Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай хөөрөлдсөнөө хүргэе.

-Өмнөх үеийнхээ бөхчүүдээс Түвдэндорж аваргатай ойр байсан гэдэг. Аваргатай барилдаж байв уу. Тэр тухай хуучлахгүй юу?

-Халхын их аваргатай хоёр удаа барилдах хувь тохиосон юм. Тавин найман онд спортын төв ордон анх нээлтээ хийлээ. Спортын ордны нээлтэд зориулсан барилдаанд Түвдэн аварга манлайлж бослоо. Аварга бол надаас 21 насаар ах хүн. Уг барилдааны их шөвөгт аварга намайг амласан юм. Хав дөрвөлжин барьцнаас шууд баглаад авахаараа тун эвгүй шүү дээ. Би түүнийг нь эрхбиш гадарлана. Тийм барьц өгөлгүй сэрвүү барьцнаас хүч үзээд унагачихаж байсан. Жаран онд байна уу даа, Ховд хотын ой болдог юм. Түвдэн аварга бид хоёр онгоцоор явж таарлаа. Ховдынхон аваргыг урьсан хэрэг. Би яахав, оюутан хүүхэд дагаад оччихсон. Тэр наадамд Х.Баянмөнх анх тав давж, аймгийн начин болж байсан. Шөвгийн дөрөвт Түвдэн аварга Увсын Норовыг амлаж, Завханы “уран гараат” Г.Баттогтох бид хоёрыг тунаадаг юм. Би Баттогтохыг давж аваргатай үлдээд “Түвдэндорж гуай та түрүүлэх үү” гэхэд “Үгүй, үгүй. Хоёулаа сайхан барилдана” гэж байсан. Намайг давна гэж бодсон байх л даа. Ингээд тэр том ойд аваргыг давж түрүүлж байсан түүх бий.

-Мөөеө аварга улсад анх түрүүлэх жил(1963 он)-ээ шөвгийн дөрөвт тантай тунаж барилдсан. “Со арс­лантай барилдахаар гара­хад хоёр хөлийн өвдөг салганатал чичрээд, амихандаа түүнийгээ мэдэг­дүүлэхгүй гэж гуяа алгадан дороо тойрон эргэл­дэж байлаа” гэж дурссан байдаг?

-Дороо учиргүй дэвхцэж, гуяа алгадаад байж билээ. Намайг сүрдүүлж байна гэж л бодохгүй юу. Тэгтэл хоёр хөлийнх нь өвдөг чичрээд байсан юм билээ л дээ.Тэр үед Мөнхбатыг би ихэвчлэн давдаг байсан юм. Хөвсгөлийн “хужаа” Ө.Чүлтэмсүрэн арс­лан Мөнхбатад “Чи Сосор­барамтай баталгаатай туна­на. Чи олон ойчсон. Чамд түү­нийг хаях ганц арга бай­на. Сосорбарам эхлээд чам руу их хүчтэй дайрна. Энэ дайралтыг чи ямар нэгэн байд­лаар тогтоох ёстой. Цаа­дах чинь дайраад зогсохдоо арагшаа заавал ухарч гиш­гэдэг юм байна. Яг тэр гиш­гэд­лийг тааруулан чи ард нь хөл тавиад түлхчих“ гэж тун нарийн хэлж өгсөн байдаг. Хашир арслан миний барил­дааныг ажиглаад л байж. Яг ийм байдлаар Мөнхбатад би унасан. Дараа жил бид хоёр шөвгийн наймд тунадаг юм. Би Мөнхбатын баруун хөлийг авч энгэртээ авчраад хаяж чадаагүй шүү дээ. Ер нь Мөнхбат надаас их айдаг байв. Учир нь би ах Чадраабалтай нь найз. Одоо ч намайг ах аа л гэнэ шүү дээ. Чи гэж нэг ч хэлэхгүй. Анхдугаар спартакиадын тойргийн барил­даанд би Архангайн бөх, Чимэд-Очир аваргын дүү Намсрайжавыг суйлж хаяхдаа солгой ядам хуруугаа булгалчихсан юм. Тэгээд боож бай­гаад үзсэн дээ. “Ноёны бөх” гэгддэг улсын начин Жоржооны Жигмэддорж, Ж.Мөнх­бат, Ж.Чойжилсүрэн нарт унасан юм даг. Мөнхбат тэр барилдаанд Дундговийн Цэнд-Аюуш арсланд унасан. Тэр барилдааны дараа Төмөр замын соёлын ордонд болсон нэг барилдаанд “Дундговийн мангар улааныг хаяад өгье” гэж амлаж барилдаад бас унасан. Ер нь хэд хэд унасан байх. Цэнд-Аюуш гэж өндөр том биетэй, ханхалзсан эр. Эргэлдсэн улаан алаг нүдтэй сайхан бөх байж билээ. Мөнхбатыг олон хаясныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм.

-Та бол Түвдэндорж, Батсуурь, Дамдин авар­гуудтай барилдаж явсан, мөн өөрийн үеийн Цэрэн, Бээжин аваргууд байна. Залгуулаад “Хоёр Мөнх”, “Тэмээ өргөдөг” Жамьян­дорж, Дэмүүл, Мижиддорж, Чойжилсүрэн, “том” Жамц, Эрдэнэ-Очир, Дагвасүрэн гээд аваргын дайтай хүчит арслангуудтай нэгэн үед зодоглож байсан түүхтэй бөх. Тэдгээр бөхчүүдийн тухай ярилцана гэвэл урт түүх болно. Гэхдээ зах зухаас нь асууя. Жалбуугийн Чой­жил­сүрэн арслан та хоёрыг их ойр байсан гэдэг?

-Яриа юу байхав. 1958 онд анх Монгол Улсын их сургуулиас бие дааж байгуу­лагдсан Хөдөө аж ахуйн их сургуульд хамт орж байлаа. Тэр цагаас хойш Чойжоогоо өнгөртөл нь ойр дотно явсан.Надаас нэг ах хүн байв. Ө.Эрдэнэ-Очир тэр хоёр чацуу юм. Би малын эмч, мань хүн зоотехникч. Сурлага тийм сайнгүй болохоор багшаар үлдэх тухай бодоо ч үгүй байтал бид хоёрыг багшаар үлдээсэн. Жамьянжав багш гэж бурхан хүн. Чойжоо их уран барилдаантай, гэм нь залхуу. Сурч байх үедээ үеийн бидний нөлөөгөөр барил­даж байгаад тэгсхийгээд барил­дахаа больчихсон хүн шүү дээ. Чойжоогийн маань хоёр мөр ч мөн лут даа. Манай хүн ярианд их тааруу. Нэг удаа сурвалжлагч баахан юм асуухад нь ганц нэгхэн зүйл хэлчихээд “Миний тухай Сосорбарам сайн мэднэ. Түүнээс асуу” гэсэн юм гэнэ лээ. Үнэн барилдахгүй, барилд­маар аядсанаа л инээгээд унаад өгнө. 1963 оны наадмын долоогийн даваанд Ш.Батсуурь аварга Чойжилсүрэнг авч би хэдэн хүний дараа Эрдэнэ-Очир, Баянмөнх, Дэмүүл гурваас Дэмүүлийг авлаа. Засуул дээр Чойжоо бид хоёр зэрэгцээд гардаг юм байна. Чойжоо“Би ч мөн азтай хүн ээ. Миний барилдах хүнийг чи хардаа, тоодгоносон хөгшин аварга, чинийх болохоор бул чулуу, чи яана даа, хөөрхий” гэж хор шар малтах аястай хэлж байна. Тэгээдби муу Дэмүүлээ даваадахав. Харин Чойжоо маань аваргыг хоёр хөлөндөө давхар гүйлгээд байдаггүй. Үндсэндээ Батсуурь аварга түүнийг хүүхэд шиг аваад шидчихлээ. Асарт ирээд би “За, нөгөө тоодгоносон хөгшин аваргаа яав” гэтэл “Ингэнэ гэж би ердөө санаагүй” гээд дахин дахин үглээд байж билээ. Мөн Хадааг начин болдог жил тавын даваанд амлан удаж, удаж уначихаад ирэхдээ инээгээд л байх юм. Юу болов гэсэн чинь “Би тэгтлээ муудаа юу, энэ хүүхэд тэгтлээ их хүчтэй хүн үү, нэг тийшээ унаж явтал татаж босгоод нөгөө тийш нь дарах юм. Унахын даваан дээр л өргөөд босгочих юм. Ядартлаа нухуулаад арайхийж нэг унаж амарлаа” гэж байв.

-Чойжилсүрэн гуай жаран хоёр онд “Би аварга боллоо” гэж гуяа алгадаж гараад Д.Жамц гуайг бараагүй түүх бий байх?

-Тэр жил бид хоёр төг­сөх ангийн оюутнууд боло­хоор дадлагад яваад бэлт­гэлд гарч чадалгүй шууд наадамд барилдсан юм. Яахав тэгээд л хаядаг хүнээ баралгүй уначихсан хэрэг. Манай Д.Жамц бяртай л даа, мундагладаг хүн. Харин барилдаан жаахан муутай юм. Сони­ноос нөгөө чөлөөтийнхөн (Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин, Ө.Эрдэнэ-Очир нар) Болгарт анхны бэлтгэлд явсан жил Чойжоо бид хоёр зааланд ээлжлээд л түрүүлээд байж билээ. Ямар сайндаа би нэг өдөр гурав туучихаж байхав. Чойжоо “өмсдөг” Ц.Дамдиндорж, Ч.Бээжин хоёрт огт унахгүй. Намайг уначихаар их зэмлэнэ. Би угаасаа өмсөө, дэгээ хоёрыг хариулж чаддаггүй хүн. Булганы “дэгээ” Н.Батчулуунд (аймгийн арслан) их олон унасан. Тэр ч дэгээгээ л орооно, би ч савчиж, савчиж байгаад л унана. Нэг удаа циркийн жүжигчин Дундговийн Молдой гэж нэг жижигхэн нөхрийг дэгээ ороочихоор нь яаж ч чадалгүй унаад өглөө. Манайхан “Хөлөөр ньоролдвол мөн чмаруухандаа” гээд л намайгаа дооглодог байсан нь тийм учиртай.

-Дэмүүл арслантай, Булганы “дүүгүүр” Гомбо­сүрэнтэй барилдсан хор­жоон­той дурсамжууд их бий. Барилдааныхаа ховор сайхан дурсамжуудыг Бөхийн холбооны Д.Данзан тэргүүнд та нэгэнтээ дурссан байдаг юм?

-Данзан бол өвгөн бидний­хээ хууч яриа, дурсамж дур­датгалыг дандаа тэмдэглэж, олон түмэнд нэг их дэлгээд байдаггүй, амьхандаа нуу­цал­­­даг бүгдийг маань ил гар­га­чихдаг хүн л дээ. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд ид барилдаж явсан үеийн дурсамж дурдат­гал илүүтэй тодрох юм. Жараад оны наадмын бөхийн барилдаан гэдэг чинь одоо бодоход зүрх үхмээр болдог байжээ. Түвдэндорж, Батсуурь аваргууд хараахан хариагүй ид л байсан үе. Дамдин аварга ёстой л нөгөө “гарлаа, өрлөө, давлаа” гэдгээ дуудуулж байсан. За тэгээд “Хоёр Мөнх” аймаар амьтад байна. Цэрэн, Бээжин гэж уран барилдаант аваргууд байна. Тэдэнтэй зэрэгцээд Жамъяндорж, Мижиддорж, Чойжилсүрэн, Эрдэнэ-Очир, Дэмүүл, П.Дагвасүрэн, Ж.Хайдав, У.Пүрэв, Т.Зундуй гээд яралзсан амьтад байлаа. Тэдний дундаас дээшээ гарч ирэх үнэндээ амаргүй. “Тэмээ өргөдөг”-ийг зааланд дэвээд гарахад шал дүн дүнхийгээд байдаг сан. Манайхны хэн нь ч гэсэн Жамьяндоржийг хав бариад дэгээ орооно. Тэгэхэд дэгээ ороосон хөлийг нь мулт татаад өөр дээрээ аваад ирнэ. Гэхдээ түүнд Дамдин аваргаас илүү бяр байгаагүй юм шүү. Дамдин гуайтай золгоход хад чулуу мөргөж байгаа юм шиг аймаар. Дамдин аваргатай би улсын таарч барилдаагүй юм. Аварга намайг амлаж байгаагүй хэрэг л дээ. Заал танхимд бол олон барилдсан.

Дэмүүл маань Өмнөговийн бөхчүүдээ “ЗИЛ-130”-ийнхаа тэвшин дээр ачаад л ирнэ. Их хурц, бэлэн цэцэн үгтэй хүн байв. Бид хоёр барилдаад будилсан удаа бий. Гэхдээ Дэмүүл түүнд огт юм бодохгүй. “Бид хоёр зүг нэг, муу шар толгойт минь” гээд над их сайн байж билээ, зайлуул. Наадамд ирж буцахдаа манай Бараатыг дайрдаг хэрэг л дээ. Нэг удаа заалны барилдаанд Дэмүүл бид хоёр будиллаа. Шүүгч Дэмүүлд “Чи унасан” гэчихэж.Мань эр уурлаад “Хотынхонд дээрэлхүүлэхгүй” гээд л сүйд. Тэгээд дахиж барилдлаа. Би давчихлаа. Гэтэл нөгөө шүүгч чинь “Одоо болов уу, унав уу” гээд асуучихлаа. Манай хүн “уналаа” гээд алгадчихдаг юм. Цагдаа сэргийлэх дуудах юм боллоо. Гэтэл Дэмүүл гэнэт татаад уначихсан. Тэгээдцагдаагийн машинаар эмнэлэг рүү явж байлаа шүү дээ. Болохоо болилоо гэж мэдээд зальдаж байхгүй юу. Тиймл сийрэг толгойтой, гүйлгээ ухаантай хүн байж билээ. Булганы дүүгүүр Гомбосүрэн бол бас л лут бөх. Манайхны хэлдгээр тийм ч амар боорцог байгаагүй. Далаад оны нэгэн барилдаанд бид хоёр хүч үзэж байтал үзэгчид “Сосорбарам аа, наадах чинь дүүгүүрдэнэ шүү” гээд орилолдож бай­на. Тэгтэл мань эр “Та бүх­нийг хэлсэн ч, хэлээгүй ч дүүгүүрдэнээ” гээд хэд хүчтэй эргүүлж байгаад үзэгчид рүү шидчихсэн сэн. Тэр үед хоёр хөл эмнэг адууных шиг байж дээ. Дөрвөн хөллөөд буусан санагдана. Харин толгой жаахан эргэж байлаа. Одоо бол үхэхгүй юү. Гомбосүрэн начин тийм л аатай барилддаг бөх байсан.

-Самдангийн Оргодол гэж танай Баянбараатын сайхан бөх байсан. Тавин таван оны наадамд хөтөлгөө морьтой ирж түрүүлчихээд буцсан юм гэнэ лээ. Үнэн юм болов уу?

-Тэр ч үнэний ортой байх шүү. Оргодол гуай 1954 онд Дундговь аймгийн наадамд Шарын Доржтовуу начинтай барилдахаар очсон байгаа юм. Тэгтэл шөвгийн дөрөвт үлдээд Чимэддорж гэж хүнд уначихаж. Өнөө Доржтовуутайгаа барилдаж чадалгүй аймгийн начин цол аваад буцжээ. Хойтон жил нь улсын наадамд зодоглох санаатай сумын даргадаа хэлтэл “Хадлан тарианы цаг эхлэх гэж байна. Юуны чинь найр наадам” гээд хавьтуулсангүй гэнэ. Тэгэхээр нь ямар ч байсан улсын наадамд зодоглоно доо гээд унаа морио уяачдад өгч явуулаад, өөрөө замын унаанд эмээлээ аваад суусан гэдэг шүү. Тэр жилийн наадам чинь гурвын даваанаас сугалаагаар барилдсан. Мань хүн У.Мижиддорж, Г.Цоодол гээд хүчтэй арслангуудтай таарч хаясан байдаг. Тун ч их бяртай хүн л дээ. Хэд хүч халаад гар дээрээ хий цохиод татчихдаг мэхтэй. Түүнд нь тогтох хүн ховор. Хоёр хөл нь гозойгоод л яваад өгнө.

-Та Оргодол арслантай барилдаж байв уу?

-Наймдугаар ангид орох жилээ Бараатынхаа наадамд анх барилдсан. Миний барил­дана гэж ямар юм байхав. Арслан мэх хийхэд туранхай чөргөр хүн чинь суганд нь наалдчихаад болж өгөхгүй байж. Тэгтэл гэнэт хүчтэй сэжихдээ тохойгоороо хамрыг минь сөхчихлөө. Хамрын хоёр нүхнээс зэрэг цус садраад тогтдоггүй. Хоёуланг нь бөглө­төл амаар гоожоод байж билээ. Оргодол гуай “Өндөр Лувсанчимэдийн энэ хүүг хоёр жилийн дараа би барахгүй шүү” гэж байлаа даа. Үнэндээ ч хоёр жилийн дараа арслан давж сумынхаа наадамд түрүүл­сэн. Бид хоёрт нэг нэг бор эсгий өгч байлаа. Үзүүр түрүүний бөхчүүдийн бай. Арслан байныхаа эсгийг эмээлийнхээ араар, мориныхоо хондлой дээр нэвсийтэл хаяад мордтол морь нь булгиад л, наадамчид “хүүе хаая, яадаг билээ” гэж хашгиралдаад л. Манай хүн тоож байгаа ч юм алга. Морио булгиулаад хээв нэг инээж харагдаж билээ. Адуу маланд мөн ч эрэмгий хүн байсан даа.

-Наадмын өмнө өвгөн арслантай уулзаж байна. Энэ жилийн бөхийн өнгийг тодорхойлж хэлэхгүй юу. Та­най галаас дээшээ барилдах бөхчүүд хэн байна?

-Богд хаан уулынхаа өвөр бэлийг бараадсан Өвөр хөндлөн хэмээх энэ газар сүүлийн хэдэн жил Эрдэнэ-Очир бид хоёр Төв аймгийнхаа бөхчүүдийг авч бэлтгэлд гарч байна. Цагаан толгойтой хоёр өвгөн гэртээ тогтож чадахгүй энд ирээд хэвтчихдэг. 60 шахам жил наадмын бэлтгэлд гарч байна. Гэр бүлийнхэн, хүүхдүүд одоо боль л гэдэг. Гэвч миний бие хөлс, тоос хоёртой хутгалдах хувьтай юм байлгүй дээ. Бөхийнхөө буянаар 70 настайдаа гавьяат авлаа. Энд ирээд хэвтэж байх нь жаргал юм. Сүүлийн хэдэн жил надаас олон хүн наадмын бөхийн өнгийг асууж байгаа. Би тэр энэ түрүүлнэ гэж хэлж байсангүй. Нэг хэсэг монгол бөхийн чанар заануудад байсан. Ялан­гуяа залуу зургаан заан гэж манай­хан ярьж байлаа. Тэд бүгд аварга, арслан, гарьд болцгоосон. Б.Ганбат л заанаараа байж байгаад сүүлд арслан боллоо. Уул нь би Ганбатыг ирээдүйн аварга мөн дөө гэж бодож байсан. Гэвч арслангаар үлдэж байна. Одоо бол наадмын түрүү үзүүрийн бөхийг таах багцаагүй болсон. Аймгийн цолтой бөх ч түрүүлэхийг үгүйсгэх аргагүй болсон. Шижигнэсэн начин, харцага, заанууд байна. Тэднээс зарим нь дээшээ гараад ирнэ гэж таа­вар­лаж байна. Манай галаас Б.Батмөнх заан, Ч.Батчулуун начин гээд дээшээ барилдах залуучууд байна.