Гадаа жавар тачигнаж, өлгийтэй бяцхан үрс битгий хэл идэр насны эр ч мөрөө хавчин дулаан газар хайн бэдрэх ийм л цагаар хүний бяцхан үр архичин хүргэн ахыгаа тэжээх хатуу үүрэг хүлээн доороос хайрах цементен довжооны хүйтнийг үл тоон гудамжнаа өнжинө.

  Хир даг болсон улаан эрээн өнгөтэй ноосон малгайн доороос нь дүрлийх бөв бөөрөнхий хар нүдийг харсан хэн бүхэн нялх амьтныг өрөвдөж, хайрлахдаа халаасаа тэмтрэн өмнөө тавьсан цаасан хайрцаг руу нь 100 төгрөг хийчихээд толгой сэгсрэн эргэн эргэн харсаар булан тойрон одно. Хүүгийн өмнө тавиастай байх цаасан хайрцагны ёроолд таг тавьт, зуут нэлээн байхыг бодвол гарч ирдэг цагаасаа нэлээд эрт ирсэн байж ч мэднэ. Хамгийн өрөвдмөөр нь хүүгийн өмд цоорч цаанаас нь сайртсан өвдөг нимгэн куртикных доороос цайран харагдана. Сэтгэл өвдөхдөө “Миний дүү гэртээ харь. Хүмүүсийн өгсөн мөнгө шөнийн хоол авч хүрэлцэх хэмжээнд очиж.

 

   Бөгс чинь хөлдөж сүйд боллоо гэвэл “Гайгүй ээ. Цайны газарт дулаацах гэж орохдоо хүзүүнийхээ ороолтыг өмдөндөө хийчихсэн. Эрт харьвал эгч загнана” гэх нь тэр. Миний чих буруу дуулсан байгаасай. Гэрийнхээ хойморт кино үзсэн шигээ тарвалзаж байх учиртай түүнийг л мөнгө олох хэрэгсэл болгочихоод өөрсдөө дулаан гэрт идэж ууж, эрхлэлдэн ноолдон жаргах эцэг эх байдаг байх нь. “Эгч загнана” хэмээн уруу царайлан зогсох хүү ч тэгж ярих юм бол гудамжинд гуйлга гуйн амьдралын 4 хүндийг нуруундаа үүрэн томчуудын золиос болох учиргүй. Харин 10 настай Өсөхбаяр Г орчлонд ирэх л гэж ирсэнийхээ шанг ийм маягаар хүртэж байх юм. Шулуухан хэлэхэд, тэдний ар гэрийнхэн нялхсаар бизнес эрхэлж, олсон хэдээр нь жаргаж байж таарах уу.

 

   Монгол Улс зах зээлд шилжсэн 20 жилийн хугацаанд нийгмийн хэсэг бүлэг хүмүүс өлгийтэй нялхсаар бизнес эрхлэн хоногийн хоолоо төвөггүйхэн олох болсон юм билээ. Өнгөрсөн жил Урт цагааны гудамжинд дүүгээ тэвэрсэн бяцхан охинтой уулзахад тэрбээр “Энэ миний төрсөн дүү биш. Манай ээжийн найзынх нь хүүхэд. Энэ хүүхдийг гудамжинд тэврээд суухаар хүмүүс их мөнгө өгдөг. Ээж бид хоёр үдээс өмнө тэвэрч суух хуваарьтай. Үдээс хойш өөр хүүхэд тэврээд Их дэлгүүрийн үүдэнд сууна. Та яах гэж намайг хоргоогоод байгаа юм бэ, яваач. Таныг явахгүй бол манай аниа намайг хэнд юу ярьсан бэ гээд зодно шүү дээ” гэж байсан тэр дүр зургийн үргэлжлэл Өсөхбаяр хүү байв. Ингээд хүүгийн амьдрал ахуйгаа хэрхэн танилцуулсаныг уншигч танд засваргүйгээр хүргэе.

 

Эгч жирэмсэн, ах гагнуурчин

 

-Миний дүүд аав, ээж бий юу?

-Байгаа.

-Ээж, аав нь ажил хийдэг үү?

-Хийдэг. Ээж орцны жижүүр, аав цус харваад тал бие нь мэдээгүй болчихсон, хэвтрийнх

-Чамд ах, эгч бий юу?

-Байгаа. Би хамгийн бага нь.

-Чамайг хэн гэдэг вэ, хэдэн настай билээ?

-Намайг Ганбаатарын Өсөхбаяр гэдэг, 10 настай.

-Эгч чинь нөхөртэй юү?

-Байгаа. Гагнуурчин хийдэг. Одоо ажилгүй, архиа уугаад л гэртээ унтаж байгаа.

Эрт харьвал эгч загнаж, хүргэн ах зодно.

-Чамайг гудамжинд гуйлга гуйдгийг аав, ээж хоёр нь мэддэг үү?

-Ээж мэднэ. Эгч ээжийг зоддог учраас бид нар түүнээс айдаг. Аягүй бол холоос бид хоёрыг хараад зогсч байж ч мэднэ. Өдөр ирээд цуглуулсан мөнгийг маань хамаад явсан.


Бээлийгүйн улмаас нимгэн куртикнийхээ ханцуйг мухлайдан зогсох хүүтэй ярилцсан зүйл гэвэл энэ. Үүнээс илүү тайлбар ч гэж юу байх вэ.