Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр/2022.06.29/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан юм. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэхээр болов.

УИХ-ын дарга Г.Зандашатар “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ эцэслэн баталлаа. Ингэснээр үндэсний их баяр цэнгүүн болсон, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмыг хэл ам, хэрүүл уруулгүй зохион байгуулахыг холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэж, хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг хүсч байна. Хуулийг эцэслэн баталсан” гэдгийг онцолсон юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг та бүхэнд танилцуулъя.

Зохион байгуулалт

  • 5.2. Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.
  • 5.3. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бол улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно.
  • 5.4. Энэ хуулийн 5.3-т заасан нөхцөлд аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.
  • 5.6. Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулж тэмдэглэж болно.
  • 5.14. 14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.

Ерөнхийдөө улс, аймаг, сумдын наадам нэгэн зэрэг зохион байгуулагдана. Нэгэн зэрэг гэдэг нь бүх нийтээр амрах амралтын өдрүүдэд багтаан болно гэсэн үг. Энэ жилийн тухайд наадмаар тав хоног амрах учир эдгээр өдрүүдэд аймаг, сумд наадмаа хийх болж байна. Ингэснээр бөхийн найраа, наадам будилаантуулдаг асуудлууд үгүй болно гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн ган гачиг, элдэв халдварт өвчний дэгдэлт зэргийг харгалзан наадам тэмдэглэх хугацааг өөрчилж болох аж.

Цол чимэг

  • 8.1. Зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид болон энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан гаргасан зохион байгуулах хорооны саналыг үндэслэн уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
  • 8.2. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид улсын цолыг олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
  • 8.3. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид улсын цол олгоно.
  • 8.7. Үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол, чимэг олгохгүй.

Энэ жилээс эхлэн допингийн шинжилгээний хариу ирсний дараа цол чимгийг нь олгохоор болсон. Учир нь өмнөх жилүүдэд цол олгосны дараа допинг хэрэглэсэн нь илэрч, асуудал үүсдэг байв. Цол, чимгийг нь олгохоос өмнө цолны батламж олгоно. Үүнээс гадна зөвхөн үндэсний их баяр наадмаар л улс, аймаг, сумын цол олгоно. Саяхан даншиг наадамд, залуучуудын холбооны ойн баяр наадамд бөхийн цол олгох талаар яриа хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн билээ. Тэгвэл энэ бүгдэд цэг тавьж, 8.7 дахь заалтыг оруулж иржээ.

Үндэсний бөхийн барилдаан

  • 9.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 18 насанд хүрсэн хүн байна.
  • 9.3. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт гаргасан бөхөд доор дурдсан улсын цол олгох батламж олгоно.
  • 9.3.1.тав давсан бөхөд улсын начин; 9.3.2.зургаа давсан бөхөд улсын харцага; 9.3.3.долоо давсан бөхөд улсын заан; 9.3.4.найм давсан бөхөд улсын гарьд; 9.3.5.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан; 9.3.6.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга; 9.3.7.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга; 9.3.8.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.
  • 9.5. Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • 9.6. Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
  • 9.7. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно

Шинэчилсэн найруулгын төслөөр насны заалт орж ирж байна. Улс, аймгийн наадамд 18 нас хүрсэн иргэн, сумын наадамд 16 нас хүрсэн иргэн тус тус зодоглоно. Ингэхдээ үндэс угсаа, төрсөн газраар ялгаж, жалга довны үзэл гаргах ёсгүй гэж заажээ.

Хурдан морины уралдаан

  • 10.1. Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.
  • 10.2. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.
  • 10.11. Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу адуун сүрэг болон хурдан морийг бүртгэж, мэдээллийн санг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэнэ.
  • 14.7.5. хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;
  • 14.7.9. уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх;
  • 14.7.10. уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх;

Монгол зургаан насны морьд монгол үүлдрийн адууны стандарт нийцэн уралдана. Ингэснээр эрлийз морьд уралдах боломжгүй гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн уралдаанч хүүхдийг бүтэн нэг жилийн ослын даатгалд хамруулсан байх ёстой аж. 10.11 дэх заалтын дагуу мэдээллийн сан үүссэнээр тухай морины бүхий л мэдээлэл цугларч, эрлийз, монгол эсэхийг нь ялгахад асуудалгүй гэнэ.

Багш дасгалжуулагч

  • 14.10. Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дараах үүрэг хүлээнэ.
  • 14. 10.1.дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх;

Энэ удаагийн хуулиар допингтой холбоотой хэд хэдэн заалт бий. Үүний нэг нь допинг хэрэглүүлсэн, хэрэглэхийг санал болгосон багш, дасгалжуулагч нарт хариуцлага тооцох юм.

Допинг

  • 18.1. Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • 18.2. Бөх, сурын харваач нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, Дэлхийн допингийн эсрэг коде, Засгийн газраас баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил мөрдөнө.

Допингийн эсрэг үндэсний дүрэм батлагдснаар ямар нэгэн ялгаварлалгүй шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэнэ. Энэ дүрэм нь дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмтэй яг цав нийцэх бөгөөд тус дүрэмд заасны дагуу л бөхчүүд, харваачид шийтгэл хүлээх гэнэ.