Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал  товлогдсон ёсоор өнөөдөр болох ёстой байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас хойшлогджээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-ны хооронд болсон хувь нийлүүлэгчдийн хурлаар “Рио Тинто” болон Монголын талыг төлөөлсөн гишүүд гуравдугаар сарын  төсвийг баталсан.

Ингэхдээ Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гурван гишүүн анхны хөрөнгө оруулалтын өсөлтийн шалтгааныг тайлбарлахыг “Рио Тинто” компанийн удирдлагуудад тавьсан боловч тэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариулт хэлээгүй. Тиймээс энэхүү хувь нийлүүлэгчдийн хурлаар анхны хөрөнгө оруулалтын өсөлтийн талаарх асуудал дахин яригдах болов уу гэж бодож байтал өнөөдөр товлогдсон хувь нийлүүлэгчдийн хурал болохгүй гэнэ.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт анх тогтоогдсоноосоо даруй хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн тухай Ерөхий сайд болон Уул уурхайн сайд нар мэдэгдээд байгаа. Яагаад ингэж нэмэгдэх болов, хөрөнгө оруулалтын хэмжээ анх төлөвлөснөөсөө яагаад зөрөөд байгааг гол хувь нийлүүлэгч Монголын Засгийн газрын эрх ашигт ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг эхлээд ялгаж салгах зүйтэй юм.

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум доллараас 7.1 тэрбум доллар болтлоо өссөнийг “Рио тинто”-гийн зүгээс хэрхэн тайлбарласныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нэгэн хэвлэлд мэдээлэхдээ “Энэ асуудал дээр дэвшил гарсан. 5.1 тэрбум ам.долларыг ТЭЗҮ-д тодорхой хэсэг хэсгээр нь тавьчихсан. Үүнийгээ хэсэг хэсгээр нь гаргаад ир гээд тодорхой тоонууд өгсөн. Нөгөө талаас үйлдвэрлэл явагдаж орлого олоод эхлэхээр энэ зардал татварт ногдох орлогоос хасагдах учраас нэг ч ам.долларын зөрүүгүйгээр баримттай байх шаардлагатай. Өмнө нь 5.1 тэрбумын ам.доллараар юу хийчихэв гэсэн зардлын задаргаа байхгүй байсан. Одоо бол газрын зураг дээр газар доорхи болон газар дээрх байгууламжид хэдэн ам.доллар зарцуулсан, тоног төхөөрөмжид хэдэн ам.доллар зарцуулсан юм бэ гэх байдлаар гаргаж ирээд хоёр талаас ярилцан хэлэлцэж байна” хэмээн ярьсан байсан. Ямартай ч хувь нийлүүлэгчдийн зургаадугаар хурлаар манай тал Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн ашиг, сонирхлын зөрчил, Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт,  төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт, “Энтрий гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, Менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлыг хэлэлцсэн. Харин хөрөнгө оруулагчдын талаас манай улсын зээлсэн 250 сая ам.долларын асуудлыг хөндсөн юм. Харин энэхүү өрийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг ирэх жилээс  барагдуулахаа мэдэгдсэн. Тэрбээр “250 сая долларын асуудлыг ерөнхийдөө ярилцаад ирэх жилээс, цаашлаад 2015 онд төлөх байдалтай байгаа. Ер нь тухайн үед үүнийг зүгээр өгч байгаа юм шиг яриад байсан одоо бол хүүтэй зээл болж таарч байна. Угаасаа ч төлөх хугацаагаа ч тохироогүй юм билээ” хэмээн ярьсан байсан. Тэгэхээр  манай улс авсан бол төлөх учиртай. Харин тухайн үед хүүгүй гэж ярилцсан нь өнөөдөр хүүтэй болж таарч байгаа нь 250 сая ам.доллар дээр тодорхой хэмжээний мөнгө нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэхүү зээлсэн мөнгөө хаанаас олж өгөх нь үнэхээр ойлгомжгүй байгаа юм. Ямартай ч хэзээ нэгэн цагт төлөх нь үнэн юм чинь хаанаас олж өгөх нь манай Засгийн газрын үүрэг боллоо.

Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийг Олон улсын  шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилдэг цөөн хүний нэг. Энэ ч утгаараа “Рио Тинто” компанийг Хөрөнгө оруулалтын гэрээнд нааштайгаар хандахгүй бол ус болон байгаль орчны асуудал, гэрээнд заасан заалтуудаа биелүүлээгүй гэх үндэслэлээр Олон улсын Гаагийн шүүхэд хандана. Мөн Оюутолгойн гэрээг анх байгуулахад гар бие оролцсон улстөрчдийг олон улс болон дотоодын шүүхэд өгөхөөр бэлтгэж ажлаа хангаж байгаа талаараа мэдээлж байсан. Гаагийн шүүх нь цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүдэг. Тэгэхээр С.Ганбаатар гишүүн “Рио Тинто”-г цэргийн гэмт хэрэгтэнтэй адилтхан үзэж байгаа бололтой.

 

Ж.Баттуул