​УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өглөө. Ингэнэ гэдгээ эртнээс мэдэгдсэн, хэлсэн. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газраас хариуцлага нэхэх УИХ-ын гишүүн хэд хэд гарч ирсний нэг нь тэр.

Р.Амаржаргал тухайн үед “Миний ойлгож байгаагаар өргөн барьсан төсвөө Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр хамгаалж, тоо болгоных нь төлөө тулалдах ёстой биз дээ. Гэтэл 20, 30 хувиар өсгөөд байхад юу ч болоогүй юм шиг “за за” гээд явж байсан хүмүүс хариуцлага хүлээх үү, үгүй юу. Ийм хөөсрүүлсэн төсөл УИХ-д оруулж ирж батлуулсан олонхийн бүлэг хариуцлага хүлээх үү. Хөөсрүүлсэн төсвийг УИХ-д оруулж ирсэн Төсвийн байнгын хороо, хорооны дарга хариуцлага хүлээх үү, үгүй юу. Ямар нэгэн хариуцлага хүлээдэг субъект Монгол Улсын хэмжээнд байна уу. Сөрөг хүчнийхээ амыг таглачихаад, бүлгийг нь байгуулж өгөхгүйгээр төсөв баталж байсан. Ийм ажлыг гардан зохион байгуулсан УИХ-ын удирдлага үүнд хариуцлага хүлээх ёстой юм уу, үгүй юу. Нэг л асуудал байгаад байна. Бид эцсийн эцэст юу ч болоогүй юм шиг Монгол улсын төсвийн тодотголын орлого тэдэн төгрөг, зарлага тэд гээд алх цохино. Харин хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бол би хариуцлага хүлээе. Би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. УИХ-ын гишүүний хувьд 2013 оны төсвийг хэлэлцэж байхад шүүмжилж байсан. Болохгүй, буруу гэдгийг янз бүрийн хэлбэрээр илэрхийлээд эсрэг санал өгсөн. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байгаа. Тэгэхээр хэн нэгэн хүн үүний төлөө хариуцлага хүлээх ёстой. 1,4 их наяд төгрөгөөр Монгол Улсын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг цөмөөрөө сайхан царайлаад суугаад байх хэрэггүй. Бид улстөрч гэж нэрлэгдээд байгаа юм бол хэн нэгэнд хариуцлага хүлээх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна" хэмээн хэлж байсан билээ. Ингэж хэлснээс нь хойш сар ч болоогүй байна.  Р.Амаржаргал өмнө нь Ерөнхий сайдын алба хашиж, УИХ-д хэдэнтээ сонгогдсон, манай урдаа барьдаг эдийн засагчдын нэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь эхэлж шүүмжилсэн. Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон. Тэр УИХ-ын гишүүнээсээ татгалзчихлаа. УИХ түүний энэ хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүнээс нь чөлөөлчихвөл Сүхбаатар дүүргээс түүний оронд парламентад хэн нэгэн орж ирнэ. Энэ дүүрэг хоёр мандаттай. УИХ-д Л.Гантөмөр, Р.Амаржаргал нар сонгогдсон. Хоёулаа Ардчилсан намынх. Харин сонгуульд энэ хоёрын ард МАН-ын хоёр нэр дэвшигч маш ойрхон санал авсан байдаг. Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан байдаг. Харин МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авсан. Үйл явдал цааш өрнөж, Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль явагдвал Ардчилсан нам Сүхбаатар дүүрэгт Р.Амаржаргалын оронд хэнийг сойх вэ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд ямар үед, хэзээ нөхөн сонгууль явуулахыг тодорхой заасан. Жагсаалтаар сонгогдсон гишүүний ор гарсан бол түүний дараа эрэмбэлэгдсэн хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох хуультай. Яг У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болсон шиг. Харин тойргоос сонгогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж, гишүүнийг тодруулах ёстой. Тиймээс Р.Амаржаргал гишүүний суудалд суух хүнийг нөхөн сонгуулиар тодруулах юм. АН Р.Амаржаргалын дайтай улстөрчийг тодруулж, өрсөлдүүлж эс чадваас МАН-д нэг суудлаа алдаж мэдэх л юм.

 

Б.Оюунгэрэл