​Ард түмэн Төрийн ордны зүг аврал эрсэн нүдээр харж байна. Энэ байдал 90-ээд оныг санагдуулж байгаа биз. УИХ ирэх даваа гарагт товлосон ээлжит бус хуралдаанаараа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг батлахаар товлосон.

Эдүгээ Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Н.Батбаяр сайдаар овоглодог Зарим бүтээгдэхүүний үнийн өсөл­тийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр алтны далд худалдаа хөгжсөн гэдэг. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ хэмээн шүүмжилж байсан сэтгүүлчдийг хүр­тэл элдэвлэдэг тэрбээр энэ удаад эдэлж буй эрх мэдэл, хариуцсан албан үүргийнхээ өмнө бууж өгсөн бололтой. Учир нь Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд  77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд дээрх олборлолтын хэмжээ 38 хувиар огцом буурчээ. Үүнийг “тоонд муугүй” сайд эрх биш бодолцсон биз ээ.

Ямартай ч УИХ-аар батлахаар зэхэж буй шинэ хуулиар алтны далд бизнесийн үүдийг хаах арга хэмжээ авах бололтой. Өнгөрсөн хавар “Bloomberg” агентлагаас “Монголын төв банк алтны нөөцөө 1.5 тонноор нэмэгдүүлэн 5.8 тоннд хүргэлээ. Энэ нь 2008 оноос хойшхи хамгийн их хэмжээний алт худалдан авалт байлаа” гэж мэдээлсэн. Гэтэл 2005 онд 24 тонн алт олборлож байсан гэхээр наанадаж дөрөв дахин буурсан байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өнгөрсөн жил хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголбанкинд тушааж байгаа алт жилээс жилд буурч байгаа. Өмнө нь бол жилд 15 тонн алт тушаадаг байсан бол өнгөрсөн жил хоёр тонн алт л тушаагдсан. Бараг 7-8 дахин буурсан гэсэн үг. Монгол Улс хамгийн багадаа жилд 20-50 тонн алт олборлож байгаа тооцоо бий. Үүний ихэнхийг хууль бусаар хил давуулан гаргаж байгаа. Гэтэл Монгол Улс төртэй, цагдаатай, хилтэй, тагнуултай шүү дээ. Өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий 15 орд байгаа. Үүнээс Бороогийн орд бараг дуусчихлаа. Нэг хэсэг олигархиуд шууд ард түмний баялгийг дээрэмдчихээд шилдэг бизнесмен шагнал хүртэж байна” хэмээсэн удаатай. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуягийн ярианаас харахад алт олборлолтын хэмжээ буураагүй атлаа алт тушаадаг аж ахуйн нэгжийн тоо жил бүр буурч байгаа гэнэ.

Тиймээс ирэх даваа гарагт хэлэлцэх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн гол зорилго нь юуны өмнө олборлосон бүх алтыг Монголбанкинд тушаалгахад чиглэжээ. Ингэхдээ Монголбанкинд алтаа тушаасных нь төлөө алт олборлогчдод татварын болон нөөц ашиглалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг харахад хуучин мэт боловч аль аль талдаа харилцан ашигтай байхаар заасан байна. Түүнчлэн Оюутолгойгоос олборлох алтыг оролцуулаад жилд ойролцоогоор 38 тонн алт Монголбанкинд тушаагддаг байх, ингэснээр одоогийн ханшаар 1.7 тэрбум ам.долларыг экспортын орлогод нэмж төвлөрүүлэх зорилготой юм.

Нэг үеэ бодвол Монгол Улсын эдийн засаг зөвхөн алт, зэсээс хамааралтай байх алдаа арилж буй. Дэлхийн зах зээл дээр алт, зэсний ханш хөдөлмөгц Монгол Улс төсвөө тодотгон сандаачиж, бүх салбар нь хямраад байдаг аюул тодорхой хэмжээгээр холдож байгаа нь сайн хэрэг. Харин одоо эх орныхоо баялгийг далд бизнесийн аргаар алдаад байхгүй ариглаж байх тухай санаа зовинож эхэллээ. Тухайлбал Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл тооцоог Монголбанкинд хамааруулахаар бүрэн эрх олгохоор уг хуульд тусгасан байна. Энэ нь алтны далд худалдааг зогсоохоос гадна гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх юм.

Хэрэв гадаад валютын нөөц хангалттай хэмжээнд байгаагүйсэн бол ам.долларын ханшийн өсөлт зэрэг наад захын “салхи сэвэлзэхэд” ганхаж мэдэх эдийн засагтай манай орны хувьд энэ бол хамгийн чухал асуудал билээ. Хатуухан хэлэхэд гадаад валютын нөөцгүйгээр дэлхийн зах зээлийн харилцаанд оролцох, худалдаа хийх нь “бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орохтой адил” хэмжээний аюултай, эрсдэлтэй. Магадгүй өнгөрсөн дөрвөн жилд ч гэсэн гадаад валютын нөөцөөсөө интервенц хийж хамтарсан Засгийн газрын “гайхамшигтай сайхан ололт амжилт”-ыг баллаж мэдэх олон жижиг “аваар” гарсныг тухайн цаг үеийн “баатрууд” мэдэж байгаа биз. Одоо ч гэсэн. Балрах шахахаараа л төв банкнаас интервенц хийхийг гуйдаг, шаарддаг, заримдаа тулгадаг бололтой. Гэвч тэр нь шавхагддаг нөөц билээ. Тиймээс одоо урагшаа харж ажиллая. Үнэхээр “саалийн үнээ”, “авралын бурхан” нь Монголбанкны гадаад валютын нөөц мөн л юм бол хууль эрх зүйн орчноо тодорхой, тогтвортой, шаардлага хангахуйц болгох хэрэгтэй.

“Энэ онд алтны хэрэглээ гурван хувиар өснө” гэж EIU-ийн судлаачид таамаглаж байсан. Магадгүй энэ таамаглал үнэн байж, эрсдэлийн эсрэг баталгаа, үнэ цэнийг хамгаалах хэрэгсэл болох алтны эрэлт өсөж гэмээнэ алтны ханшийг дэмжих боловч зах зээлд илүүдэл үүсэж бас мэдэхээр байгаа. Энэ тохиолдолд хөрөнгийн урсгал алтнаас илүү ашигтай салбар руу шилжиж алтны ханш буурч мэднэ. Хэдийгээр алтны ханш өөрчлөгдсөн ч агуулга, хэлбэрийн хувьд эрсдэлээс хамгаалах чухал бүтээгдэхүүн, нөөцөө байршуулах хамгийн найдвартай арга хэвээрээ байх нь дамжиггүй. Дээр нь баялгаа хамгаалах төрийн үүрэг гэж бий. Энэ бол төв банкийг эгзэгтэй үед шавхан ашиглахаас өөр ойлголт боловч энэ удаад ерөнхий зорилго нь нэг шугаман дээр ирчихээд байгаатай маргаад яах вэ. Тиймээс хүлээлт үүсгээд байгаа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг батлах “түүхэн” гэмээр шаардлага үүсэж, тохироо нөхцөл нь бүрдчихээд байна. 

 

У.Оргилмаа