Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид энэ сарын 21-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Тэгвэл С.Баярцогтын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэв. Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:

1. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

Тайлбар: (Энэхүү конвенци нь энхийн зориулалтаар ашиглаж байгаа цөмийн реакторын ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагаа болон энхийн зориулалтын хэрэглээнээс үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаанд үйлчилдэг байна)

2.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Тайлбар: (Уг протоколд манай улс нэгдэн орсноос хойш 30 хоногийн дотор Олон улсын атомын энергийн агентлагт цөмийн материалын анхны тайлангаа хүргүүлэх үүрэгтэй бөгөөд цаашид тайлангаа шинэчлэн цөмийн материалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллээ хүргүүлж байх үүрэг хүлээх юм байна. Уг шинэчилсэн протоколд нэгдэж орсноор манай улс Олон улсын атомын энергийн агентлагаас Цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлэхэд олон талын дэмжлэг туслалцаа авах боломжтой болох юм байна.)

3. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

4.Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Тайлбар: (Уг конвенцийн 2005 оны нэмэлт нь олон улсын тээвэрлэлтээс гадна дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж байгаа цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл оногдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэг олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлжээ. Энэхүү конвенци нь нэгдэж орсон улс орнуудын тухайд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг аж.)

5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Манай улс өмнө нь 2010, 2011, 2013 онд Япон зэрэг өөр бусад улс орнуудын цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэртээ хадгалахаар асуудал Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байсан ч тухай бүрийн оролдлогууд олон нийт, хэвлэл мэдээлэл, иргэний хөдөлгөөнүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсанаар няцаагдаж байв. Тэгвэл энэ удаад чухам яагаад хаврын чуулганыг хугацаанаас нь өмнө ээлжит бусаар зарлан хуралдуулж цөмийн хаягдалтай холбоотой хуулийн төслийг хууль тогтоох байгууллагаар хэлэлцэн батлахаар яаравчилж байна вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Т.Буянаа