-Хэд, хэдэн хүний бизнесийг тэжээхийн тулд УИХ-ын сонгуульд саналаа өгөх нь хайран биш гэж үү- Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулж, 12 нам, 3 эвслийн нийт 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр батламжаа авсныг зарлаад буй.

Өнөөгийн парламентаас улирч сонгогдохоор нэр дэвшиж буй 68 хүн бий. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, дэд захирал, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга гэхчилэн бизнесийн салбараас нэр дэвшиж буй 150 орчим хүн байгаа юм. Энэ нь бизнесийн салбараас улс төрд хошуурагсад гэсэн үг. Тэднийг нам тус бүрээр нь авч үзвэл МАН-аас 15, АН-аас ес, МАХН-аас 21, БНН-аас 14, Эх орончдын нэгдсэн эвсэл дөрөв, Монголын ардчилсан хөдөлгөөний нам нэг, ТТЭН эвсэл 13, Монгол консерватив нам тав, Иргэний хөдөлгөөний нам ес, ИЗНН гурав, Монголын уламжлалын нэгдсэн нам долоо, Ард түмнээ хайрлая нам тав, Монголын социал демократ нам тав, ХААН сонголт эвсэл дөрөв, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын гурван нэр дэвшигч байна. Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд 21 нь бизнесийн салбараас улс төрлүү зүтгэж ажээ.
Өмнөх туршлагуудаас авч үзвэл бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан эрхэм олон байдаг. Тиймдээ ч орсон даруйдаа хэл амны бай болж мөнгө, хөрөнгө идэж, уусан өөрийн компанидаа ашигтай тендерийг авч өгсөн гэх мэтээр хэлэгдэж ирсэн. Энэ талаар бие даан нэр дэвшиж буй нэгэн компанийн захирал эрхэм өөрийн цахим хуудастаа “Саяхан илэрсэн оффшор дансны дуулианд нэр нь гарсан манайхны 30 хувь нь л бизнесмэнүүд. Бусад нь төрийн албан хаагчид байна. Харамсалтай нь энэ явдал манайд хаврын цасны дайтай ч шуугиан болж чадсангүй. Харин дэлхийгээр нэг мөрдлөг, баривчилгаа, огцорсон албан тушаалтнууд хөл толгойгоо алдаж байна. Гэхдээ гудамжинд эгэл иргэд ямар нэг юм болохыг хүлээсэн. Ядаж хэн нэг нь ичиж зовж байгааг харахыг хүссэн. Гэтэл юу ч болсонгүй. Жирийн иргэд маань төрийнхний энэ тансаглал, баярхал, цамаархалыг харж сонсож л байгаа. Дарга нарт үйлчилдэггүй хэр нь иргэдийг хяргачих гээд байдаг хуультай болохоор эгдүүцэж байна. Иргэн хүн хоолны мөнгө хулгайлж хэдэн жил шоронд, дарга хүн аймгийн төсөв хулгайлаад цалингийн хорин хувиар торгуульдагт нь зэвүүрхэж байгаа юм.” хэмээн бичжээ.
Ирэх сонгуульд өрсөлдөх гэж бизнесийн салбарын эрхмүүд үнэхээр өөрсдийн аж ахуйн нэгжээ хөл дээр нь тогтоож, улсын төлөөх сэтгэлтэй болсондоо ийн бөөнөөрөө улс төр лүү уулгалан орох гэж байна уу, эсвэл өөрсдийн бизнестээ тохирсон эрх зүйн орчин бүрдүүлэх, цаашлаад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр далайлган аж ахуйн нэгж, комданиа групп болгон өргөжүүлэхийг хүсэмжилж байна уу гэдгийг одоохондоо үнэндээ таахад бэрх.
Мэдээж дээрх нэр дэвшигчид сонгуулиар ялалт байгуулж, парламентын гишүүн боллоо гэхэд хуулиараа аж ахуйн нэгжээ шилжүүлдэг. Гэсэн ч үхсэн ч үр харам гэдэг шиг өөрийн үүсгэн байгуулж, хөл дээр нь тогтоосон бизнесээ үл тоож амьдарна гэдэг юу л бол.
Угаас социализмийн нөлөөгөөр бүгд нэг гараанд амьдарч байсан хүмүүс ардчиллын буянаар амьдрал ахуйгаа өөд нь татах гэж анх эхлүүлж байсан бизнес нь “гахай” зөөх л байсан. Тэр үеэс өөрийн авьяас чадвараар бизнесээ босгосон цөөн хүн бий боловч өнөөгийн парламентад 2008-2012 оны сонгуулиар ялж, хөл тавьсан улстөрчдөөс бусад, бараг ихэнх нь өмч хувьчлалын гажуудал, алдарт 20 дугаар тогтоолын сиймхийгээр албан тушаал, эрх мэдлээ ашиглан улсын хөрөнгөнөөс шамшигдуулсан нөхөд. Тэгэхээр улс төрд хөл тавьна гэдэг угаасаа амьдрал цэцэглээд л ирнэ гэсэн үг болж таараад байгаа юм.
Харин одоо бол арга нь жаахан нарийсаад УИХ-ын гишүүн боллоо л бол тухайн эрхэлж буй бизнес нь ашгийг хэд дахин нугалж олох боломжтой болж, өрсөлдөгдөө нам дарахын нэр болж хувираад байгаа. Учир нь олон нийтийн дунд хөрөнгө, мөнгөтэй хүнийг төрд ажиллуулбал авлига авахгүй, чин шударгаар, ёстой л хоёргүй сэтгэлээр ажиллана гэсэн бичигдээгүй хууль, дүрэм үйлчлээд байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тэд одоо авлига авч гараа бузарлахын оронд өөрт ашигтай хуулийг батлуулахын тулд нөгөөдөө хэрэгтэй хуулийн төслийг нь дэмжих байдлаар “татгалзсан, зөвшөөрсөн” гэх кнопоо “зарж” амьдардаг нь нууц биш.
Улстөрч гээд сонгоод төрд илгээчих хүн тэр, энэ тойрогт алга гэх тусам аниргүй шахам байдаг намууд санал хуваахын тулд, аз шовойвол парламентад суудалтай болчих санаатай, нөгөө хэсэг нь биедаагаад ч хамаагүй үзээд алдъя гэх өнцгөөс бүгд л нэр дэвшиж байна. Үнэн хэрэгтээ өмнө нь ийм л байсан. Тойрогт нь нэр дэвшээд очиж буй хүмүүсийг голон, голон саналаа өгч, төрд илгээдэг. Харамсалтай нь тангараг өргөснийх нь дараанаас л гоочилж суудаг. Сонгогчдын энэ алдааг энэ удаа бизнесийн салбарынхан овжноор ашиглахын тулд ийн олуулаа нэр дэвшиж байна. Намуудаас нэр дэвшигчид яах вэ, ялалт байгууллаа гэхэд бүлэгтээ хамаарагдаад явчихна. Арга ядахад нэр дэвшихийн тулд хандивласан хөрөнгөө буцаагаад олоод халаасалчих учраас алдах зүйлгүй гэж тооцоолно.
Харин бие даагчдын хувьд парламентад өөрийгөө хэрхэн, яаж үнэд хүргэдгийг өнөөгийн УИХ-ын гурван гишүүн бэлхнээ харуулсан. Тиймээс л бизнесийн хүрээнийхэн өдгөө бөөн, бөөнөөрөө бие даан нэр дэвшихээр зүтгэж байна. Яг үнэндээ ихэнх улс гүрэнд төр, бизнесийн салбар хоёр өөр замналаар явдаг. Эгээ л хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоёр шиг. Тийм байтал гүйцэтгэх засаглалын нөхдийг олноор нь хууль тогтоох байгууллагад залах шаардлагатай эсэхийг сайтар тунгаах л хэрэгтэй болох нь дээ.
Хамгийн энгийн жишээ л гэхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цэцэгний хоббитой гэдгээ өөрөө хэлсэн. Гэтэл түүнийг парламентад сонгогдож, тангараг өргөсний дараахнаас л Төрийн ордны болоод нийслэлийн бүхий л цэцэг, навчийг Л.Эрдэнэчимэгийн хүлэмжээс авдаг тухай ярьж, бичих болсон. Мэдээж оргүй зүйлийг хэн ч хөндөхгүй. Яг л үүнтэй адил дахиад хэд, хэдэн хүний бизнесийг тэжээхийн тулд УИХ-ын сонгуульд саналаа өгөх нь хайран биш гэж үү.