Австри улсын Ерөнхийлөгчийн сонгуульд орос гаралтай Ван дер Беллен бие даан нэр дэвшээд ялалт байгууллаа. Тэрээр 72 настай, Европын холбоог дэмжигч үзэлтэй. Түүний эцэг нь Оросын Псковын уугуул иргэн бөгөөд ХХ зууны эхээр гэр бүлийн хамт Эстониор дамжиж Австрид суурьшжээ. Харин өөрөө 1944 онд Австрийн нийслэл Вена хотод төрсөн байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр бие даан нэр дэвшиж ерөнхийлөгч болсон нь сонин байлаа. Учир нь тус улс Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бие даагч нэр дэвшүүлдэг юм байна. Манайд бол болдоггүй. Заавал парламентын гишүүн байж нэр дэвших эрхтэй болдог. Уг нь бид Үндсэн хуулийнхаа 16 дугаар зүйлийн есд “Монгол хүн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.

Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд бие даагч нэр дэвшүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөд байгаа юм биш үү. Заавал парламентын гишүүнийг өрсөлдүүлж байгаа нь Үндсэн хуульд харшилж байгаа. Угтаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хаанаас нэр дэвшихийг нээлттэй болгоод өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол нам дагасан цөөн хүрээний хэдхэн хүний дунд л өрсөлдөөн болдог болчихож. Шинэ хүн гарч ирэхгүй байна. Нэг ёсондоо “цус сэлбэхгүй” бол болохоо байжээ. Тиймээс сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бие даан нэр дэвшиж байгаа хүнд тодорхой шаардлага тавих нь зүй ёсных. Боловсрол, насны хэмжээг заахаас гадна улс төрийн туршлагыг харгалзах нь гарцаагүй.

Мөн аймаг, сумын нийт хүн амын тодорхой хэсгээс гарын үсэг цуглуулсан байна гэхчилэн шаардлага тавьж болно. Иймэрхүү заалтыг хуульчлаад өгчихвөл Ерөнхийлөгчийн сонгуульд бие даагчдыг өрсөлдүүлдэг болмоор байгаа юм. Ингэж иргэдийн сонгох, сонгогдох тэгш эрхийг хангах ёстой. Бие даагчид аль нэг намаас хараат бусаар маш сайн мөрийн хөтөлбөр боловсруулаад ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэртээ тэргүй ард түмэн саналаа өгч хэнийг сонгохоо мэднэ. Харин тэрнээс өмнө Үндсэн хуулийн Цэцээр сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулуулмаар байна. Цэц хуулийн заалтыг хэлэлцээд шийдвэрээ гаргаг. Хэрэв зөв шийдэлд хүрч чадах юм бол заавал парламентын гишүүн хүн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх албагүй болно. Ард түмэн дундаас улсаа удирдаад аваад явчих хүн сонгогдоод гараад ирэх магадлалтай.

Саяын Австрийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. Шинээр сонгогдсон Александр Ван дер Беллен улсынхаа дөрвөн сая 640 мянган сонгогчийн 50.3 хувийнх нь саналыг авч чадлаа. Тэрээр улсынхаа Ногоон намыг 10 гаруй жил тэргүүлсэн туршлагатай улстөрч. Тэгэхээр манайд ч гэсэн ийм боломжийг хүн бүрт олгох хэрэгтэй байна.