Хэд хоногийн өмнө хөдөөгүүр явж байтал телевизийн мэдээгээр “Ахмадуудаа түрээсийн байранд дугаарлууллаа. Яасан цэвдэг сэтгэлтэй ТӨР вэ” хэмээн учиргүй бухимдсан хүмүүсийг гаргаж билээ.

Барилга хот байгууллалтын яамнаас баталсан журмын дагуу ТОСК-иас Буянт-Ухаа II хороололд 350 айлын сууцыг ахмад настнуудад түрээсээр олгохоор болсон юм байна. Орон сууц түрээслэхээр бүртгүүлсэн ахмадууд байрныхаа түлхүүрийг авахаар үүр шөнөөр ирж дугаарласан аж. Уг мэдээг нэвтрүүлсэн телевизийн цаад зорилго юу болох, бусад телевизээр энэ мэдээг хэрхэн нэвтрүүлсэнийг мэдэхгүй ч мэдээ бэлтгэсэн сурвалжлагчийг байр суурийг хараад гайхширсанаа нуух юун...

Мөн саяхан МАН-ын дарга М.Энхболд “Монголоо аварья” нэртэй хурал зохион байгуулж, “Молнгол Улсын гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрч, дөнгөж төрсөн няриайгаас өтгөс буурлаа хүртэл 15 сая төгрөгийн өртэй боллоо. Монголын эдийн засагт АН-ын үүсгэсэн өр хүнд дарамт болж байна” хэмээн мэдэгджээ. Түүний үзэж буйгаар Монголоо аврах арга зам нь АН-ыг “алах” юм байх. Сонгууль угтсан хийрхэл ч эхэллээ л дээ.

Харамсалтай нь МАН-ын даргын эх сурвалж болгоод, сүр бадруулаад байгаа “21 тэрбум ам.долларын өр” гээч нь тэгтлээ их нууцлаад, түүнийг нь сөрөг хүчнээс уудлан гаргаж ирсэн шинэ зүйл ч биш, ердөө Монголбанкны сайт дээр тавигдсан тайлан юм байна. Харин тайлангаас юуг нь яаж тайлбарлах нь МАН-ын дур хойно.

Чамд долоо, надад долоохон...

Монголбанкны сайтад тавигдсан тайлангаас харвал монголчууд 2006-2016 онд буюу арван жилийн дотор нийтдээ 21 тэрбум 603 сая ам.долларын зээлийг гаднаас авсан байна. Үүнээс 9,937 тэрбумыг МАН засаг барьж байх үед буюу 2006-2012 онд зээлжээ. Мөн үүн дээр “албан ёсны бүртгэлд ороогүй өр” буюу Оюутолгойн төслийн гадаад хөрөнгө оруулагчдаас Засгийн газрын авсан урьдчилгаа 250 сая ам.доллар, Тавантолгойн гадаад худалдан авагчдаас авсан урьдчилгаа 350 сая ам.доллар, Оюутолгойд Засгийн газрын эзэмших 34 хувийг санхүүжүүлэхээр хөрөнгө оруулагч талаас авсан 770 сая ам.долларын зээлийг нэмбэл 11,307 тэрбум ам.доллар болж байна. Харин МАН-ын нөхөд эдгээрийг сүүлийн дөрвөн жилд, АН-ын Засгийн газрын үед авсан 9,924 тэрбум ам.долларын зээлтэй хамтатгаад нийтэд нь “АН-ын тавьсан өр” хэмээн зарлахын учир юу вэ?

Албан ёсны сайтад тавигдсан дээрх тоонуудыг хооронд нь мөргүүлээд үзвэл ямартай ч монголчууд өнгөрсөн 10 жилийн дотор 21 тэрбум ам.долларын зээлийг ямар нэг хэлбэрээр гаднаас авсан нь үнэн юм байна. Үүн дотор нь “МАН-ын Засгийн газрын үед Монголын эдийн засгийг 17 хувиар өсгөсөн” гэж ярихад хүргэсэн Оюутолгой төсөл, шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр толгой компаниас охин компанид олгосон зээллэг ч бас явж байгаа гэдгийг хэлчихэд илүүдэхгүй болов уу. Дээр нь арилжааны банкууд болон ААН-үүдийн гадаад өр нийлээд 4 тэрбум гаруй ам.доллар болж байна. Харин Засгийн газарт шууд хамаарах нь Хөгжлийн банкны 1,3 тэрбум, Монголбанкны гадаад өглөг 1,84 тэрбум, Засгийн газрын 3,65 тэрбум ам.долларын зээл. Эд бүгд нийлээд арван жилийн туршид 21,6 тэрбум ам.долларын өрийг үүсгэсэн байна. Харин сүүлийн дөрвөн жил буюу АН-ын Засгийн газрын үед гадаад зах зээл дээрээс авсан нийт зээлийн хэмжээ 9,924 тэрбум. Байдал ийм байхад МАН-ын нөхөд арай л дэндүү “хусмаа чамлаад” байгаа юм биш үү? Чамд долоо, надад долоохон... гэдэг шиг.

Тиймээс сүүлийн 10 жилд хуримтлуулсан Монгол Улсын гадаад өр буюу нийт зээлийг аль нам эрх барьж байхад авсан гэдгээр нь ялгаж, салгаад харья л даа.



Өр ба зээл

Нэгэнт бүгдээрээ тоон дээрээ тогтоод, ялгаж салгаж ойлгоод авсан учраас одоо өр ба зээл гэдэг ойлголт руугаа оръё. Бид өртэй улс уу, эсвэл зээлтэй юу?

Зургаан жил орчмын өмнө МАН-ын Засгийн газар ОССК-ийг байгуулж, төрийн албан хаагчдыг орон сууцжуулахаар “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг санаачилж байв. Төрийн албан хаагч голдуу 4000 хүн ОССК-иар дамжуулан 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж, харин бусад нь орон сууц худалдан авахын тулд арилжааны банкуудын жишгээр 18-22 хувийн хүүтэй зээл авдаг байлаа. Харин өнгөрсөн дөрвөн жилийн дотор Ипотекийн буюу орон сууцны 8 хувийн зээлд хамрагдсан өрхийн тоо 80 мянгад хүрсэн. Нэг өрх ойролцоогоор 4 ам бүлтэй гэж тооцвол өнгөрсөн 4 жилийн дотор 300 мянга гаруй иргэн шинээр орон сууцанд орсон гэсэн үг. Би ч хүртэл өөрөө тэдгээр 8 хувийн зээлтэй /өртэй/ иргэдийн нэг. Тэглээ гээд ах дүү, ажлын газрынхан, албан байгууллага маань “Чи өр тавьж манайхыг дампуурууллаа. Зайлаарай, бариарай” гээд байвал хөгийн юм болно биз дээ.

Угаасаа манайх шиг ядуу буурай улс орон байтугай дэлхийн баян орнуудын хөгжсөн түүх нь санхүүгийн зээл. Тэр тусмаа гадаадын зах зээл дээрээс босгосон бага хүүтэй зээлээр бүтээн байгуулалт хийж, үйлдвэржиж, хөрөнгөждөг. Дотоодынхоо компаниудыг ч гэсэн шалгаад үзээрэй л дээ. Арилжааны банкнаас зээл аваагүй аж ахуй нэгж байна уу үгүй юу. Харин ч манай компаниуд өсч томроод арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авах биш, гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох, бага хүүтэй зээл авахыг илүүд үздэг, түүндээ ч хүрдэг болсон байна.

Ер нь бол санхүүгийн зээл авах, бонд гаргах гэдэг нь эдийн засгийн эрүүл харилцаа. Харин зээлээ хугацаанд нь төлж чадахгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд уг зээл эрсдэлтэйд тооцогдож, өр үүсгэдэг. Харин Монголын Засгийн газрын 2012 онд дэлхийн зах зээл дээрээс босгосон Чингис бондын эргэн төлөлт гэхэд 2017 оноос эхэлнэ. Сүүлийн хугацаа 2022-2023 он. Харин одоо бол Засгийн газар бондоос босгосон мөнгөө хэр үр ашигтай зарцуулсан бэ гэдэг дээр тогтож ярих ёстой.

Өр биш зээлийн үр ашиг нь хэнд вэ?

Энэ талаас нь харвал 2011-2012 онд МАН-ын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчид, Тавантолгой төслийн гадаад худалдан авагчдаас 600 сая ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр аваад сонгуулийн өмнө бэлэн мөнгө болгоод тараачихсан түүх бий. АН-ын Засгийн газрын үед харин ч энэ өрөөс 400 сая ам.долларыг нь төлж барагдуулаад байгаа. Гадна талдаа бол АН-ын ч бай, МАН-ын ч бай ялгаагүй Монгол Улсын Засгийн газар ганц юм хойно “өрийг чинь төллөө” гэж гомдоллох нь юув. Гэхдээ юм үнэнээрээ сайхан. АН-ын Засгийн газруудын үед авсан гадаад зээллэгээр монголчууд юу хийсэн бэ гэдгийг харьцуулаад нэг харчихаарай.

2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар гаргасан Засгийн газрын “Бондын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-гийн хамгийн эхний хуудсанд “Гадаадын уул уурхайн компаниас МАН-ын Засгийн газрын үед авсан 600 сая ам.долларын өрөөс 400 сая ам.долларыг төлж барагдуулсан” гэж байна. Цааш нь;

-Экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдэд 286 тэрбум /төгрөгөөр/,
-Эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтцэд 331 тэрбум,
- ХАА, хөнгөн үйлдвэрлэлд 207 тэрбум,
-Жижиг, дунд үйдвэрүүдийг дэмжихэд 89,8 тэрбум,
-Аймгуудыг холбох автозамын төслүүдэд 839 тэрбум,
-Нийслэлийн автозамын төсөлд 94,9 тэрбум,
-Гудамж төсөлд 129 тэрбум.. гэх мэтчилэн хөвөрнө. Цаасан дээр хэрэгжээд амьдралд дээр харагдаж өгдөггүй тийм төслүүд ч бас байдаг л даа. Тухайлбал, МАН-ын Засгийн газрын үед баталсан “Монгол мал” хөтөлбөрийн 500 тэрбум төгрөг хаашаа орсныг хотынхон лав хараагүй, мэдээгүй. Монгол мал ингэж эрүүлжээд, махны экспорт тэдэн хувиар нэмэгдлээ гэж сонсоогүй. Харин хотын зам, Гудамж төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон автозамын тухайд бол хөдөө, хотгүй л ярьж байна. Зам гэдэг чинь хөгжил юм байна аа гэж.

1992-2012 он хүртэл 20 жилийн хугацаанд улсын хэмжээнд ердөө 2087 км автозам барьсан байдаг юм байна. Харин 2013-2015 онд буюу гуравхан жилийн дотор 22504 км зам барьсан. Нийслэл болон аймгийн төвүүдэд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шинээр барьж байгуулснаар зөвхөн Улаанбаатар хотод гэхэд барилгажих талбайг 20 хувиар /1500 га/ нэмэгдүүлжээ. Энэ 1500 га талбайд 54.549 айлын орон сууц, 8.020 хүүхдийн 50 гаруй цэцэрлэг, 18.890 хүүхдийн 30 орчим сургууль барих боломж бүрдсэн байна. Энэ бүх бүтээн байгуулалтыг АН-ыг “алах” шалтгаан болоод байгаа бондын мөнгө буюу гадаад зах зээл дээрээс босгосон бага хүүтэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа юм. МАН ”Иргэн бүрт 15 сая төгрөгийн өр ноогдож байна” гэж байвал тэр хэмжээний хөрөнгийг хүн нэг бүрийнхээ төлөө зарцуулжээ гэсэн үг. Үүнд хөдөө тийш тавьсан зам, хотын төвийн уулзваруудаас эхлээд эрчим хүч, зам барилга, үйлдвэржилтэд оруулсан бүх хөрөнгийг хамаатуулж болно. Гэвч харамсалтай нь тийм биш гэдгийн өмнө хэлсэн. Тулгагдаад байгаа 21 тэрбум ам.долларын тал хувийг МАН-ын Засгийн газрууд сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж бэлэн мөнгөөр тараагаад, цалин тэтгэврийн нэмэгдэл, халамжийн бодлогодоо зарцуулаад дууссан. Эрээн хотыг хөгжүүлэхэд монголчуудын оруулсан хувь ч нэмэр их шүү.

Эцэст нь хэлэхэд өнгөрсөн 25 жилийн түүхээ эргээд хар. Хэзээ байтлаа төрийн компани түрээсийн орон сууц бариад, түүнээсээ ахмадууддаа хэдэн зуугаар нь түлхүүр гардуулаад сууж байсан юм. Чадалтай нь зээлээ төлөөд орон сууцаа худалдаж аваг, чадамжгүй зарим нь түрээс төлөөд ч болтугай тав тухтай амьдраг ээ л гэсэн хэрэг шүү дээ. Тэгээд ч цаашдаа түрээсийн орон сууцыг ядарсан чадарсанд нь гэлтгүй хотын төвд үй олноор нь барих хэрэгтэй. Залуу гэр бүлүүд 30 м.кв байр худалдаж авах гэж 20 жил чардайж байхаар хямдхан орон сууц түрээслээд хуримтлуулсан мөнгөөрөө хотын гадна хаус бариулах болно шүү дээ. Хүнд бас амны билэг, ашдын буян гэж байдаг. Амны билэг нь ардаа гарчихаад, буян хишгийнхээ уутыг буруу харуулаад сэгсрээд байвал монголчууд яаж өөдлөх юм.


Нийтлэлч Б.СЭМҮҮН