнээн хүн газраа өмчилж авсан бэ?

 

-Өнгөрсөн хугацаанд дөрвөн ээлжийн цахим газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүнд 41 байршлыг зарлаж, дав хардсан тоогоор нийт 623 мян ган иргэн хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлт гаргасан иргэдээс 70 мянга нь сонгогдож, газрыг нь өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний гурван ээлжээс сонгогдсон иргэдэд газар өмчлүүлэх ажил дуусч, эхнээсээ айл өрхүүд гэрчилгээгээ авч байна.

 

- “Ерөнхий төлөвлөгөөг хийчихсэн, зураг авах шаардлагагүй газарт кадастрын компаниуд дахин зураг авч байна” гэх хүн цөөнгүй байна. Кадастрын хэчнээн компани зураг авч, ажиллаж байна вэ?

 

-Байршил бүрт кадастрын үйлчилгээ хийж байгаа. Тухайн компани газар дээр нь эргэлтийн цэг тэмдгийг нь зоогоод иргэдэд газрыг нь хүлээлгэж өгөх ёстой. Ингэснээр эргэлтийн цэгийн акт үйлдэж баталгаажуулдаг. Гэрээний дагуу айл тус бүрт ажил гүйцэтгэсэн үйлчилгээний хөлсийг тогтоож өгсөн. Дахиж зураг үйлдэхтэй холбоотой асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулж болно. Манай зүгээс гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж байна. Харин ажилбар, норм стандарт хангаж байгаа эсэх талаар Газрын харилцаа, геодез зурагзүйн газраас хяналт шалгалт явуулах ёстой. Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлд 22 байршлыг зарласан. Түүнд 15 компани ажиллаж байна.

 

-Айлууд хэзээнээс нүүж очих боломжтой вэ. Цахимаар олгосон газруудад дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хэзээ тавих вэ?

 

-“Өмчилсөн газар дээрээ очиж буух гэсэн юм” гэдэг асуудлыг иргэд их ярьдаг. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, эдийн засгийн ач холбогдолтой. Тухайлбал, цахим өмчлөлөөр олгосон газар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй үнэлгээгээр 6.5 сая төгрөг. Энэ үнэ бүхий газрыг иргэдэд шууд шилжүүлэн өгч байна. Тиймээс албан ёсоор бүртгэгдээд баталгаажсан газрын бичиг баримт өөрөө эдийн засгийн эргэлтэд орох бүрэн чадамжтай. Тэгэхээр иргэдийн амьжиргаанд зөвхөн бичиг баримтаа ашиглаад газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж үүсч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодит газар дээр очиж суурьшихаас илүү эдийн засаг санхүүгийн тал, амьжиргаанд нь хэрэг болох ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, газрыг өмч байдлаар ашиглахаар “Бид энэ газар дээр очиж амьдармаар байна. Гэтэл шугам сүлжээ, зам хаана байна” гэж иргэд байнга асуудаг. Өөрөөр хэлбэл, бүх юм бэлэн байх ёстой гэж ойлгож байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт цахилгааны хангамж, дэд бүтэц хүрэлцээгүй газар олон бий. Усан хангамжтай газар байхад усгүй газар ч бий. Тэгэхээр ийм харилцан адилгүй байршлыг бид тэгш хуваарилах боломжгүй. Тиймээс цахилгаангүй газарт цахилгаан түгээнэ. 4-5 байршилд цахилгаан тавих төсөв мөнгийг эхнээсээ шийдээд ажил нь эхэлчихсэн. Мөн нэгдсэн байдлаар инженерийн сүлжээнд холбох ажлыг концессийн гэрээгээр хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч гүйцэтгэх боломжийг хайж байгаа ч бүгдийг нь нэг дор хийх боломжгүй.

 

-Иргэдэд өмчлүүлж байгаа байршлууд тухайн дүүргийнхээ газрын албанд бүртгэлгүй, эзэнгүй газар байсан юм биш үү. Сонгуулийн PR хийж хэн ч очоод амьдрах боломжтой газарт газар олгосон гэж иргэд ярих боллоо?

 

-Иргэдэд гэр бүлийн хэрэг-цээний зориулалтаар тухайн газрыг шууд өмчлүүлэх болол-цоотой байршлуудын судалгаа хийж, судалгааны үр дүнд эхлээд 52 байршил баталсан. Энэ газруудыг албан ёсоор бүртгээд баталгаажчихсан, судалгаа тооцоог нь ч хийсэн. Дээрээс нь төлөвлөлтийг хий гээд үүний үндсэнд тухайн иргэдэд боломжтой нэгж тал баруудаа цахим хэлбэрээр өмчлүүлж байгаа.

 

Газар өмчлөлийн талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

 

ХЭЗЭЭ НҮҮЖ ОЧИХ БОЛОМЖТОЙГ ИРГЭДЭД ХЭЛЖ ӨГӨХ ЁСТОЙ

 

Сүхбаатар дүүргийн иргэн Т.Бадам: -Шинэ газар өмчлөлөөр Сонгинохайрхан дүүргийн Эхэн усны хөндийд 0.5 га газар авахаар сонгогдсон. Уг нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг саармагжуулах, утааг багасгах зорилгоор газар олгож байна гэсэн ч тэнд нүүгээд очъё гэхээр ус, цахилгаан гээд дэд бүтэцгүй байна. Хоосон газарт хашаа хатгаж, лаа барьж амьдрах юм уу. Тэгэхээр тийшээ нүүж очих ямар ч боломжгүй. Дээр нь тэнд газраа заалгаж авахад хэнийх нь ч мэдэгдэхгүй өчнөөн олон кадастрын комданиуд байна. Тэд тодорхой хэмжээний мөнгөөр кадастрын зураг авч, газар дээр нь гэрчилгээг нь олгоно гэж байсан. Гэтэл өдийг хүртэл гэрчилгээ нь ч гараагүй байна. Хэзээ гарах нь бүү мэд. Асуухаар оны дараа ч гарч магадгүй гэдэг хариу өгдөг. Цахимаар газар өмчлүүлж хялбаршуулж байна гэж байгаа ч түүнийгээ баталгаажуулах гэж өдөр шөнөгүй дугаарлаж байна. Дээр нь кадастрын зураг нь гарахгүй байгаа учир удааширч байна. Хамгийн гол нь хэзээ дэд бүтэц очих, бид хэзээ нүүж очих боломжтой юм гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж өгөх ёстой.

 

ДЭД БҮТЭЦЭЭ ХЭЗЭЭ, ЯАЖ ТАВИХАА МЭДЭХГҮЙ БАЙЖ ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Цогзолмаа: -Гурван жилийн өмнөөс иргэн бүрт газар өмчлүүлэх шийдвэрийн дагуу өөрийн нэр дээр газартай болох өргөдлийг дүүрэгтээ өгсөн. 2012 оны сүүлээс хойш хөөцөлдсөөр өнгөрсөн есдүгээр сард газраа заалгасан. Миний нэр дээрх газар 361-ийн гармын цаана зам дагуу байршилтай юм байна лээ. Гэтэл саяхан очиж харахад өөр хүмүүс хашаа барьчихсан байсан. Уг нь дүүргийн газрын албанаас зааж өгсөн, миний нэр дээр байхад өөр хүн зөвшөөрөлгүй ирж буух ёсгүй шүү дээ. Одоо хаана хандахаа сайн мэдэхгүй явна. Тэнд очиж амьдрах ямар ч боломжгүй учраас нэг их анхаарал хандуулахгүй байгаа. Дэд бүтэц хөгжөөгүй, дээрээс нь ямар ч хүн амьдрах боломжгүй тал газар байдаг. Сүүлийн үед дүүрэг бүрт их хэмжээний газрыг цахимаар өмчлүүлж буй нь сонин санагддаг. Хамгийн наад зах нь ус, цахилгаангүй шүү дээ. Дэд бүтцээ хэзээ, яаж тавихаа мэдэхгүй байж нэг зэрэг энэ олон газрыг өмчлүүлж байгааг ойлгохгүй байна

 

ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖИЛ АНХНААСАА Л ШОУ БАЙСАН БАЙНА

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Батбямба: -Манайх айлын хашаанд амьдардаг. Цахим газар өмчлөлөөр Долоон худгийн хөндий гэх газарт сонгогдсон. Гэтэл тэнд нүүгээд очих гэхээр эрчим хүч, цахилгаангүй, дээр нь хол болохоор боломжгүй болчихоод байна. Над шиг айлын хашаанд амьдардаг айл өрх цөөнгүй л байгаа. Өөрийн гэсэн газартай боллоо гэж баярлаж байгаа ч тэр хол газар амьдраад, ажил албандаа явна гэдэг худлаа. Газар өмчлүүлэх ажил анхнаасаа л шоу байсан байна. Учир нь, хөдөөний иргэд нийслэл рүү ирэх гэж зүтгэж байхад нийслэлийн бид ямар ч дэд бүтэц, ажлын байргүй газар руу нүүнэ гэж байхгүй. Яахав, яваандаа дэд бүтцээ хийж болох ч миний нас түүнийг нь үзэж хүрэхгүй л болов уу. Гэхдээ өмчлөөд гэрчилгээгээ авсан байхад үр хүүхдүүдэд минь хэрэгтэй л байх.

 

Ямартай ч албаны хүн тухайн байршлуудад дэд бүтцийн аж лыг шат дараатайгаар хийнэ гэдгийг хэлсэн. Харин иргэдийн хувьд өнөө маргаашгүй нүүгээд очих сонирхол байгаа ч эрчим хүч, ус цахилгаан гээд дэд бүтэцтэй холбогдоогүй болохоор хүсэхэд хясах гэгч л болжээ. Энэ мэт иргэдийн зөрүүтэй ойлголтыг нэг тийш болгохгүй бол газар өмчлөлийн ажилд сэтгэл алдрах нь ээ.

 

М.Энхцэцэг