Арилжааны банкууд зээл гаргахдаа шимтгэл нэрээр нэг хувийг нь буцааж авдаг. Өгсөн мөнгөнийхөө дээр хүү авахаас гадна шимтгэл авч байгаа нь шударга бус. Гэвч энэ шударга бус тогтолцоог хуулиар хамгаалуулж чаджээ.

Арилжааны банкны зээл гэдэг нэг төрлийн үйлчилгээ. Тиймээс үйлчилгээ үзүүлснийхээ хариуд төлбөр авах нь зүйн хэрэг. Харин зээлийн хүү бол үйлчилгээний төлбөр. Тэгвэл арилжааны банкууд зээл гаргасныхаа төлөө 1 хувийн шимтгэл авдаг нь шударга бус тогтолцоо. Учир нь иргэн 10 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авлаа гэхэд сард 263,272 төгрөгийг эргүүлэн төлнө. 60 сарын хугацаанд ингэж төлснөөр нийтдээ 15 сая 796,320 төгрөг төлөх болно. Өөрөөр хэлбэл зээл авсныхаа төлбөрт 5 сая 796 мянга 320 төгрөг төлж байна гэсэн үг. Гэтэл үүний дээр 100 мянган төгрөгийг шимтгэл хэлбэрээр авч байгаа нь шударга бус.

Зээлийн хэмжээ                                10 сая төгрөг

Хугацаа                                              60 сар

Жилийн хүү                           19,7%

Хүүгийн төлбөр                                5 сая 976 мянга 320 төгрөг

Шимтгэл                                100 мянган төгрөг    

Зээл гаргасныхаа хариуд 2 төрлийн төлбөр авч байгаа нь шударга бус гэж шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2013 оноос арилжааны банкуудтай маргаж эхэлсэн. Гэвч тэр их мөнгө тэр их ашиг сонирхолыг дийлээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс зээлийн шимтгэлийг хууль бус гэж үзсэн ч дээд шүүхээс тус шийдвэрийг анхан шатанд буцаасан. Анхан шатны шүүх зээлийн шимтгэл иргэдийг хохироогоогүй хэмээн өмнөх шийдвэрээ өөрчилснөөр асуудал намжсан. Ингээд иргэдийн эрх ашгийг зөрчсөн зээлийн шимтгэл одоо ч авагдсаар байна.

Энэ гаж тогтолцоо хуулиар хамгаалагдсан. Нэгдүгээрт монгол банкны гаргасан журмын дагуу зээлийн төлбөрт шимтгэл авахыг зөвшөөрнө гээд тусгачихсан. Гэхдээ яг хэдэн хувь гэсэн тоо байхгүй. 2-р дугаарт шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын шимтгэл үйлчилгээний өртөгт нийцсэн эсэхийг шалгах эрх байхгүй. Банкны тухай хуулийн 7,2-т зааснаар зөвхөн монгол банк болоод санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийх эрхтэй гэжээ. Ингээд зээлийн шимтгэл шударга бус, үйлчилгээний хөлс гэхэд хэтэрхий өндөр болохыг нотолж чаддаггүй.

Гуйна гэдэг гутамшиг гуйлгана гэдэг гайхамшиг гэдгээр мөнгөний хэрэг гарсан иргэд шимтгэл авч байгаад маргаж чаддаггүй. Харин зээл олгож байгаа банк өөрийгөө үйлчлүүлэгчээс илүүд тооцдог болчихсон. Ийм гаж тогтолцоо хуулийн хүрээнд хамгаалагдсан ч эдийн засгийн хувьд эрүүл биш тогтолцоо гэдгийг судлаачид хэлж байна.

Хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, шударга ёсыг тогтоохын тулд гаргадаг. Харин банкны зээлийн шимтгэлийг хамгаалсан хууль журам олон нийтийг хохироож байгаа нь бодит үнэн. Банкны салбараа хүчрэхээ байсан төрийн түшээд энэ гаж тогтолцоог мэдсэн ч мэдээгүй юм шиг ажигласаар байна. Харин арилжааны банкууд зээлийн шимтгэл нэрээр багагүй ашиг олдог. Энэ оны эхний 7 сарын байдлаар 10 тэрбум 258 сая 399 мянган төгрөгийн зээл гаргасан. Үүний нэг хувь 102 сая 583 мянган төгрөгийн ашиг олжээ.

Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж байгууллага таг чиг л байна. Хэзээ болтол даварсан банкуудад ингэж шулуулах ёстой вэ?  Төр нь даварсан  банкуудад төмөр нүүрээ харуулах цаг болсон гэдгийг хэзээ ойлгох вэ?