Есдүгээр сарын нэгэн болж Ерөөсөө бидний баяр даа хэмээсээр БСШУЯ-ны сайд, улс төрчид сургуулийн бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийг эхлүүлж, эрдэм номд хүүхдүүдийг шамдан суралцахыг захисан. Гэтэл бүтэн нэг улирал сурах бичиггүй хичээллэж, өдгөө хоёрдугаар улирлын хичээл хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. 

Цөм хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлж эхлүүлсэн цагаас хойш сураг бичгийг жил бүр солих моод дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. Өмнө нь олон жил дамнаад цэвэр цэмцгэр байгаагаа хэрэглэж болоод л байсан. Гэтэл уг хөтөлбөрийн уршгаар дутуу дулимаг зохиосон сурах бичгээ жил бүр засаж, сайжруулж буй нэрээр солих болсон юм. Гэвч үнэн хэрэгтээ сурах бичгийн хавтасны өнгө будаг л өөрчлөлт орсон байдаг хэмээн эцэг, эхчүүд хэлдэг. Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлсэн гэж буй ч багш нар нь сайн бэлтгэгдээгүй байхад зургаан настангуудыг сургуульд оруулж, даалгавраар бөмбөгдөх болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Уг хөтөлбөрийн алдаа мадагийг тоочоод байвал дуусахгүй. 

Есдүгээр сарын нэгнээс өмнө л сайд энэ жил түрээсийн сурах бичгээр бүх хүүхдээ хангаж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Нийт 180 мянган сурах бичгийн гурван багц тендерийг БСШУСЯ-наас зарласан аж. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт олгож байгаа тул хэвлэлтийн зөвшөөрлийг тэр талаас хүлээсэн гэдэг тайлбарыг яамныхан өгч байсан удаатай. Харин тус зөвшөөрлийн эхнийх нь буюу зургаа, дол­дугаар ангийн сурах бичгийг хэвлэж, түгээхийг аравдугаар сарын 18-нд Азийн хөгжлийн банкнаас өгсөн байна. Зөвшөөрөл өгөөд бараг бүтэн сар өнгөрч байхад сурагчдын гар дээр сурах бичиггүй байсаар улирлын амралттай золгосон. Харин ахлах ангийн сурагчдын номыг хэвлэх зөвшөөрөл нь мөн өнгөрсөн сарын 25-нд ирсэн аж. 

Ийнхүү бүтэн улирал сурах бичиггүй байсны учиг тайлагдав бололтой. Учир нь сурах бичгүүдийг эх орондоо үйлдвэрлээгүй урд хөршид хэвлэсэн гэнэ.  Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг "дэвтэр" хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн З- нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “Дэвтэр” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байгаа гэв.

Эдгээр сурах бичгүүд “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгджээ. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулаад байгаа аж. 

Манайд сурах бичгээ хэвлэх үйлдвэр нэлээдгүй бий. Гэтэл урд хөршийн эдийн засагт хувь нэмэр болж байгаа нь хачирхалтай. Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжихэд хяналт шалгалт хийх эрх яаманд байгаа байлгүй дээ. Гэтэл ийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр босгож байгаа сурах бичгээ урд хөршид хэвлүүлэх компанид тендэр нээрээр хэн өгөв?

 

 

 

Холбоотой мэдээ: 

Хоёрдугаар ангийн сурах бичигт “том хүний кино” гэсэн үг хэллэг бичигджээ

Бага ангийн боловсрол /цуврал-1/ - Иргэний боловсрол хичээл Уран зохиолын хичээлийг орлож чадах уу

Бага ангийн боловсрол /цуврал-2/: Зөв бичих дүрмийн аль нь зөв бэ? буюу Цээж үү, Чээж үү

Бага ангийн боловсрол /цуврал-4/: Цөм хөтөлбөрийн уршгаар "сурах бичиггүй хичээлээ хийж байна"

Бага ангийн боловсрол-5: Хонгилын үзүүрт хэзээ гэрэл асах вэ, сайд аа!

Өмнөх сурах бичгийг хог дээр "хаяж" дахин "шинийг хэвлэх" шаардлагатай юу