Монгол Улс түүхэндээ анх удаа Их эзэн хааныхаа нэрийг барьж, өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд гаргаж, 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө босгосон. Энэхүү хөрөнгийг босгож ирсэн хүмүүс бол улсдаа нэлээдгүй гавьяа байгуулсан болж таарч байгаа гэх. Учир нь “Чингис” бондын 1,5  тэрбум ам.доллартай болоогүй бол төсвийнхөө алдагдлыг нөхөж чадахгүй, валютын орлогогүй сүйрэх байсан тухай албаныхан дуулгадаг. Маш бага хүүтэй гэх энэхүү зээл хүүгийн дарамт үүсгэхгүйгээр Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах гэнэ. Дарамтгүй байх нөхцлийг хэрхэн бүрдүүлсэн байна вэ гэхээр Засгийн газар Монголбанктай гэрээ хийж, хүүгийн зардалд нэг ч төгрөг гаргахгүй гэж байгаа. Бондын хүү нь жилийн 4.125 хувь ба 5.125 хувь дээр тогтоогдсон. Энэхүү хүүгийн төлбөрийг жилд хоёр удаа төлнө. Бондын хөрөнгө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Монголбанкны дансанд орж эхний хагас жилийн хүүгийн төлбөр болох 35,85 сая ам.доллар буюу 51,5 тэрбум төгрөгийг өнгөрсөн зургадугаар сарын 6-нд төлсөн байна. Одоо хагас жилийн хугацаанд бид мөн л ийм мөнгийг зөвхөн хүүнд зориулна.
Харин сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг бондын өрийн дарамтыг буруу тооцоолж “Чингис” бонд мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болгосон хэмээн шүүмжилж байгаа юм. Бондын хөрөнгө орж ирснээс хойш бараг л хагас жилийн дараа эхний хөрөнгө оруулалт хийх дөрвөн төслийн жагсаалт гаргасан юм.Эдгээр нь:

 1.  Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.

 2.  Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ.

 3.  Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна.

 4.  Ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлэх юм.

Ийнхүү улсын төсвөөс гадуурх төсөв болон хувирсан “Чингис” бондын хөрөнгөөс хэрэгжиж байгаа төслүүд эхнэээсээ бодит хөрсөн дээр бууж эхэлсэн. Бүтээн байгуулалтын үйл явц ч харагдаж байна. Харин энэ үйл явцыг эдийн засагчид богино хугацаанд үр ашгаа өгөх салбарт зориулах нь ашигтай тусна хэмээн үзэж байгаа. Одоогоор бондын хөрөнгөөс 400 сая ам.долларын зарцуулалтыг шийдээгүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд оруулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ бондоос зөвхөн төслүүдийн 30 хувьд л санжүүжилт хийж байгаа. Өөрөөр хэлбэл төслийн гуравны хоёрыг тухайн компани, үлдсэнийг нь бондоос санхүүжүүлнэ гэсэн зарчмаар явж байгаа юм. Бондын зөвлөлийнхөн энэ зарчмаа бага мөнгө их болгон хувиргаж, хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэлбэр хэмээн тайлбарласан.  Тэд үлдсэн хөрөнгөө ноос ноолуурын салбарыг хөгжүүлэхэд тухайлбал, “Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” гэсэн төсөл хэрэгжүүлж, оёдлын салбараа хөгжүүлснээр бүх төрлийн дүрэмт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг хангах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой хэмээн төлөвлөж байгаа аж. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар хот орчимд 15 ферм, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулах асуудал мөн бондын санхүүжилтэд багтаж буй. Үүнд, Чингис бондын хөрөнгөөс 27,7 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн төрөл бүрийн нарийн ногоог зах зээлд тогтмол нийлүүлэх зорилгоор өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжихээр төлөвлөсөн байна.

үргэлжлэлийг энд  дар
 

П.ТӨР