Монгол Улсын Засгийн газар  Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай  “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай"  хэлэлцээрийг батлан хэрэгжүүлж байсан билээ.

Тодруулж хэлбэл, Монгол Улсын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гадаад орнуудтай орлого ба хөрөнгийн татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хоёр талын хэлэлцээрийг нийт 35 улстай байгуулж байдаг аж.  Гэвч уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр томоохон компаниуд энэ боломжийг ашиглан татвараас зайлсхийх болсон. Тиймээс эхний ээлжинд УИХ-аас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай давхар татварын байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болгоод байгаа билээ.

 

Цаашид үе шаттайгаар эдгээр хэлэлцээрийг цуцлах талаар яригдаж байна.    Люсембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ.

Жишээлбэл,  “Айвенхоу майнз” компани “Саутсгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны орлогод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байсан аж.

Өөрөөр хэлбэл, давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл үзэгдэл болж хувираад байсан аж.