Улс орны эдийн засаг хүндэрсэн тул Олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүний тулд ОУВС-аас шаардаж байгаачлан хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй, архи тамхины татварыг нэмэх тухай төсвийн тодотголд тусгаж өгсөн.

 

Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцсон.

Татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

Төр мөнгөгүй байгаа болохоор татвараа нэмж болноо. Гэхдээ бидэнд анхаарах зүйлс байна. Өмнөх түүхээ эргэн санацгаая. Архи, тамхины татаврыг нэмснээр  бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсөж байсан түүх бидэнд бий.  Тодруулбал 2012 онд  архи, тамхины татварыг нэмэхэд тасалсан гурил 50-100 төгрөг, элсэн чихэр килограмм тутамдаа 200-300 төгрөгөөр нэмэгдэж байсан түүхтэй.   Тэгэхээр  татвараа нэмж байгаа бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхад анхаарах ёстой болж байгаа юм.  Тухайн үед наркологийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байв.

Нөгөө талаас татвар нэмлээ гэхэд архи, тамхины хэрэглээ тодорхой хэмжээгээр буурна. Гэхдээ “найрка” ууж хордох иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй. Найрка биш юмаа гэхэд “Гайхмаараа” болон түүний төрлийн шингэн ууж хордох иргэдийн тоо нэмэгдэх эрсдэл өндөр.

Тиймээс архи тамхины  татвар нэмэхээсээ өмнө архины албадан эмчилгээнд аль болох олон хүн хамруулах хэрэгтэй. Нөгөө талаас төрийн болон төрийн бус байгууллагууд архины хор хөнөөлийн тухай нийгэм рүү чиглэсэн сурталчилгааг гаргах шаардлагатай байна.

Татвар нэмэхийг огт эсэргүүцсэнгүй. Гол нь түүнийг дагаад гарч болзошгүй эрсдлүүдийг тооцоолох нь чухал гэдгийг эдийн засгийн хар ухаантай Б.Чойжилсүрэн сайд болон УИХ-ын 76 гишүүд бодоорой.