Монгол улсын эрүүгийн хуулийн 95.1-д хүнийг амиа хорлоход хүрсэн этгээдэд таван жилийн ял оноох тухай заасан байдаг. Гэр бүлийн маргаан, хүчирхийлэл, таарамжгүй байдал хүний аминд хүрдэг болохыг сэрэмжлүүлэх зорилгоор шүүхээр шийдвэрлэсэн гэмт хэргийг хүргэж байна.

37 настай бүсгүй төрсөн өдрөөрөө гэрийнхээ тагтнаас унаж амиа хорлосон байна. Түүний амиа хорлох болсон шалтгаан нь нөхрийн байнгын зодуур, сэтгэл зүйн дарамт аж. Тодруулбал Т.Д нь өөрийн гэр бүлийн гишүүн эхнэр болох 37 настай Г.Д-г сэтгэл зүйн хувьд дарамтлан /орон байрнаас хөөх, доромжлох/ зодох зэрэг дарамт учруулж өрөвдөх хайрлах сэтгэлгүй хандаж амиа хорлоход хүргэсний улмаас эхнэр Г.Д нь Дархан-Уул аймгийн Дархан сумд өөрийн гэрийнхээ тагтнаас буюу 7 давхраас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим унаж нас барж, бусдыг амиа хорлосон байдаг.

Тэгвэл энэ хэргийн талаар нөхөр нь “эхнэр гарч явлаа гэж хэлэхээр би гаргахгүй гээд гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожилж түлхүүрээ нуусан юм. Тэгээд би эхнэртээ явуулахгүй эндээ хоноод яв гэж хэлэхэд эхнэр уурлаж орилж чарлаж эхэлсэн. Тэгэхээр нь би явуулахгүй өнөөдөр дөрвүүлээ гэртээ хононо гэж гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр амиа хорлоно би үхнэ гэж хэлсэн. Ер нь бол манай эхнэр надтай хэрэлдэж маргалдахаараа би амиа хорлож үхнэ сална л гэдэг байсан юм. Тэр үед мөн л намайг айлгаж байна гэж бодоод нэг их тоогоогүй юм. Тэгээд жижиг өрөө рүү орж хүүдээ унт аав, ээж хоёр нь жаахан ярилцаж байгаад унтана гэж хэлээд гарч ирэхэд эхнэр би уналаа шүү намайг бариарай гэж хэлэхээр нь балконы хаалга татаж байх үед дор пид хийх чимээ гарсан. Би сандраад хүүгээ дуудаад ээж чинь дор уначихлаа гэж хэлээд гарах гэтэл би хаалгаа дотроосоо түгжсэнийг мартсан байсан. Тэгээд би хүүгээ түлхүүр аваад ир гээд тэр хооронд хувцас хунараа өмссөн юм. Би эхнэрээ хөөж явуулчихаад буцаагаад гэртээ аваад ирдэг байсан юм. Мөнгөний асуудлаас болж маргалдаад би эхнэрээ гэрээсээ хөөдөг. Өмнө нь бол гар хүрдэг байсан бөгөөд одоо гар хүрэхээ байгаад 5-6 жил болж байна. Гар хүрч байхаар хараалын үг хэлчихье гэж бодоод хараалын үг хэлдэг байсан. Би эхнэртээ огт гар хүрэхгүй байж байгаад өчигдөр орой гэртээ харьсныхаа дараа эхнэрийнхээ зүүн хөлний өвдөгний дээхэн хэсэг рүү нэг удаа цохиж авсан.” гэдгийг мөрөн байцаалтын явцад хэлсэн байдаг.

Тэгвэл талийгаачийн дүү мөрдөн байцаалтад “Эгч маань хэд хоноод л гэрээсээ хөөгдчихлөө гэж хэлээд тортой хувцас хунараа бариад хүрээд ирдэг байсан. Хэд хонуулаад нөхөр Д нь ирээд аваад явдаг боловч дахиад л хэд хоноод гэрээсээ хөөсөн гээд л хүрээд ирдэг байсан. Би нарийн сайн учрыг нь мэдэхгүй эгч энэ талаараа надад тодорхой ярьдаггүй. Харин бидний хажууд эгчийг маань дандаа янхан гичий минь чи гэх мэтээр элдвийн муу муухай үгээр хэлж дайрч давшлаад чирч гулдчиж гэрээс хүчээр авч явдаг байсан. Энэ үйлдэл нь байнгын шахуу болдог байсан. Гэр лүүгээ яваад хамгийн удаан байлаа гэхэд 7 хоног л байсан байх”

Өөрөөр хэлбэл хөөрхий бүсгүй байнгын дарамтад ордог байсан бөгөөд үүнийг хүүхдүүд нь мэддэг байжээ. Мөн талийгаачийн ээж нь ч энэ талаар мэддэг байсан бөгөөд эр эмийн хороонд илжиг жороолохгүй гэсэндээ чимээгүй байдаг байсан аж.

Шүүхээс  Т.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасан хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтад хамрагдаж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл хэн нэгний үхлээр өндөрлөдөг болохыг харуулсан тод жишээ. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл ил далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс хүн бүр сэргийлж хуулийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.