Өнөөдөр та бид ганц хоёроороо ч юм уу эсвэл сүрэг сүргээрээ явах нохдыг хотын аль ч хэсгээс харж болно. Хотоор “зугаалж” байгаа тэдгээр нохдыг бүгдийг нь золбин гэхэд хэцүү. Нохой гэдэг амьтан л юм болохоор түүнд идэж уухаас эхлээд бие махбодь, физиологийн бүхий л хэрэгцээ байгаа.

Тиймээс эзэнтэй ноход ч үе үе “найзуудтайгаа” нийлэн хотоор зугаалах нь ердийн үзэгдэл болжээ. Нийслэл Улаанбаатар хотод 500 гаруй мянган нохой байна гэсэн судалгаа гарсан байна. Хүнээсээ илүү нохойтой болох цаг хаяанд ирээд байна. Эзэнтэй, эзэнгүй нохдод хамаарсан олон асуудал нь Нийслэл хотын маань шийдвэрлэх “толгой гашилгасан” асуудлуудын нэг болж байна. Тэгвэл ямар арга замаар нохойны тоо толгойг хязгаарлаж, нохойтой холбогдсон олон асуудалд “баяртай” гэж хэлэх вэ?

Жингэр жилдээ хоёр удаа гөлөглөж, нэг удаа гөлөглөхдөө зургаагаас доошгүй гөлөг гаргадаг. Нохойны үржлийг хянахгүй бол нэг жингэр салбарлаж геометр прогрессоор үржсээр зургаан жилийн дараа 67000 нохой болж үржих олон улсын тооцоо, судалгаа байна.

Нийслэл хотод олны нүдэн дээр нохой буудаж устгаж байгаа нь оновчтой зөв арга биш юм. Монгол хүн эрт дээр цагаас хүний үнэнч нөхөр хэмээж бусад амьтдаас илүү дотночлон үздэг байсан нохойгоо нийслэл хот дотроо, хүн амьтны дунд буун дуу гаргаж хороож байгаа нь хүн амьтны аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулж байна.

Мөн агнасан нохойгоо задгай портер дээр цусыг нь гоожуулан ил задгай ачиж хотоор авч явдаг. Агнасан нохойныхоо хошууг тоолуулж цалин хөлсөө авдаг учир нохойны их биеийг гуу, жалган дотор орхиж хаях тохиолдол байдаг гэнэ. Нохойны сэг зэмийг нь газрын хөрсөнд булсан тохиолдолд ариутгалын бодис хийх ёстой байдаг ч хийдэг үгүйг нь ёстой бурхан л мэдэх байх даа. Эдгээр нь байгал орчин, агаар, хөрсийг бохирдуулж, халдварт өвчин гарах нэгэн том шалтгааныг бүрдүүлж өгч байна.

Жил бүр улсаас нохой буудаж устгах ажилд их хэмжээний мөнгө төсөвлөдөг

Нохой ухаантай амьтан учир нохой агнадаг анчны үнэрийг анддаггүй гэнэ. Мөн нэг нохой буудангуут нөгөө ноход нь тал тал тийшээ таран оддог нь нохой агнах нь тийм ч амар ажил биш арга ухаан, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил болохыг харуулж байна.

Жил бүр улсаас нохой буудаж устгах ажилд их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Гэвч энэ арга нь түр зуур нохойны тоог багасгадаг ч хавар, намар нохойны орооны үе эхэлж, дахиад гудамжны нохойны тоо ихэсдэг. Дэлхийн олон орон нохойны үржлийг мэс ажилбараар хаах аргаар нохойныхоо тоог хязгаарлан барьж байдаг юм байна. Энэ нь бүрэн наркоз хийсний үр дүнд мэс ажилбарын аргаар охин нохойны сав өндгөвч, эр нохойны төмсгийг боох арга юм. Үүний үр дүнд нохой гөлөглөхгүй, ороо орохгүй болдог.

Нийслэл Улаанбаатар хотод 500 гаруй мянган нохой байна гэсэн судалгаа гарсан байна

Нохой бол үр зулзагаа үлдээхээс илүү эзний хайр халамжийг хамгийн ихээр хүсдэг хүний үнэнч анд. Тэдэнд өвдөх, шаналах, айх, өрөвдөх, өлсөх, даарах, гомдох зэрэг бидэнд байдаг мэдрэмжүүд байдаг боловч үр төлөө үлдээсэнгүй гэж төдийлөн чухалчилдаггүй. Энэ мэс ажилбар нь савны хавдар, хөхний хавдар гэх мэт өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Мөн нялх гөлөг хөлдөж, өлсөж, машинд дайруулж үхэх аюулуудаас сэргийлнэ. Туулганд давхар хамрагдаж хүн, амьтанд халдварлаж болох олон шимэгч хорхойноос ангижирна.

Энэ аргыг хэрэглэснээр 10 жилд нохой буудах төслийг 5 жилийн дотор зарцуулж асуудлаа шийдээд түүнээс цааш нохойны тоог бууруулахын тулд улсын төсвөөс хэдэн саяар мөнгө төсөвлөх шаардлагагүй болно.

Т.Буянаа