А.Минжин

Гудамжны сандал дээр гүн үрчлээт нүүрэндээ гуниг тодруулан суугаа эмгэд, өвгөд минь...  Хар захын хаалганы дэргэд хэдэн тор барин хүн хүнд түлхэгдэн бөртөлзөнө. Бөгтөр нуруундаа хог хаягдалхан үүрэн хүний хөл доорх руу тонголзоно.

Хаврын шороо,  зуны наранд бохь ширхэглэн гудамжны үзүүрт торойлзоно. Хэдэн мойног хуруугаараа хормой дороосоо хэдэн тамхи ширхэглэн хөөгдөнө.  Харин тэднийг гуйлга гуйж явааг барагтай  л олж хараагүй ээ. Тэдэнд хүнээс зүгээр юм авч чадах суртахуун эхнээсээ л байгаагүй.

Зарим хүн залуудаа юугаа хийж байсан юм гэж зүхнэ. Үгүй дээ, тэд өнөө маргаашийн өчүүхэн эрх ашгийн төлөө, өөрийнхөө амин зуулгын төлөө ажиллаж байгаагүй юм. Хөлс хөдөлмөр, үнэн зүтгэлээ зориулж явсан төр засаг, улс нийгэм нь урван хөрвөж эргийн гадна шидэгдэнэ хэчнээн төсөөлөөгүй л байлгүй. Хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй, сурсан мэдсэн нь нэг л өглөө солигдчихсон тэдэнд арга заль,  арилжаа наймааны ухаан нь дутсан байж мэднэ. 

Суулгасан хүмүүжил, суртал ухуулга, шударга зан нь нөлөөлсөн байж мэднэ. Айл болгон адилгүй, адуу бүхэн жороогүй. Ах дүү олонтой, алдар нэр ихтэй, үр хүүхэд сайтай нь даваад л гарсныг бид мэднэ. Харин ямархан зарим нь тоост гудамжинд ийнхүү тортойж бөртийж  явааг эс мэднэ.Халгиж цалгиж, хайрлаж дурлаж явсан  цаг тэдэнд байсан л байлгүй. Дундуур сэтгэлтэй, дутаж явна гэж төсөөлөөгүй л байлгүй. Үрийнхээ буянд жаргаж сууна гэж мөрөөдсөн л байлгүй. Ханиа алдаад хагасарч өнгөрөөнө гэж итгээгүй л байлгүй. Хожмын өдөр энэрэлгүй үр нь ингээд орхино чинээ  зүүдлээгүй л байлгүй. Өргөн энэ хорвоод зовлонгийн шалтгаан түм түм...Түүртэж яваагийнх нь түмэн шалтгааныг  асуух эрх бидэнд үгүй. Зовлонгийнх нь буруутгалыг эрэх шаардлага бас үгүй. Тэртэй тэргүй тэд өөрсдөө зовлонгийнхоо сүүдэрт зөндөө удаан жиндэн суугаа, бээрсэн л яваа.  Хүний  хорвоод хүсч гуйж өөрөө ирдэг хүн гэж үгүй. Олоод төрсөн цагтаа оногдсон тавилангаа буцааж чаддаг нь бас үгүй.

Төөрөг заяа төөрч будилах  нь ч  бий. Хүний хүү, охин алдаж, онох,  уруудаж доройтох нь бас бий. Буцахын өмнө буруутгалын гашуун тэдэнд нэмэргүй. Уучилж, өршөөж, хайрлахад зөвтгөлийн шалтгаан мундахгүй шүү дээ. Цагийн цөвүүн,  насны уртад налайх өдрийн тоогоо нэгээр ч гэсэн нэмэх хүсэл мэдээж бий.  Тиймээс л нялхсын өвдгийг өхөөрдөлгүй гөвж өг, настны тохойг шоололгүй өргөж өг, гунигийн нулимсыг асуулгүй арчиж өг. Он цаг хүмүүний өмнө бөхийдөггүй. Хүн өөрөө он цагийн өмнө өтөлж, бөхийж, буцдаг. Эд баялаг, хөрөнгө мөнгө, торго дурдан танаас лав хүсэхгүй. Аяга бүлээн цайны мөнгө олоход нь халаглалгүйгээр тусал, алдуурсан сайхан цагийнх нь тухай  хамт суугаад хөөрөлд. Нэхэлтэй хорвоод нэг л өдөр буцахаа тэд мэдэж байгаа, бодож суугаа. Нэг их юм танаас лав хүсэхгүй.

npost.mn ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН