УИХ-ын гишүүн П.Анужин "Аутизмийн сургалт, сургалтын агуулга, боловсон хүчний чиглэлээр Япон улстай урт хугацаанд хамтран ажиллах эхлэлийг тавьж чадлаа" гэж мэдээллээ.

П. Анужин "Хүүхэд нь өвдсөн олон аав, ээж ханьгүйдэж байгаа. Амьдралаа шахуу зарсан нь гадагшаа явж, арга барагдсан нь хад мөргөж байна.

Гишүүн гэхээсээ хувь хүний зүгээс хөгжихөд ( саа, хөгжлийн бэрхшээл, аутизм гэх мэт) нь илүү анхаарал, бодлого, хайр шаардлагатай хүүхдүүдэд туслах зорилгоор манай гэр бүл жилийн өмнө япон улсыг зорьж, судалж, зохих хүмүүстэй уулзалт хийж боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллахаар тохирч байсан юм.

Төсөв хүрэхгүй, байхгүй гэх урагшгүй, арчаагүй юм дуулж суухаар өөрийн чадах зүйлээ, өөрт байгаагаа нэмэрлэн ажиллах нь элбэгээ. Энэхүү судалгаа, яриагаа урагшлуулах уулзалтуудыг хийсээр байгаа бөгөөд сайн мэдээ дуулгана аа. Энэ удаа 7 настай хүүгээ Чиба мужид байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт сургадаг цэцэрлэг рүү авч явж танилцуулсан. Маш олон зүйлийг хүү маань тэндээс олж ухаарсан. Хүн хүндээ туслахыг, хамтдаа хөгжихийг харсан. Хүүхдүүд нэг орчинд хамт суралцаж хөгжихийн үнэ цэнийг тэнд мах цусаараа мэдэрдэг юм байна лээ.

Аутизмийн тал дээр, япон улсын сургалт, сургалтын агуулга, боловсон хүчний асуудал маш сайн шийдэгдсэн байдаг. Энэ тал дээр урт хугацаанд хамтран ажиллах эхлэлийг тавьж чадлаа. УИХ-д Нийгмийн бодлогын байнгын хороог ахалж буй хүний хувьд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг үр дүнтэй ажиллуулж, хамгийн гол нь хүний нөөцийг тогтвортой байлгах тал дээр анхаарал тавьж байгаа. Энэ асуудал салбар дунд их хаягдаж ирсэн юм байна лээ.

Мөн шийдэх ёстой чухал зүйлийн нэг нь асаргаа шаардлагатай хүүхдүүдэд олгох тэтгэмжийн асуудал. Аав ээж нь ажил эрхлэх боломжгүй, нэмэлт эмчилгээ, сургалт маш ихээр шаардагддаг тул санхүүгийн хүнд дарамтад ордог, энэ байдал нь гэр бүлийн тогтвортой байдалд ч нөлөөлж, хүнд эмгэг, өвчтэй хүүхдүүдтэй ээж нар голдуу өрх толгойлж үлдэх нь элбэг.

Гэр бүлийн сэтгэл зүйн амаргүй сорилт. Бид тэтгэмжийг нэмэгдүүлж буй ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байна. Иймхэн асуудлыг шийдчих тэнхээгүй болтол нь төрийг мөлжиж, идэж уусан гэхээр байж суухын аргагүй бухимддаг. Бүгд ижил хулгайч, сонгууль ойртлоо энэ тэр гэх биз! Үгүй л дээ! Зүрх сэтгэлд цохиж явдаг асуудлаа сонгуультай сонгуульгүй хийнэ!

“Илүү Хайр Энэрэл хэрэгтэй Монголын хүүхдүүдийн төлөө хамтарч ажиллая, тэд тэдний аав ээж ганцаардах ёсгүй” хэмээн Касэй их сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн эрхлэгч Kataguchi Katsura энэ удаа уулзахдаа хэлсэн юм" гэв.