Парис хотноо болох нэгдсэн үндэстний байгууллагын уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол улсын иргэд засгийн газраасаа бодит арга хэмжээ авахыг шаардаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний нийгмийн байгууллагууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулах компанит ажил өрнүүлж, ерөнхий боловсролын 10 сургууль, захын хорооллын иргэдийн төлөөлөл хамтран дэлхий даяар өрнөж байгаа мянга мянган иргэдийн хөдөлгөөнд нэгдэж “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БИДНИЙ АМЬДРАЛД-МАСКТАЙ МАРШ” зохион байгуулж байна. Энэхүү хөдөлгөөн нь улс орнуудын Засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахын тулд Олон улсын гэрээнд гарын үсгээ зурж, түүний мөрөөр бодит үйл ажиллагааг нэн шуурхай авахыг шаардах зорилготой.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө Action/2015 нь 2000 гаруй байгууллага, сүлжээ, 150 орны эвслээс бүрдсэн дэлхийн хамгийн том иргэний нийгмийн кампанит ажлыг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аян өрнүүлж байна. Монголын иргэний нийгмийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, тэгш бус байдалын эсрэг тэмцэлд ахиц дэвшил гаргахын төлөө энэ хөдөлгөөнд нэгдэж байна.

Уур амьсгалын өөрчөлттэй тэмцэхийн тулд 150 гаруй оронд 2000 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж байна. Жишээлбэл:
• Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагчид, захын хороолын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БИДНИЙ АМЬДРАЛД- МАСКТАЙ МАРШ” -ийг 11-р сарын 27-ны өдөр, 11-р сарын 23-27-ны өдрүүдэд Хэнтий , Дорнод, Өмнөговь аймаг, Налайх дүүргийн ерөнхий боловсролын зарим сургуулиуд дээр “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БИДНИЙ АМЬДРАЛД - НЭГ ӨДРИЙН МАСКТАЙ АЯН” зохион байгуулж байна.
• Уганда Улсын Кампала хотод Ромын папын Африк тивийн анхны айлчлалын үеэр мянга мянган иргэн цугларч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах шаардлагыг Засгийн газартаа хүргүүлж байна.
• Бразил Улсын Сан Пауло хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхийг шаардсан, мөн өөрсдийн боловсруулсан шийдлээ танилцуулах иргэдийн цуглаан болно.
• Энэтхэг Улсын 7 хотод дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон нийтийн алхалт, йога, дугуйн уралдаан, жагсаал, цуглаан, зохион байгуулах юм.
• Франц Улсын Парис хотод халдлагын улмаас хөдөлгөөн, цуглаан зохион байгуулахыг хориглосон учир идэвхтнүүд нь бусад орны иргэдийг Бейрут, Багдад болон Кана хотуудын оршин суугчдын өмнөөс цуглаан зохион байгуулахыг уриалж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх болон ядуурал, тэгш бус байдлыг арилгах нь нэг зоосны хоёр тал юм. Бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахгүйгээр тогтвортой хөгжлийг авчирч чадахгүй. Ядуурал, тэгш бус байдлыг зогсоож байж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл багасна. Улс орнуудын Засгийн газар тэгш бус байдлыг арилгах, ядуурлыг бууруулах, шинээр батлагдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийг үнэхээр хүсч байгаа бол эрчим хүчний эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч рүү 100% шилжүүлэх ёстой.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтээрээ баримтлах бодлогыг баталснаар хөгжиж буй болон ядуу буурай улс орнуудад нүүрс түлснээс үүсэх агаарын бохирдлыг бууруулахад, эмзэг бүлгийн иргэдэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход бодит тусламж болно. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цаг болж, хүн төрөлхтнийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх цаг болсныг илтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний амьдралд нөлөөлж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахын төлөө Засгийн газар дорвитой арга хэмжээ авах ёстой.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар малчид, тариаланчид, ногоочид болон эмзэг бүлгийн иргэдэд хамгийн хүндээр тусч байна. Байгалийн гамшиг, зуд, ган, үер, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг нь бүгд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм.

Монгол Улсын Засгийн газраас “Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр”-ийг 2011 онд баталж, 2016 он гэхэд эхний үе шатны хэрэгжилтийг дүгнэхэд ганц жил үлдсэн байна. Мөн байгаль орчинтой холбоотой бодлого, хөтөлбөр 30 орчим гарсан хэдий ч түүний хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм оновчтой бус байна. Үүний нэг жишээ Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал болоод байна. Өвөл утаа, хавар хөрсний бохирдол, Туул голын ширгэлт, бохирдолт гэж ярих төдийгөөр хязгаарлаж үр дүн, үр ашигтай ажил хийгдэхгүй байна. Энэ бүхний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Иймд бид Засгийн газраас агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварыг багасгахыг өнөөдөр шаардаж байгаа юм.

БИДНИЙ УРИАЛГЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ.

Зохион байгуулагчид:
Монголын эмэгтэйчүүдийн сан
Монголын Эмнести Интернэйшнл ТББ
Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төв ТББ