Э.Ила

Дуулиант хөтөлбөр хэрэгжих цаг үеийн шаардлага

Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жижиг хэрэглэгчдийн дийлэнх нь Налайх болон Багануурын нүүрсний уурхайгаас, цөөн хувь нь Алагтолгойн нүүрсээр хэрэгцээгээ хангадаг байлаа. Гэвч Налайхын уурхайг тойрсон 174 аманд 1500 орчим хүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд гар аргаар олборлолт хийж байсны улмаас жил бүр 10 гаруй хүний амь нас эрстэж ирсэн тул 2012 онд Засгийн газрын шийдвэрээр уурхайн үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү Налайхын уурхай хаагдсанаар Багануурын уурхайн ачаалал нэмэгдсэн байна. Тус уурхай жилд дунджаар 3.5 сая тн нүүрс олборлодог ч 60-80 мянган тонныг л Улаанбаатарын иргэдэд галт тэргээр зөөвөрлөн хүргэдэг байжээ. Энэ нь нийслэлчүүдийн хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй тул иргэд өөрсдөө уурхайн аманд очиж, дугаарлан, аль аль талдаа хүндрэл үүсгэж байгаа талаар уурхайн удирдлагууд тухайн үеийн засгийн тэргүүнд хэлсэн байдаг.

Жилээс жилд шуудайных нь хэмжээ багасах хэрнээ үнэ нь өсөх нүүрсний өртгийг хямдруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Монгол Улсын Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн талаар Засгийн газрын ямар нэгэн  тогтоол, шийдвэр гараагүй хэмээн мэдэмхийрэх хүмүүс бий. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилийн 2012 оны есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан Ажлын хэсэг томилох тухай 13 тоот тушаал цагаан дээр хараар бичигдсэн байдаг. Ажлын хэсэг юуны өмнө тухайн үеийн зах зээлийн ханшийг судалж, ямар дамжлагаар, хэрхэн хүргэвэл эцсийн хэрэглэгчдийн гарт хамгийн ойр бас хямд байх вэ гэдгийг тооцоолон, сарын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан байна. Үүний дараа “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануурын уурхайд ажилласан байдаг. Энэ үеэр Ерөнхий сайд болон уурхайн удирдлагуудын хооронд өрнөсөн яриаг сийрүүлэн хүргэсү.

Н.Алтанхуяг: 100-хан километрийн цаана том уурхайтай, ийм их баялагтай байж, нүүрсэн дээрээ зодолдоод, нүүрсний үнэ нь өсөөд байж болохгүй. Танай энд иргэдэд зориулсан нүүрс 27500 төгрөг байхад Улаанбаатарт хэдэн төгрөгт хүрснийг та нар судалж үзсэн үү?

“Багануур” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Базарсүрэн: Үзсэн. Хоёр хоногийн өмнөх байдлаар манай нэг тн нүүрс 210 мянган төгрөг болчихсон байналээ.

Н.Алтанхуяг: Эндээс шигших зардлаа нэмэхээр хэдээр гарч байна?

Б.Базар: Эндээс 27500 төгрөгөөр гарч байгаа нүүрсэн дээр шигших зардлаа нэмбэл 30000 төгрөг болно.

Н.Алтанхуяг: Шигших зардлаа оруулаад эндээс 30000 төгрөгөөр гарч байгаа нүүрс Улаанбаатарт Доржийнх гэдэг айлд орохдоо 200.000 төгрөг болчихоод байна. Бараг 7 дахин өсч байна. Маш их хэмжээний зардал үүсч байна шүү дээ. Замд нь өчнөөн дамжлага бий. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол үүнийг ядаж хоёр дахин багасгамаар байна.

Энэ уулзалтаас хойш тун удалгүй “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр 11-р сараас эхэлсэн тул тэр өвөлдөө 100 мянган тонн, дараагийн жилд 180 мянган тонн гээд нийт 280.000 тонн нүүрсийг Улаанбаатарын гэр хорооллын оршин суугчдад нийлүүлжээ.

Иргэд 47,6 тэрбум төгрөг хэмнэсэн

Хэрэглэгчдийн хэтэвчний хэмжээ янз бүр. Зарим нь өвлийнхөө түлшийг нэг мөр машинаар авчихдаг бол зарим нь өдөр бүр шуудай, тороор зөөнө. Мэдээж, энэ нь зардлыг өсгөдөг. Тэр үед портер нүүрс 150-200 мянган төгрөг байсныг иргэд болон холбогдох албаны эх сурвалжууд баталдаг. Нэг тонн ачих хүчин чадалтай ч манайхан даац хэтрүүлэн 1.2 тн орчим нүүрс ачдаг гэж портерын жолооч нар хэлдэг. Энэ нь 6 кг-аар савласан 200 уут нүүрс болно. Үүнийг жижиглэнгийн үнэ болох 1500 төгрөгөөр тооцоход 300 мянган төгрөг болж байна. Тэгвэл “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд 40 кг-аар савласан том шуудайтай нүүрсийг гэрийнхээ гаднаас ердөө 3200 төгрөгөөр худалдаж авах боломжтой болсон юм. Үүнийг портер /1,2 тн/-т шилжүүлвэл, 40 кг-аар савласан 30 шуудай болох бөгөөд тус бүрийг нь 3200 төгрөгөөр борлуулахад 96 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл, тонн нүүрсний үнийг 80 мянган төгрөг хүртэл бууруулсан гэсэн үг. Ийнхүү “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихийн өмнөх болон дараах үнийн хооронд даруй гурав дахин зөрүү гарч байгаа юм.

Эндээс иргэдийн мөнгө хэмнэгдсэн. Харин хэд вэ гэдгийг тоймлон тооцъё Нэг тонн буюу 1000 кг нүүрсийг 6 кг-аар савлахад 167 орчим уут болно. Үүнийг 1500 төгрөгөөр үржихэд 250 мянган төгрөг. Энэ бол хөтөлбөр хэрэгжихийн өмнөх жижиглэнгийн бодит үнэ. Харин “Нүүрс” хөтөлбөрөөс санал болгосон үнэ тонн нь 80 мянган төгрөг. Тонн тутмаас 170 мянган төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр иргэд хөтөлбөрийн хүрээнд борлуулсан 280 мянган тонн нүүрсийг худалдаж авахдаа 47,6 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн үг. Нэг өрх дунджаар 5 тн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл нийт 56 мянган өрх буюу нийслэлийн гэр хороололд амьдардаг өрхийн 30 гаруй хувь нь энэ хэмжээний мөнгийг халаасандаа үлдээж чаджээ. Энэ бол том үр дүн, иргэддээ хүрч чадсан ажил.

 

Л.Гансүхийг хэрэгтэн болгох нь хэний сонирхол вэ

Иргэдийн халааснаас багагүй мөнгө хэмнэсэн энэ хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг санаачилж, түүний ахлах зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллаж байсан. Гэвч Л.Гансүх өнөөдөр эрх чөлөөгөө хасуулж, өргөст торны цаана сууж байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, 4.6 жил хорих ялаар шийтгэсэн. Дээр нь улсад учруулсан гэх 2,6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой. Мөн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Зөвхөн энэ шийдвэр л Л.Гансүхээр овоглосон нүүрсний хэрэг гээчийг захиалагчдын зорилгыг тодхон илтгэнэ. Монголд сүүлийн 25 жилийн дотор анхны улс төрийн хэрэгтэн ийнхүү тодорсон юм. Энэ хүнээр туг өргөж, “хамсаатан”-уудыг араас нь явуулах гэсэн хэрэг. Үгүй дээ л, томоотой байхгүй бол нөхрийн чинь араас явуулж чадна шүү гэсэн сүрдүүлэг хэмээн уншигдаад байгаа юм.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг гэр бүлийнхнийхээ байгуулсан компанид өгсөн хэмээн Л.Гансүхийг буруутгадаг. Гэтэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Эм Жи Эл Эс Би” компанийг 2009 оны 8-р сард М.Сүхбаатар гэх хүн үүсгэн байгуулсан нь эрх бүхий байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Л.Гансүх болон түүний гэр бүлийнхний нэр энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад огт байхгүй. Олон сар хоригдож шүүгдсэн, нягтлан бодогч Н.Мөнгөнтуяа гэх бүсгүй Л.Гансүхтэй хамаатан гэдгээ олон нийтэд зарласан. Ажил олгосныхоо хувьд ойрын хүнээ ажилд оруулаа л биз, энэ чинь амьдрал шүү дээ. Та ч, би ч, бидний хэн нь ч Л.Гансүхийн оронд байсан бол ийм зүйл хийх л байсан. Учир нь бидний эргэн тойронд ажилгүй хүн өчнөөн л байдаг, тэдний нэгийг нь ч болов ажилтай, орлоготой болгочих юм сан, туслах сан гэж хүсдэггүй гэж үү. Ер нь тэгээд хувийн компани хэнийгээ ажилд авах нь маньд юуны хамаа байх вэ дээ.

Нөгөөтэйгүүр, нүүрс нийлүүлсэн “Багануур” ХК хохирсон уу гэвэл бас үгүй. Үүнийг дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлана. Ямартай ч олон нийтэд нээлттэй явуулсан шүүх хуралдааны үеэр тус компанийг төлөөлсөн ажилтан бүсгүй компани ямар ч хохирол амсаагүй, шахалтанд ороод мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээсэн. “Шахагч” нь мэдээж, АТГ. Н.Алтанхуяг, АТГ-ын хооронд дайн дэгдээд удаж буйг монголчууд бүгд л мэднэ. “Нүүрс” хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгчдийг ялласнаар шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг унагаж, муухай харагдуулж чадна гэж АТГ тооцоолсон. Харин АТГ-ын цаад захиалагч нь хэн байв?

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав

Шинэчлэлийн Засгийн газар Багануурын уурхайн үйл ажиллагааг сайжруулахад дараах чиглэлүүдээр дэмжлэг үзүүлсэн байдаг.

1. Цахилгаан станцуудад нийлүүлдэг байсан үнийг 20500 төгрөгөөс 22500 төгрөг болгон өсгөсөн. /Багануур” ХК-ийн ТУЗ-ийн 2013.08.08-ны өдрийн 05 тоот тогтоол/

2. Тус компанид 6 жилийн хугацаатай, жилийн 9,6 хувь хүүтэй, 18.6 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгуулсан. Дотоодын арилжааны банкны зээлийн хүү жилд бараг 20 орчим хувь байдаг тул “Багануур” ХК зөвхөн хүүгийн зөрүүгээс жилд 1 тэрбум төгрөгийн хэмнэлт  хийжээ. /Засгийн газрын 2012.07.12-ны өдрийн тогтоол/

3. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихээс өмнө Багануурын уурхай нүүрсээ цахилгаан станцуудад 20500 төгрөгөөр, иргэдэд 25000 төгрөгөөр нийлүүлдэг байсан нь ТУЗ-ийн тогтоолоос харагддаг. Харин “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд тонн нүүрсийг цахилгаан станцад нийлүүлдэг үнээрээ буюу 20500 төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан ч Засгийн газрын тэргүүн уурхайг ашигтай ажиллуулах үүднээс 27000 төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан байдаг. Мөн боруулалтыг ч нэмэгдүүлсэн. /Зураг 3, 4/

4. Багануурын уурхайн нөөц 380 сая тонн. Тус компанийн эзэмшлийн талбайг тойруулаад хувийн компаниудад олборлолт хийх зөвшөөрөл хууль бусаар олгосон байсныг цуцалж, хувийн хэвшлийнхний эзэмшилд байсан 450 сая тонн нөөц бүхий талбайг “Багануур” ХК-д шилжүүлэн өгсөн байна.

Ийнхүү үйл ажиллагааг нь өргөжүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд бүхий л талын дэмжлэг үзүүлсээр атал “Багануур” компанийн удирдлагууд “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах” гэгчээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийг яллах “жүжиг”-т оролцон тоглосныг түмэн олон харсан. Яагаад? “Нүүрс” хөтөлбөр анхнаасаа тэдний ашиг сонирхолд нийцээгүй. Учир нь тус компанийн удирдлагууд “Багануур илч” хэмээх охин компани байгуулж, түүгээрээ борлуулалт хийлгэн мөнгө “тарьж”, хувийн амьдралаа дээшлүүлэн, сонгуульдаа ч нэмэр болдог гэдгийг гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг л юм билээ. Гэвч тус компанид нүүрс шигших тоног төхөөрөмж байгаагүй тул мөнгөтэй компаниар уг ажлыг гүйцэтгүүлэхээр болсон.

Олборлосон нүүрсийг уурхайн амнаас конвертороор дамжуулан шигшиж, гурав ангилна. Товчхондоо, нунтаг болон том ширхэгтэйг нь цахилгаан станцууд, уурын зуухнуудад, харин дундын хэмжээтэйг иргэдэд нийлүүлдэг. Шигшсэн нүүрсийг аман дээр шуудайлаад вагонд ачин, Амгалан болон Толгойт өртөөн дээр буулгахад замдаа бутарч, хаягдал ихээр гарч байсан тул шуудайлахгүйгээр ачиж, дээрх өртөөнүүдэд буулгасны дараа дахин шигшин ангилж, шуудайлаад, амыг нь битүүлэн оёж, портерт ачин хороо бүрт хүргэх болсон. Эдгээр дамжлага дээр нийтдээ 700 ажлын байр бий болж, төчнөөн гэр бүлийн орлого нэмэгдсэн байдаг. Ийнхүү олон хүн ажлын байртай болсон, түүнээс ч олон хүн хямд нүүрс хэрэглэж, мөнгөө хэмнэсэн гээд иргэддээ хүрсэн “Нүүрс” хөтөлбөр улс төрчдийн тоглоомын уршгаар зогсч, иргэд эргээд өндөр үнээр нүүрс худалдаж авсаар ...