“Фрийдом Хаус” гэх хүний эрхийн олон улсын байгууллагаас иргэний болон улс төрийн эрхүүдийн талаарх судалгааг жил болгон явуулж, дэлхийн улс орнуудыг 1-7 хүртэлх оноогоор дүгнэж эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангилалд оруулж ардчиллын чанарыг хэмжиж гаргадаг аж.

Энэ судалгаагаар манай улс 1991 оноос хойш “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл, Төв болон Зүүн Европоос гадна байгаа постсоциалист улсаас ганцхан Монгол “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд орж буйг судлаачид хэллээ. Энэ бол ардчилсан Үндсэн хуулийн ач гавьяа, үр нөлөө. 


Нэг ёсондоо дээрх судалгаа Монголд иргэний болон улс төрийн үндсэн эрх бодитойгоор хэрэгжиж байна гэдгийг илэрхийлж буй баримт юм. Манай улсад ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Үүгээр хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй иргэд түүнийг баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан. 
Монголчууд бид бодит амьдралд үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Иргэд ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших хийгээд сонгох зэрэг эрхтэй байгаа. Тэгэхээр ардчилсан Үндсэн хууль өнгөрсөн 28 жилд үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэсэн үг. Уг “эцэг” хуулийг батлаад найман жилийн дараа 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулж улстөрчдийн хэлж заншсанаар “дордуулсан” гэх долоон заалтыг оруулсан. 
Үүнээс улбаалж, Монголын улс төрд засаглалын тогтворгүй байдал үүссэн гэгддэг байсан ч энэ удаагийн парламент Г.Занданшатарын ангийнхан энэ алдааг 19 жилийн дараа засаж, “дордуулсан” долоон өөрчлөлтийн зургааг эмхэлж, цэгцэллээ. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 14 Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой, Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт гэж дөрөв ангилж байгаа юм.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотойгоор УИХ тарах дөрвөн нөхцөлийг тодорхой болгож хариуцлагыг нь дээшлүүлсэн заалт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туслаа. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэвэл УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрын саналаар хууль тогтоох байгууллага өөрөө тарна. Мөн УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулах бөгөөд ийм саналыг анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана. Түүнчлэн, УИХ Ерөнхий сайдыг огцруулснаас хойш, эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана. Нэг ёсондоо өмнө нь Ерөнхий сайдыг огцруулчихаад олон cap гацааж томилохгүй уддаг байдал гарахгүй болж байна. 
Мөн УИХ-ын хууль тогтоох ажиллагааны чанарыг сайжруулахад олон чухал өөрчлөлт орж байгаа. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах үндэслэл болох аж. Түүнчлэн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож сунгасан. Хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг эцэслэн батална. Энэ нь хуулийг чанартай гаргах, тогтвортой хэрэгжүүлэх, гишүүдийг хариуцлагажуулах явдал юм. Түүнчлэн, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож өгөөд байна. 
Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотойгоор Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж байна. Нэг Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.8 жил явж ирсэн нь ажил хийх боломж олгодоггүй, засаглалын хямрал бий болгоод байв. Нэг ёсондоо, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж чаддаггүй. Ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах дөрвөн хувилбар байсныг цөөлж нэг болгосон. Одоо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн санаачилбал 10 хоногийн дотор хэлэлцэж, огцруулах эсэхийг нийт гишүүний олонхоор шийдвэрлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл 39-өөс доошгүй гишүүн санал нэгдэж байж Ерөнхий сайдыг огцруулна. Ерөнхий сайдыг огцруулсан бол УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ыг тараахаар зааж өгсөн юм. 
Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг тодруулсан. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж заасан. Энэ нь УИХ хариуцлагыг Ерөнхий сайдтай, кабинетынх нь сайд хариуцлага алдвал асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийддэг жишиг рүү явж байна гэсэн үг. Төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг үүгээр дээшлүүлж байна. Нэгэнт Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болно, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Ерөнхий сайдаас гадна кабинетынх нь дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болохоор заасан. Дээрээс нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ  дураараа нэмж, хасахгүй байхаар хуульчлав. Ингэж уялдаа холбоотой ажиллахад Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын гишүүн байх нь чухал үүрэгтэй аж. 
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотойгоор ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгсөн. Одоогийн мөрдөж байгаа хуулиар уг зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилж түүнээс хэт хамааралтай болчихоод байгаа. Шинэ хуулиар ШЕЗ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах 10 гишүүнээс бүрдэнэ гэж зааж өгсөн юм. Эдгээр 10 гишүүний тав нь шүүгч байх бөгөөд энэ нь улс төрийн зүй бус нөлөөнд орохоос саармагжуулах давуу талтай гэж хууль тогтоох байгууллага үзжээ. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнээр нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж заасан юм. Ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшлэх аж. 
Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар болсон. Энэ хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болох аж. Ингэснээр ШЕЗ-д төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилах сайн талтай гэсэн. 
Түүнчлэн шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор зааж өгсөн. Тухайлбал, хэд хэдэн дүүргийг хамруулсан шүүхийг байгуулж болох аж. Ингэснээр шүүхийн ачааллыг жигдрүүлэх, мэргэшүүлэх, улмаар иргэний шударгаар шүүлгэх эрхийг илүү сайн хангахад дөхөм болно гэж Г.Занданшатар даргын ангийнхан үзжээ. 
Нутгийн удирдлагатай холбоотойгоор хот, тосгоны статусыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хүрээнд тодотгон зааж өгсөн. Ингэснээр байгаа хот, тосгодоо “амь” оруулах бодит боломжийг нээж өгсөн гэдгийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутгийн бие даасан байдлыг хангах тухайд өмчийн удирдлага, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг хуулиар эдлэх эрхтэйг анх удаа тусгайлан зааж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн байгууллагын доторх байгууллага мэт байх тусгай статусыг өөрчилсөн” хэмээсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Хорь гаруй жил ярьж, гурван парламент дамжин өрнүүлсэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэх олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг өргөн барьснаас хойш УИХ таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлалгүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа, 105 цаг хэлэлцжээ. УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдийн 306 мянган саналыг авч танилцсан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар томоохон өөрчлөлт авчирч, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, шүүх нь хараат бус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө нийтээрээ хүчин зүтгэсээр ирсэн билээ. Энэхүү өөрчлөлт нь эрүүл нийгэм, шударга эдийн засаг руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм. 
19 жилийн дараах “эцэг” хуулийн энэ өөрчлөлт парламeнтын засаглал, ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдсэн явдал боллоо. Төр тогтворжив. Засаглалын хямрал арилав. Парламентын ардчилал бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн суурь билээ. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин