УИХ-ын гишүүн Г.Уянгын “Бүх ард түмний эв нэгдэл” цуглаанд хэлсэн үгийг хүргэж байна.

 

 

Монголчууд аа! Улс орон их сорилтын өмнө ирлээ. Өнөөгийн эрх баригчид ард түмэндээ аз жаргалын шувуухай барьж өгөхөө амласнаас хойш бүтэн хорин зургаан жил өнгөрчээ. Харин тэд өдгөө шувуухай барихаар урласан алтан торондоо өөрсдөө орж баригдлаа.

 

Урьд өмнө хэн ч харж байгаагүй Шамбалын орон байгуулахаар удаа дараа амлаж байсан луйварчид улс орныг маань элгээр нь газар хэвтүүлж, мөлхүүлэх нь байна. Тэдний заасан замаар бүтэн 26 жил бэдэрсний эцэст хүн бүр сульдан доройтож, сөхөрч уналаа.

 

Монголын хөдөө аж ахуй дампуурч, дунд анги сүйрэн, нийгмийн орчин сайжрахыг хүлээсэн зуу зуун мянган хүний итгэл найдвар унтарлаа; Ажиллах хүчний гурваны нэгтэй тэнцэх эрэгтэй, эмэгтэйчүүд ажилгүйчүүдийн эгнээнд шилжин, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, өдөр хоног аргацааж явна. Улс орон бүхэлдээ өрийн гүнзгий намагт шигдэн, шамшигдал эх захаа алдсанаар нийтийн юм бүхэн хоосорлоо.

 

 

 

 

Ингэж тонуулахаас илүү яаж доромжлуулах гэсэн юм бэ? Улс орныг яаж авч явж болдоггүй вэ гэдгийг тэд 26 жилийн турш биеэрээ үлгэрлэн үзүүллээ. Хамгийн хорлонтой нь тэд хүмүүсийн итгэл найдварыг үгүй хийж арчаагүй, гутранги үзэлтэн, манкурт боол болгон хувиргахыг хичээж байна. Хорин зургаан жилийн хугацаанд тэд ард түмнийхээ хүчийг зөв гольдролд нь оруулан бадрааж чадсангүй. Харин тараан талцуулж, нэгнээ үзэн ядсан хүмүүсийн бөөгнөрөл болгон хувиргалаа!

 

Манай үндэстний бүхий л эрч хүч энэ мэт дотоод сөргөлдөөнөө даван туулахад зарцуулагдан замхарч байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, хөрөнгө оруулагчид, хандивлагчид тэр тусмаа дэлхий ертөнц ч биднээр дутахгүй, тиймээс тоогдохын тулд тэдний боолын боол мэт байж хамаг баялгаа тэдэнд өгөх ёстой, бидэнд шаар шавхруу нь хангалттай гэх мэтчилэнгээр сурталдсаар удлаа. Монгол орон алгуурхан мөхөж явна. Улс орноо сүйрэл рүү хөтөлсөн эдгээр хүмүүс улс орноо сэргээж чадна гэдэгт одоо зөвхөн усан тэнэг л итгэх байх.

 

Улс гэрээрээ 26 жил тоглуулсны эцэст тэдгээрийг хөөн зайлуулах жам ёсны түүхэн цаг ирлээ. МАН АН-ын аль нь арай олон суудал авах вэ, гуравдагч хүчнийг хэн толгойлох вэ гэх мэтийн тулга тойрсон чалчаа ярианаас илүү Монгол орныг бүрэн сүйрэхээс аврах гарц байна уу, үгүй юу гэдэг нь жинхэнэ тулгамдсан асуудал болчихоод байна.

 

Өнөөдөр Монголчууд “Нэг хүний хувь тавилан нийт үндэстний хувь тавилантай салшгүй холбоотой” гэдгийг ойлгож эхэлж байна. Хэрвээ Монгол орон сүйрвэл уурхайчин ч тэсэхгүй, уурхайн эзэн ч хожихгүй; малчид ч, хотынхон ч тэр адилхан сүйрнэ гэдгийг одоо бүгд харж байна. Үндэстний сүйрэл гэдэг нь бид бүгдийн сүйрэл гэсэн үг! Бүхний толгойг залгих ийм сүйрлээс хэн ч эсэн мэнд мултарч чадахгүй. Тиймээс бид нэгдэх, зохион байгуулагдах, эмх цэгцээ бий болгох хэрэгтэй.

 

Өнөөдөр төрийн эрхийг барьж буй бүлэглэлийг дэс дараатай нэн даруй арчин хаях нь бидний эхний зорилго мөн, Тэд удах тусам өөрсдийнхөө амьдрах хугацааг уртасгахын тулд улс орноо худалдсаар байх болно. Тэд эхлээд өмнөх үеийнхний бүтээн босгосон бүхнийг өмч хувьчлал нэрээр хувааж идсэн. Дараа нь газар шороо, ашигт малтмал, байгалийн баялгийг хөрөнгө оруулагч нэрт луйварчидтай нийлж хувааж авцгаасан. Банкаар дамжуулан ард олноо ташраар нь өрөнд оруулж бас мөлжицгөөсөн. Гадаадад өр зээл тавьж түүнийгээ хувааж идсэн. Идэж идэж сэхээд харсан, идэх юм ил харагдахгүй болохоор одоо гоё сайхан нэрийн араар нуугдаж эх орныг маань цөмийн хаягдлын булш болгож бүрмөсөн сүйдлэхээр улайрч байх шиг. Одоо эднийг үлдээж өөр юу хийлгэмээр байна гэж ард түмнээсээ асуумаар байна. Одоо хангалттай биш үү гэж сонгогч олон түмнээс асуумаар байна.

 

Бид “МАНАН”, “Олигарх бүлэглэл”, “Нам дамнасан бүлэглэл”, “Нүүрсчдийн нам”, газрын наймаачид, “Авилгачдын аалзны тор”, “Гадаадынхны бөгс долоогч”, “Эх орноо худалдагч” гэж янз бүрээр хочлон цоллодог ч тэд эцсийн дүндээ ганцхан л бүлэглэл. Монгол оронд улс төр, эдийн засгийн амьдрал бүхэлдээ нуран унаж сүйрч байхтай зэрэгцэн ард олны уур хилэн нэмэгдэж, урьд хожид байгаагүйгээр МАНАН-гийн нэр хүнд унаж байна. АН-ын нэр хүндийн уналт нь МАН-д өсөлт болж ирэхгүй байгааг харж байна уу? МАНАН-гийн сүйрэл, мөхлийн цаг иржээ. Муу зүйл мөхнө гэдэг сайн зүйлийн эхлэл байдаг. Сайн цаг ирж явна. Бүү эргэлз. Өнөөдрийн амьдралын зовлонгоо сэгсэрч хаяад толгойгоо өндийлгө, миний ард түмээн! Монгол үндэстний сэхлийн сайн цаг ирж явна!

 

Намаараа, шашнаараа, хөгшин залуугаараа, баян хоосноороо хуваагдсан хар дарсан зүүд шиг 26 жилийг зүүд байжээ гэж саная. Одоо сэрээд нэгдэцгээе! Бид “Үндэсний үзэл” санаанд нэгдэх ёстой. Эцсийн дүндээ Монголчууд биднийг аз жаргал биш зовлон нэгтгэж байна. Ер нь яахаараа монголчууд 70 жил коммунизмын үзүүлэн болсон шигээ дэлхий ертөнцөд ардчиллыг сурталчлах материал байх ёстой юм бэ? Ялгаа нь бид коммунизмаас хожиж гарсан, энэ удаа алдлаа. МАНАН Монгол орон, Монголын ард түмнийг казинод тавиад тоглочихлоо. Алдсан хүн зээлээд л тоглоод, түүнийгээ алдсаар сүйрдэг шиг биднийг сүйрүүллээ. Эцсийн дүндээ бид аль нэг измд үйлчлэх үүрэг хүлээгээгүй. Одоо энэ 100 жилийн алдаа оноо бидэнд өөрсдийн замыг олох боломжийг олголоо. туулсан замаасаа хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ хаяад Өөрсдийн үзэл санаа, үнэт зүйлээ олж цааш явах боломжийг түүх бидэнд олгож байна. Энэ бол Үндэсний үзэл.

 

Хүйтэн сэтгэл, баруунд нь мөлчийтөл угаалгасан тураалтай тархиар улс орныг цааш авч явахгүй, бас хүчирхэг төр, ард түмэнгүйгээр нийгмийн сайн сайхныг мөрөөдөх ч хэрэггүй. Мянга мянган сэхээтнүүд, биенесмэнүүд, түм буман хөдөлмөрчид, малчид, тариаланчид нэгдэн нийлэхгүйгээр үндэстэн, цаашлаад “Үндэсний үзэл” гэж байхгүй.

Өнөөгийн нөхцөлд “Үндэсний үзэл”, “ардчилсан үзэл” санаа хоёр тус тусдаа оршсоор байх аваас бидний эсрэг чиглэсэн цөөхөн этгээдийн мөнгө эрх мэдлээр гагнагдсан нэгдмэл хүчинд дээрэлхүүлсээр байх болно. Харин энэ хоёр үзэл санааг нэгтгэж Үндэснийхээ эрх ашгийг хамгаалж чадвал бид хэнд ч дийлдэшгүй агуу хүчтэй! Харин эрх баригчид өөртөө “Ардчиллыг” наахыг оролдож байна. Бие жижигтэй тураалтай тархитай хүмүүс “АРДЧИЛАЛ” гэдэг үгийг хэдийчинээ томоор бичиж өөртөө наах тусам улам л жижиг харагдаж байна. Энд тэр Ардчиллыг жинхэнэ утгаар нь авчирахын төлөө тэмцэж байсан олон арван хүн ирсэн гэдэгт би итгэж байна. Тиймээс бид ардчилсан үзэл санааг хоосон чалчигчдаас булаан авах ёстой. Харин тэдэнд таарсан нэр хочийг нь үлдээе!.

 

Өнөөдөр эрх баригчид улсынхаа биш өөрсдийн нэр хүндийг өргөх гэж олон улсын үрэлгэн зардалтай хурал зохион байгуулж байгаа ба түүгээр далимдуулж жагсаал цуглааныг хориглож, хэвлэл мэдээллийг цензурдэж, ардчиллын хэм хэмжээг зөрчин бараг л онц байдал зарласантай адил нөхцөл байдлыг нийгэмд тогтоож байна. “Нэр төрөө бодоцгооё” гэж уриалаад улсын сан хөмрөгийг уруу харуулан сэгсэрч, “Нэрэлхэхдээ нэрээ иднэ” гэгч болж байна. Бидний тухай гадныхан юу гэж бодох нь тийм ч чухал биш хамгийн гол нь бид өөрсдөө мөн чанартаа хэн байх вэ гэдэг л чухал. Ард түмэн нэр хүндтэй аз жаргалтай л байвал хэн биднийг юу гэж хэлэх, ерөөс ямар засаглал, ямар изм байх нь тийм ч чухал биш.

 

Арваад жилийн тэртээ “Үндэсний үзэл” ярихаар биднийг дооглон тохуурхдаг байлаа. Харин өдгөө ходоод хоосон ардчилал, хүний өлсгөлөн байх эрхийн тухай хийрхлээс олон хүн алгуур ангижирч байна. Либерал уу, социалист уу? Ажилчин уу, төрийн түшмэл үү, дунд ангийн иргэн үү, албан хаагч уу гэдгээсээ үл хамааран, бид бүгдээрээ Монгол хүмүүс гэдэг итгэл үнэмшлээр үндэстэн-улсаа сэргээн хөгжүүлэхийн төлөөх тэмцэлд нэгдэхийг уриалж байна. Бид хувь тавилангаараа холбогдсон хэмээх мэдрэмжээс бие биенээ хүндлэх сэтгэл төрж, энэ хүндлэлээс ойлголцол бий болж, уг ойлголцлоос бид бүхнийг урагш хөдөлгөх агуу их хүч үүсэх учиртай.

 

 

Чухам ийм учраас би Сүхбаатарын талбайгаас төрийн ордон хүртэлх 300хан метр зайг 10 жил туулж явахдаа ч, парламентын хуралдааны арын увайгүй хуйвалдаан, найгүй жүжиг, нойр хүргэм ярианы дундуур үгээ хэлэхдээ ч олон нийтийг сэрээхийг эрмэлзэж ирсэн юм. Бидний тэмцлийг өөрсдийнхөө ширгэсэн тархиар ойлгож парламентын суудал, засгийн газрын албан тушаалын төлөө хийж буй популизм хэмээн тайлбарлах нь даан ч өрөвдмөөр байна. Арван жил цөхрөлтгүй ярьсны дүнд, харин одоо бол ямар ч байсан миний ард түмэн сэрсэн. Одоо бүгдээрээ МАНАНт бүлэглэлийн цөөхөн хүнийг авч хаяад өөрсдөө нэгдэж улс гэрээ өөд нь татъя. 26 жил таны үнэнч зүтгэсэн намууд Таны амьдралыг, улс орныг маань хаана авчирчихаад байгааг нэг сайн тунгааж үзээд Та өөрийгөө намын гишүүнээс ч илүү Монгол хүн юм байна гэдгээ ухаар! Яг өнөөдөр Монгол хүн бүхэнд намаа ялуулахын төлөө биш Монголоо аврахын төлөө нэгдэж хамтрах хариуцлагыг түүхийн энэ цаг үе та бидэнд тохоож байна. Үүнийг хэрэгжүүлж чадах ёстой. Өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Бид ард түмнийхээ хүчийг нэгтгэн зангидаж МАНАНг хөөн зайлуулж мандал сэхлийн сайн цагийг авчрах Нэгдмэл Монгол хүчинг байгуулах болно! Бид та бүхэнд 26 жилийн дараа огт өөр цоо шинэ үзэл санаа, цоо шинэ сонголт санал болгож байна.

 

Хэрвээ ард түмэн яг одооноос өөрийн хувь заяагаа гартаа авч, улс орныхоо төлөө сонгуулиар хийж чадах үүргээ биелүүлж чадвал нэг ч гэсэн өдрийн өмнө бид жаргалын замаар давших болно. Монголын Үндэсний үзэлтнүүд, монгол хүн бүр нэгдэгтүн!