2013 он. Ерөнхийлөгчийн сонгууль. “Тулгын гурван чулуу” нэртэй хошин шогийнхоны сурталчилгааг ард түмэн мартаагүй байгаа. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх ёстой. Тулгын гурван чулууны нэгийг Б.Бат-Эрдэнэ шиг том чулуугаар тулчихвал цай чанаж болохгүй. Тиймээс ижилхэн гурван чулуугаар цай буцалгадаг гээд баахан сурталчилсан даа. Үр дүнд нь анх удаа АН-аас төрийн гурван өндөрлөг томилогдсон. Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гээд ижилхэн нуруу намхан гурван даргатай болсон. Гэтэл гурван даргын зөрчил сүүлийн гурван жил үргэлжилж байна.

Эхлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрын зөрчил эхэлсэн. Эцэстээ Н.Алтанхуяг ерөнхий сайдын ажилаа, дараа нь намын даргын ажилаа өгсөн. Тэр үед Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр хавсарч тоглож байлаа. Сонирхолтой нь нэгэн цагт Н.Алтанхуягийн эсрэг хамтарч нэг нь ерөнхий сайдаар өөрийн хүнээ томилуулж, нөгөө нь АН-ынх нь даргыг эв найртайгаар хувааж авсан Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрын зөрчил хурцдах хэмжээнд хүрлээ. Энэ хоёрын зөрчил олон зүйл дээр илэрч ирсэн.

 

Анх МАН-ыг Засгаас хөөж гаргахад ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс эх орны эрх ашгийн үүднээс дэмий гэсэн бол З.Энхболд дур мэдэн ээлжит бус чуулган зарлаад явуулчихсан. Ингээд л ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын зам салж эхэлсэн дээ. Мөн энэ хоёр эрхмийн зөрчил Тавантолгойгоос болж далдуур их явагдсан.

 

Хамгийн сүүлд хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанаас болж Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр бас л ил, далд зөрчилдөж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллахдаа хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр томилдог. Би хэнийг ч томилдоггүй. Хууль шүүхийн байгууллагын удирдлага болохгүй байгаа бол энэ хоёр эрхэмтэй холбоотой. Би энэ хүмүүст хууль, шүүхийг завхаруулж байгаа хүмүүсээ зайлуул гэж хэлсэн тухайгаа ярьсан байдаг. Түүний энэ яриаг телевизүүдээр мөнгө төлж хангалттай их явуулсан. З.Энхболд энэ үйлдлээрээ ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр луу зэрэг довтолгоо хийсэн хэрэг. Хариуд нь ерөнхийлөгч зүгээр суусангүй. Жиргээчидтэй уулзах далимаараа хууль шүүхийн байгууллагын удирдлагыг би дур мэдэн томилдоггүй. УИХ шийддэг. Би санал болгодог. Муу хүмүүс санал болгосон бол УИХ зөвшөөрөхгүй, томилохгүй байж болно. Тиймээс УИХ гол хариуцлагыг хүлээх ёстой. З.Энхболд л эцсийн шийдвэрийг гаргадаг гэсэн далд утгатай зүйлийг ярьчихжээ. Эндээс харвал ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын зөрчил улам л гүнзгийрч байгаа нь ажиглагдах боллоо.

 

Ямар үр дагавар дагуулахыг хэн ч таашгүй. Ерөнхийлөгчийг ерөнхий сайд бас УИХ-ын олон гишүүн дэмжинэ. УИХ-ын даргын талд АН-ынханы тал нь зогсоно. Ингээд шинэ үзэгдэл сонгууль дуустал өрнөх нь гарцаагүй боллоо. АН-ынхан нам дотроо олон фраkци болж тоглохоос гадна улсынхаа ерөнхийлөгчийг шинэ дуэльдээ дуудаж байна.

Т.Энхэлээ

 

www.24tsag.mn