Архи, согтууруулах ундаа, айраг уусан л бол жолоо барих хэрэггүй гэдгийг Замын цагдаагийн албанаас байнга анхааруулдаг. Гэвч зарим нэгэн нь хэнэггүй зангаасаа болж согтуугаар жолоо барьж “журамлуулдаг”. 

 Тэгвэл баригдсан хүмүүсийн ганц нэг нь мөнгө өгөх, танил талаараа яриулж байгаад явдаг нь нууц биш. Согтуугаар жолоо барьж, өөрийг нь зогсоосон цагдаад 200 000 төгрөг өгсөн байна. Харин мөнгө өгсөн жолооч, мөнгийг авсан цагдаа өнөөдөр ялтан болоод байна.

С.Г нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн .........-р ажиллаж, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ........-н постод үүрэг гүйцэтгэж байхдаа ........ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн С.С-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн боловч С.С-н ашиг сонирхлын үүднээс албаны үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлэлгүй тус цагдаагийн хэлтсийн ............... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийн хахууль авсан байна. 

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаа, прокурор шалгаад яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна.

Замын цагдаа С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Гэм буруу дээр маргах зүйлгүй... Тухайн үед хамт ажилладаг байсан Б.Н-д итгэж мөнгө авсан... Ажлаасаа халагдсан, ажилгүй байгаа...Дахиж ийм асуудал битгий гараасай гэж бодож байна......Тушаалын дагуу ...... дээр үүрэг гүйцэтгэж байсан...Ажил тасалсан болон дээр нь энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан...Б.Н-р дамжуулж 200.000 төгрөг авсан...” гэж  мэдүүлжээ.

Согтуугаар жолоо барьсан С.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон яваад цагдаагийн албан хаагч С.Г-д саатуулагдах үедээ жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор хэсгийн ....... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийн хахуулийг С.Г-д өгсөн...өөрийн бичиг баримт автомашинаа авсан...Энэ хэрэгтээ гэмшиж байна...би тодорхой ажил төрөлгүй миний амьдралын байдлыг харгалзаж үзнэ үү гэх хүсэлттэй байна...” гэж мэдүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн /Хээл хахууль авах/ 268.1 дэх хэсэгт “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөг/ 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000-60.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн /Хээл хахууль өгөх/ 269.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөгийг/ 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000-60.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус оногдуулах ял шийтгэлийг хуульчилсан байна.

Үүнээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн /Хахууль авах/ 4 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 22.5 дугаар зүйлийн /Хахууль өгөх/ 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох,...6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г-н хувьд эрх хасах нэмэгдэл ял, хорих ял тус тус хүндэрсэн, шүүгдэгч С.С-н хувьд эрх хасах нэмэгдэл ял шинээр нэмэгдэж хүндэрсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эсүйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн байна.

Улмаар замын цагдаа С.Г-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар жолоо барьсан С.С-г албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.   Улмаар 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.Г-г тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт С.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн байна. Улмаар уг ялыг тэнсэн харгалзсан байгаа юм.

Энэ бол согтуу жолоочийн бусдад тарьсан гай. Хэрвээ анхнаасаа согтуугаар жолоо бариагүй байсан бол өөрөө ч өрөөлийг ч хөлдөө чирэхгүй байлаа. Өөрөөр хэлбэл хувь хүний ухамсрын асуудал.

Согтуугаар жолоо барьж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд санаатай хохирол учруулж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн эрхийг зургаан сараас нэг жилээр хасаж, 480 мянган төгрөгөөр торгодог байжээ. Харин энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулиар шинэчлэлт хийгдэж, дээрх зөрчил гаргасан этгээдэд 1-2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 400 мянган төгрөгөөр торгодог болсон байна. Шинэчлэгдсэн заалтаар эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодвол 7-30 хоног баривчлах ялаар шийтгэж байгаа.

Тиймээс жолооч нар согтуугаар жолоо барихгүй байх, дуудлагын жолооч дуудах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү!!!