УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Төсвийн алдагдлыг хоёр их наядаас 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан гэж Ажлын хэсэг мэдээлсэн. Манай улс сүүлийн жилүүдэд алдагдалтай төсөв батлах болсон. Ирэх жил эдийн засаг гайгүй байна гээд орлогоо дээгүүр төсөөлсөн. Алдагдалгүй төсөв батлах боломж байгаагүй юу?

-Үнэн. Алдагдал гэдэг бол өр. 1.5 их наяд төгрөгийн алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газар бонд юм уу, эсвэл зээл авна. Аль аль нь л өрийг нэмэгдүүлнэ. Тиймээс алдагдалгүй батлах ёстой гэдэгт санал нэг байна. Энэ жилийн хувьд орлого тун дажгүй байгаа. Манай экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой байна. Нийлүүлэлт сайн байна. Тиймээс их өөдрөг төсөөллийг Засгийн газраас өргөн барьсан байна лээ. Тухайлбал, 60 сая тонн нүүрс экспортолно. Алт, зэс, төмрийн хүдрийг экспортын өмнөх хэмжээнээс нэмэгдүүлнэ гэж тооцсон. Тиймээс ирэх жил экспортын хувьд гайгүй жил байна гэж төсөвлөсөн байна. Үүнээс илүү орлого олох боломж бий юу гэвэл бий. Бүх түвшиндээ шахвал байгаа. Гол нь бид орлогоо оны эхнээс дайчилж ажиллаж байж 27 их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлж чадна.

-Ажлын хэсгээс зарлагыг 390 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн үү?

-Орлогыг 590 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зарлагыг 390 тэрбум төгрөгөөр бууруулсан. Зарлагыг бууруулахдаа сайд нарын багцыг 1.88 хувиар хасч 320 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн зарим хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, үнийн дүнгээс хасч нийт 70 орчим тэрбум төгрөг бууруулсан. Ингээд нийт 395 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн.

-УИХ-аар дандаа объектийн санхүүжилт ярих юм хэмээх шүүмжлэл бий. Тэгвэл үйлдвэржилт, ажлын байрыг ирэх жилийн төсвөөр хэр нэмэгдүүлж байгаа вэ?

-Энэ жилийн тухайд өмнөх хөрөнгө оруулалтуудаас нэг онцлогтой. Өмнөх нь тойрог, сум хороо дагасан хөрөнгө оруулалтыг их хийдэг байсан. Энэ жилийн онцлог нь бүс нутгийн хөгжил дагасан хөрөнгө оруулалт байгаа юм. Тэр дундаа нэгдүгээрт, эрчим хүч. Хоёрдугаарт, дэд бүтэц. Жишээлбэл, улсын төсөв дээр 20 орчим автозамын төсөл орж ирсэн. Аймгуудыг хооронд нь холбох, мөн аймгаас сум руу холбох дэд бүтцийн төслүүд бий.

Хөрөнгө оруулалт хоёр талтай. Нэг талаас хөрөнгө оруулалт их байх тусам аж ахуйн нэгж, бизнесүүд идэвхжиж тодорхой хэмжээнд ажил хийх сайн талтай. Сул тал нь валютын нөөц, ханшинд нөлөөлөх гээд байдаг. Хөрөнгө оруулалтын төсөл ихэвчлэн импортын бараа шаарддаг сөрөг тал бий. 2024 оны төсвийн нэг онцлог нь Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөөг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ чиглэлд хэд хэдэн арга хэмжээ бий. Тухайлбал, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 40 хувийн цалингийн нэмэгдэл олгож байгаа. Аймагт бол 20 хувь. Өөр бусад нийгмийн хамгааллын асуудлууд бий. Үүнийг дагаж төсвийн асуудлууд явж байгаа. Мэдээж бизнесийн эрх зүйн орчнг сайжруулах чиглэлээр мөнгөний бодлогоор авч байгаа арга хэмжээ бий. Энэ долоо хоногт мөнгөний бодлогыг хэлэлцэж батална. Мөнгөний бодлогод зайлшгүй шигтгэх зүйлүүд бий. Инфляцийг 10 хувьд яаж оруулах вэ гэдэг хамгийн чухал байна. Инфляци 10-аас дээш хувьд хүрчихээд байгаа учраас тэтгэврийг 100 мянгаар нэмсэн. Инфляцид хамгийн их өртөж байгаа хэсэг нь бага орлоготой хүмүүс. Тиймээс ажлын хэсэг дээр ярьж байгаад тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ингэж байж инфляциа гүйцэх юм байна гэж үзсэн.

-Харин ч эсрэгээрээ инфляцийг өдөөх юм биш үү. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн ч дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр гэлтгүй цалинг ч мөн нэмэгдүүлж байгаа шүү дээ?

-Мэдээж цалин, тэтгэвэр инфляцид нөлөөлнө. Засгийн газар инфляцитай уялдуулж нэмнэ гэж байгаа. Энэ утгаар дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэсэн. Жилийн эцсээр инфляци 9.5 хувь руу орох болов уу гэж үзэж байна. Ингэж барих болов уу гэж бодож байна. Өслөө гэхэд 10 хувьд байна. Тиймээс Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулж 10 хувиар нэмж байгаа юм. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр 55 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Гэхдээ орлого нь инфляциа гүйцэхгүй байгаа юм. Тиймээс бага тэтгэвэр авагчдад зориулагдсан бодлого. Энэ нь инфляцид хүчтэй нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийг тэтгэврийн санд 448 тэрбум төгрөгөөр тавьж өгч байгаа. Тэтгэврийг яаж нэмэгдүүлэх, хэдээр нэмэгдүүлэх, үе шаттай байх эсэх, ялгавартай байх эсэхийг Засгийн газар шийднэ. Тэтгэвэр нэмэгдүүлэх дүн 308 тэрбум төгрөгөөр орж ирснийг 448 тэрбум болгосон. Энэ хүрээнд Засгийн газар ярилцаж яаж нэмэхээ нийгмийн бодлогынхоо арга хэмжээтэй хамтатгаж шийднэ. Бид хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж байгаа юм.

-Ер нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх ямар бодлогыг хэрэгжүүлж байгаа вэ. Дундаж давхарга одоо яг бодитоор хэд байгаа вэ?

-Үндэсний статистикийн газраас гаргасан тоогоор сүүлийн үед ядуурлын түвшин тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Энэ нь инфляци, үнийн өсөлттэй холбоотойгоор гарч байгаа тоо. Дундаж давхарга өмнө нь өргөн байсан. Дундаж давхаргынхан хоёр тийшээ яваад байна. Нэг хэсэг нь дээшээ яваад, бусад нь доошоо яваад байна. Угтаа нийгэм тогтвортой байх хамгийн гол зүйл нь дундаж давхарга өргөжиж байх ёстой. Нийгмийн бодлогын хамгийн чухал нь яах аргагүй дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлого байх ёстой. Энэ чиглэл рүү анхаарч байгаа юм бий. Бодлогоор дэмжиж, хэрэгжиж байгаа зарим зүйл бий. Мөн эсрэг явж байгаа зарим нэг зүйл ч байна.

-“Багийн төв, соёлын төвийн төсөвт өртгийг нь их өндрөөр тооцоолсон байна. Тухайлбал, 154 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар тавьсан байна” гэх шүүмжлэл гарсан. Үүнийг яаж шийдсэн бэ?

-Бүгд зураг төсөвтэй. АУДИТ-ын байгууллагаар хянагдсан. Тиймээс ажлын хэсэг зураг төсөвтэй, АУДИТ-ын байгууллагаар хянагдсан хөрөнгө оруулалтыг хянах, хасах ямар ч шаардлагагүй. Ноднин УИХ төсөв дагуулж тогтоол гаргасан. Тэр нь хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар магадлал гаргая. Түүнийг нь заавал АУДИТ-ын байгууллагаар хянуулъя. АУДИТ-ын байгууллага хянахаар зарим тоо багассан ч гэдэг юм уу янз бүрийн дүгнэлт гардаг. Мэргэжлийн байгууллагын хянасан зүйлийг УИХ хянах шаардлагагүй гэж үзсэн. Соёлын төвийн тухайд хувь байр сууриа илэрхийлэхэд, сумдын иргэдийн ганц цугладаг газар нь Соёлын төв шүү дээ. Зарим хүн Соёлын төвд мөнгө өгөх гээд байна гээд байгаа болохоос үнэн хэрэг дээрээ хөдөөгийн иргэдийн жилдээ тоотой хэд цугладаг, уулздаг, арга хэмжээнд оролцдог гол газар нь Соёлын төв юм. Сүүлийн үед хөрөнгө оруулалт бүх түвшинд нэмэгдэж ирсэн. 1960-1980 онд соёлын төв, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, тамгын газрын барилгыг түүхий тоосго ч юм уу, модон материалаар барьсан. Одоо тэр барилгууд нь бүгд шаардлага хангахааргүй болсон. Шинэ үеийн барилга болгох зайлшгүй шаардлагатай болсон. Ирэх жилийн хөрөнгө оруулалтыг хийгээд дуусахаар Монгол Улсын 330 сумын хөрөнгө оруулалтын асуудал овоо шийдэгдэх болов уу гэж бодож байна. Сүүлийн хэдэн жилд энэ чиглэлд маш их хөрөнгө тавьж байгаа. Тиймээс сүүлийн үед бүс нутгийн хөрөнгө оруулалтыг голлоё, сумдын хөрөнгө оруулалтыг больё гэсэн чиглэл барьж байгаа.

-Хавдрын эмнэлгийн барилгын зураг төсөв нь байхгүй учраас эхний ээлжид ахиухан санхүүжилт тавиад эмнэлгийн барилгаа эхлүүлэх саналыг гишүүд гаргаж байсан. Эмнэлгийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бол?

-Хоёр арга хэмжээ авсан. Хэлэлцүүлгийн явцад бид сайд нар, ХСҮТ-ийн захиралтай уулзсан. Шинэ эмнэлгийн зураг төсөл одоогоор хийгдэж байна. Зураг төсөв эцэслээгүй учраас үнийн дүн тавих боломжгүй байна гэж ярьцгаасан. Нийгмийн зайлшгүй шаардлага байгаа учраас ямартаа ч барилгын ажлыг нь эхлүүлье гээд төсөвт бид 10 тэрбум төгрөг тавьсан. Зураг төсвийн гэрээ нь анх 900 сая төгрөгөөр хийсэн юм билээ. Гэтэл одоо нөгөө компанийн зүгээс “байршил өөрчлөгдсөн учраас техникийн нөхцөл өөрчлөгдсөн. Тиймээс үнэд өөрчлөлт орсон, 2.5 тэрбум төгрөг” гээд байгаа юм байна. Эдийн засаг, хөгжлийн сайд тэдэнтэй уулзсан. Сайдын багц дээр оны төгсгөлд зураг төсвийн мөнгө үлдэх юм билээ. Тиймээс энэ хөрөнгөөр гэрээг шинэчилж байгуулъя. Амжвал эхний улиралд багтаан зураг төслөө дуусгая. Хоёрдугаар улиралд тендер зарлаж, ямартаа ч 10 тэрбум төгрөгөөр Хавдрын эмнэлгийн суурийн ажлыг эхлүүлье гэсэн чиглэлийг ажлын хэсэг Засгийн газартай ярилцсан. 10 тэрбум төгрөгөөс илүү мөнгө тавивал ашиглаж чадахгүй юм байна гэж бид үзсэн. Учир нь зураг төсөл нь дуусаагүй. Тендер зохион байгуулагдаагүй. Энэ процессуудыг хараад 10 тэрбум төгрөгөөс илүү ажил хийгдэж чадахгүй гэж үзээд шийдсэн. Ямартаа ч хойтон хийгдчих болов уу гэж бодож байна. Зураг төсөв эцэслэж гараагүй учраас нийт өртгийн дүн гараагүй. Нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс зарим нэг ажлыг ингэж эхлүүлэхгүй бол ирэх жил дахиад л яриад сууж байна. Тиймээс ямар ч байсан эхлүүлэх нь зөв гэж үзсэн. Байршил нь БЗД-ийн 11-р хороонд гэсэн.

-Гишүүн бүрийн тойрогт гурван тэрбум төгрөг тусгаж амыг нь таглалаа гэх шүүмжлэл гарсан. Энэ ямар учиртай вэ?

-Гишүүд төсөвт санал өгөхдөө зарим нь 200, 300 тэрбум төгрөгийн санал өгсөн юм билээ. Сангийн яам мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Төсөвтэй, зурагтай, ТЭЗҮ нь хийгдсэн, үр ашигтай хөрөнгө оруулалтад төсөв тавьсан. Үүний дараа УИХ дээр ажлын хэсэг ажиллахаар гишүүд баахан санал ирүүлж байгаа юм. Тэр саналууд нь зурагтай, төсөвтэй юу, АДУИТ-аар хянуулсан уу гэдгийг хянаад бололцоотой гэсэн хөрөнгө оруулалтад төсөв тусгасан. УИХ-д орлого нэмээд зарлага нэмэх эрх байхгүй. Зарлага бууруулж зарлага нэмэх эрх бий. Тиймээс энэ агуулгын хүрээнд хандсан. Засгийн газрын харьяа байгууллага болон төсөвт байгууллагаас нийт 18 санал төсөвт тусгагдсан. Засгийн газрын харьяа байгууллага, УИХ-ын харьяа байгууллагын саналыг бүгдийг нь нэгтгэж тусгаж байгаад шийдсэн. УИХ-ын гишүүд төсөвт өртөг нь хэт өндөр санал оруулж ирээд байгаа юм. Төсөвт өртөг хэт өндөр байх нь дараа жилийн төсөвт нөлөөлдөг. Түүний дараа дараагийн жилийн төсөвт нөлөөлдөг. Үүнээс гадна инфляцийн түвшинтэй уялдаж төсөв нэмэгдвэл бүр хэцүү болдог. Тиймээс бид төсөвт өртгийг гурван тэрбумаас хэтрүүлэхгүй. Жил жилд нь барьж дуусгах объект байвал сайн байна. Тэгэхгүй өндөр өртөгтэй бүтээн байгуулалт оруулж ирдэг. Өнөөдөр харахад гайгүй юм шиг боловч хоёр гурван жилийн дараа төсөвт сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг агуулгаар нь хандаж гурван тэрбумаас төсөвт өртгийг хэтрүүлэхгүй гэж би ажлын хэсэг дээр ярьж байсан. Үүнийг Г.Ганболд гишүүн чуулганы хуралдаан дээр яриад байх шиг байна лээ. Түүнээс биш танай тойрогт гурван тэрбум төгрөг гэж хуваарилсан асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмчихвэл төсөвт тодотгол хийх үү?

-D-parliament гээд цахим парламенттай болсон. Үүгээр ирж байгаа иргэдийн саналыг УИХ заавал үзэж, судалж, боломж байвал шийдэж байх ёстой. НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох санал 100 гаруй мянган хүний санал авсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ойрын хугацаанд энэ асуудал орж ирэх болов уу. Тэр үед нь ярилцах байх. Энэ оны төсвийн хувьд хууль эрх зүйн орчин шинэчлэгдээгүй учраас таван хувь болгох асуудал 2024 оны төсөвт оруулах боломжгүй болчихоод байгаа юм. Ер нь цаашдаа татвар, төсөв, Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар D-parliament-д санал асуулга явуулахгүй байх ёстой. D-parliament-ын журмыг ойрын үед өөрчлөх чиглэлээр УИХ ажиллаж байна. Иргэдээс “Чи ямар татвар төлөх вэ, чи ямар ял авах вэ” гэж огт асууж болдоггүй. Төрийн бодлогоороо явдаг зүйл. Тиймээс энэ хоёр асуудлаар санал асуулга явуулахгүй байх ёстой.

-Төрийн өмчит компаниудыг нэмбэл ДНБ-д төрийн эзлэх хувь 60 болсон гэж зарим улстөрчид ярьж байна л даа. Энэ бодитой юу?

-60 биш 39 хувь. Сангийн яамны тооцооллоор жилийн эцэс гэхэд ДНБ 75 орчим их наяд болох болов уу гэж тооцоолсон байна лээ. Улсын төсөв 27 их наяд төгрөг байгаа. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-д улсын төсвийн эзлэх хувь 39 гэж бичсэн байна. Сүүлийн үед нэмэгдэж байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, ДНБ-д улсын төсвийн эзлэх жин нь нэмэгдэж байна гэдэгт санал нэг байна. Хувь хүний хувьд миний нэг санаа зовдог зүйл бол зарлага. Бид сүүлийн үед зарлагаа маш их хэмжээгээр нэмж байна. Энэ жилийн тухайд 4.9 их наяд төгрөгөөр зарлага нэмэгдсэн. Үүний голлох хувийг цалингийн нэмэгдэл эзэлж байна. Цаашид төрийн албан хаагчдын тооны асуудал, энэ олон байшин сав санхүүжүүлдэг зарлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Төсвийн шинэчлэл хийнэ гэж байгаа. Бодит байдал дээр төсвийн зарлагын шинэчлэл хийх ёстой гэж би хувьдаа боддог. Одоо яаж байна гэхээр зарлага өсөөд байдаг. Ингээд зарлагадаа тохируулж орлогоо нэмчих гээд байна. Тиймээс цаашдын том асуудал зарлага. Яаж зардлыг бууруулах вэ гэдэгт асуудал байгаа юм. Жишээлбэл, боловсролын зардал хамгийн ихээр нэмэгдэж байна. Таван тэрбум төгрөгөөр 320 хүүхдийн сургууль барилаа гэхэд зарлага нь нэг жилд нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Тиймээс цаашид энэ асуудал дээр шинэчлэл хийх ёстой гэж бодож байна.

-Төсөв дагаж өөрчлөгдөж байгаа 21 хууль яг юу руу чиглэж байгаа вэ. Зарим улстөрчдийн зүгээс Улаанбаатар хотын хувь эзэмшдэг уурхай руу чиглэж байна гэж мэдээлж байна л даа?

-21 хуулийн ихэнх нь татвар, 2024 оны төсөвтэй холбоотой. Өөрийн тань ярьж байгаатай холбоотой нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдаж авах биржийн тухай хуультай холбоотой. Гашуунсухайтын төмөр зам хил дээр очоод зогссон. Ачиж буулгах терминал баригдаагүй. Гэтэл ачиж буулгах төхөөрөмжийг хоёр улсын хэлэлцээрээр БНХАУ-ын China energy компани барихаар болсон юм байна лээ. Тэдний зүгээс нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнтэй холбоотой юм бий. Үүнийг ажлын хэсэг дээр бид ярьж байгаад нэрээр нь шахам тодотгоод тавиад өгсөн юм бий. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг дагасан Тендерийн хууль бий. Үүнд зөвхөн хугацаа бий. Хэрэгжих хугацаатай холбоотой асуудал бий. Үүнийг би ойлгохдоо нийслэлийн уурхайтай холбоотой биш, төмөр замын ачиж буулгах төхөөрөмжтэй холбоотой. Энэ асуудлаар хоёр улсын Засгийн газар хооронд хийгдсэн гэрээний дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль, Тендерийн хуульд жаахан жаахан өөрчлөлт орж байгаа. Хууль дээр тодотгож бичсэн байгаа. Тодруулбал, “төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа”, “УИХ-ын шийдвэртэй” гэж тодотгож бичсэн. Терминал барихтай холбоотой шийдвэрийг УИХ долдугаар сарын 7-нд гаргасан. Гуравдугаарт, “энэ хоёр шаардлагыг хангасан төрийн өмчит компанид хоёр эрх олгож байгаа. Нэгдүгээрх эрх нь, биржийн үнээр бүтээгдэхүүнээ зарна. Хоёрдугаарх нь, шууд гэрээ байгуулна гэж байгаа. Үүнийгээ дээр хэлснээр тодотгосон. Тиймээс зөвхөн терминалтай холбоотой асуудлаар юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

ӨДРИЙН СОНИН