Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж эмнэлгийн мэргэжилтнүүдийн түр хорооноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрэх үү?” сэдэвт хэвлэлийн хурал хийн, УИХ болон байнгын хороод, Засгийн газар, ЭМСЯ, ХЗЯ-нд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заасан.

Уг заалтыг шүүмжилж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хорооны дарга Б.Мягмар “Монголын эрүүл мэндийн салбарт хүний төлөө зүтгэж байгаа эмч нарыг ихээр бухимдуулсан хуулийг баталсан. Өнөөдөр манай эмнэлгүүд улаан бурхан өвчний дэгдэлтийн улмаас маш их ачаалалтай ажиллаж байгаа. Гэтэл ажиллах орчин нөхцөлдөө тохирохгүй хуулийг мөрдөх гэж байна” гэв.

Мөн Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Ариунаа “Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага болсон. Ард түмний амь насыг үнэгүйдүүлж байна. Эрүүл мэндийн салбарын үйлчлэгч 15 хоногт 190 мянган төгрөгийн цалин авч байна. Эмч болохын тулд 10 жил, нарийн мэргэжил эзэмшихийн тулд 15 жил сурдаг. Эмч хүн санаатай үйлдэл гаргана гэж байхгүй. Хүний амь нас минут, секундээр хэмжигддэг. Автын осол, гадны нөлөөгүй цус алдаж шоконд орсон хүн эмч нарын хамааралгүй амиа алдаж болно. Энэ бол ард иргэд, эмч нарын дунд үл ойлголцол үүсгэсэн хууль болж байна. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Монгол Улсын их эмч нар сард 3 сая төгрөгийн цалин авах хөдөлмөр эрхэлж байгаа бодит судалгаа бий. Тэр мөнгөө өгөөд эмч нартай хариуцлага тооцож болно. Харин 300-500 мянган төгрөг өгөөд хариуцлага тооцно гэвэл амьдралд нийцэхгүй. Ажлын байр, ажиллах нөхцөл, цалин мөнгө, хөдөлмөрийн үнэлэмжийг нь хангаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ шоронд явуулна гэвэл Монгол Улс үнэхээр шоронжсон орон болж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн өмгөөлөгч Э.Ганбат “Хамгийн хатуу хуультай Хятад улсын Эрүүгийн хуульд эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээ 3 жил, ОХУ-д 4 жил байна. Гэтэл энэ улс орнуудтай харьцуулахад эрүүл мэндийн сайдгүй, эрүүл мэндийн даатгал менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэргэжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шударга бус гэж бид үзэж байна” гэлээ.

Ийнхүү шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин эмч нарын шаардаж буйгаар нэмэлт өөрчлөлт оруулах болов уу.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хуулийн тусгай ангийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан зүйл заалтаар эмч мэргэжилтэн эрүүгийн хариуцлагад татагддаг юм.

106.2 дахь хэсэгт эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан эсвэл өвчтөн нас барсан бол 3 хүртэлх жилийн хорих ял эдлүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дэхь зүйлд зааснаар таван жил хүртэл хорих ял эдлүүлэхээр зааснаар дээрх 106.2 дэхь хэсгээр татагдсан эмч мэргэжилтэн ихэвчлэн тэнсэн харгалзах хорих ялыг биечлэн эдэлдэггүй байв.

 

Холбоотой мэдээ: Эмч нарын хүний амь аврах эрхийг боомилж "хэрэгтэн болгох нь ээ"