Сүүлийн үед цахим сайтуудаар бүдүүлэг, ёс бус үг хэллэг, дүрс, зураг нийтэлсэн номнууд хүүхдүүдийн гар дээр очиж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон билээ.

Энэ нь иргэдийн дунд БШУЯ-аас баталсан бага ангийн сурах бичгүүд тийм агуулгатайгаар хэвлэгдэж байгаа мэт ойлголт төрүүлээд байгаа юм. Энэ талаар БШУЯ-аас тодруулахад, “Манайхаас баталж хэвлүүлдэг бага, дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн алинд нь ч ийм оньсого, зураг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Энэ хичээлийн жилд 6,11-р ангийн сурах бичгүүдийг шинэчилж хэвлэсэн. Ирэх хичээлийн жилд 7,12-р ангийн сурах бичгүүдийг шинэчилж хэвлэхээр бэлэн болж байна. Харин бага ангийн шинэ сурах бичгийн хувьд энэ жил боловсролын чанарын шинэчлэлийн туршилт явуулж буй лаборатори 40 сургуульд туршилт хэлбэрээр хэрэглэж байгаа" хэмээсэн.

Тэгвэл саяхан 13-р дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Монгол хэлний гэрийн даалгавраа хийж байхдаа нэгэн шүлгийг уншаад ойлгохгүй эмээгээсээ асуужээ. Гэтэл эмээ нь хүүхдэдээ яаж тайлбарлах аа мэдэхгүй байсан тул аав, ээж хоёрын иртэл түр хойшлуулж өөр хичээлээ хийсэн байна.

Тодруулбал, Монгол хэл хоёрдугаар ангийн сурах бичгийн 151-р хуудас "Ховч" нэртэй шүлэг. Уг шүлэгт  Тогмид багш аа өчигдөр

Томчуудын кино үзсэн

Худлаа гэвэл түүний ард

Хулан бид хоёр сууж байсан. О.Сундуй

хэмээх шүлгийг уншаад 7 настай хүүхэд "Томчуудын кино" гэж ямар киног хэлээд байгаа юм бэ? гэж эмээгээсээ асуухад эмээ нь ч хэлэх үг олдоогүй байна. Яахав дээхэн үе үе байсан бол байлдаан, тулаантай кино гээд хэлчихье гэсэн чинь болсонгүй гэх.

БШУЯ-наасаа баталсан энэхүү сурах бичигт ийм үг хэллэгтэй шүлэг ордог нь тун хачин. Тэгээд тус шүлгийг уншсаны дараа хоёрдугаар даалгавар нь "Ховч" шүлгийг дуурайлган шүлэг зохиогоорой" гэжээ.

Дээр үед энэ тэнд хов зөөж "ховон хошуулч" болохгүй шүү гэж аав, ээж захидаг байсан. Гэтэл дээрх шүлэг хэн нэгний ховлож бай гэсэн утгатай агуулж буй.

Хүүхдийн хүмүүжилд эсрэгээрээ нөлөөлөх эл шүлэг сурах бичигт орсон нь Зохиогчдын буруу юу, БШУЯ буруутай юу?

Х.Даваа