Улсын өрийн бүтцийг ялгаж салган зарлах хэрэгтэй байгааг судлаач Д.Ганхуяг хэлж байна. Түүний үзэж байгаагаар яг цэвэр Засгийн газрын гадаад өр хэд юм, баталгаа нь хэд юм, дотоод өр хэд юм.

Ингэснээр дэлхий дахинд санаатай санаандгүй алин бүү мэд шалтгаанаар зарлаад байгаачлан “Монголын гадаад өр ДНБ-тэйгээ тэнцсэн үү?” эсвэл нийт өр ДНБ-тэйгээ тэнцсэн үү? гэдэг нь тодорхой болно. Хэрэв Засгийн газрын гадаад өр ДНБ-ын 50 хувьтай тэнцэж байгаа бол манай эдийн засгийн байдал харьцангуй зөв танигдах нь дамжиггүй гэж байна.

За мөн Засгийн газрын баталгаагаар асар их зээл авсан тэр компаниудыг зарлах ёстой. Тэдний өрийг Монголын Засгийн газар иргэдийн татварын мөнгөөр төлөх ёсгүй, харин зээл авснаараа тухайн компаниуд төлж барагдуулах ёстой. Харин компаниуд дампуурвал баталгаа гаргасан үеийн Засгийн тэргүүнүүд хар толгойгоороо хариуцах ёстой. Буян Жагааг “Марубени”-ийн зээлээр яаж ноцож байсан, яг түүн шиг гэсэн үг. Дотоод өр нийт өрийн тэн хагасыг эзлэж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа болон дотоод өрийн хооронд ямар уялдаа холбоо байгааг илрүүлэх ёстой. Хамгийн сүүлийн жишээ нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 500 сая ам.долларын зээлийн баталгааг Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан эсэх, тэр зээл нь ХХБ-ны бондоор хэлбэржсэн үү? Эсвэл “27 настай тэрбумтны компанийн хур хөрөнгө” үү ? гэдгийг ялгаад гаргаад ирэхэд асар их мөнгөний манхинаци ил болно. Ингэвэл МАНАН гэгч гарт баригдаад нүдэнд үзэгдээд эхлэхгүй хаачих вэ? Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно. АН-ынхан үүнд нь баярлаад байх ч хэрэггүй, учир нь үүний дараа хоёр нам хоёул үнс нурам болно. Гэхдээ харамсалтай нь тэр үймээн бужигнаан дунд МАНАН амьд үлдэх магадлалтай юм хэмээн анхааруулж байгаа юм.

shuurhai.mn