Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн шинэ журмын талаар тодрууллаа.

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг баталлаа. Энэ журамд хэд хэдэн шинэ заалт оруулжээ. Тухайлбал амины орон сууц барихад найман хувийн зээл олгохоор болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2016-2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ипотекийн зээлийг хөнгөвчлөх, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд дээрх журмыг баталлаа. Журмыг батлахаас өмнө БХБЯ, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч судалгаа хийснээр журамд хэд, хэдэн зүйлийг шинээр оруулж ирсэн. Нэгдүгээрт Орон сууцны хөнгөлттэй зээлэнд анх удаа орон сууцанд орох иргэд хамрагдана. Хоёрт нийслэл болон тухайн орон нутгийн ерөнхий төлөвлөгөөнд багтсан орон сууцыг зээлэнд хамруулахаар тусгалаа.  Улмаар анх удаа гэр хороололд орон сууц барихад зээл  олгохоор шийдлээ. Өөрөөр хэлбэл ерөнхий төлөвлөгөөнд орсон газар эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууцанд олгох юм. Тухайн айл төвлөрсөн инженерийн дэд бүтэцтэй холбогдсон болон бие даасан дэд бүтцийн шийдэлтэй орон сууц барихад найман хувийн зээл авах нөхцлийг өнөөдөр бүрдүүллээ. 

-Найман хувийн зээлэнд хамрагдах орон сууцны метр квадратын хэмжээ хэд хүртэл байхаар тусгасан бэ?

- 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно. Харин амины орон сууцны хувьд 120 м.кв хүртэл байх бөгөөд нийт 60 сая төгрөгийн зээл олгохоор шийдсэн. 

- Ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болж нэмлээ.Үүнийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ? 

-Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно.  Өмнө нь улсын төсөв болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгосон мөнгийг 4 хувиар тооцож, банкуудад олгож байсан. Үүн дээр банкууд зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэн олгож байв. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар улсын төсөв болон Монголбанкны эргэн төлөлтийн эх үүсвэрийг нэг хувь болгон буурууллаа. Ингэснээр зээлийн хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна. Тухайлбал нэг иргэн орон сууц авахад 60 сая төгрөгийн зээл авахаар байвал банкны эргэн төлөлт болон улсын төсвөөс олгож байгаа 30 сая төгрөгийг нэг хувиар олгоно гэсэн үг. Харин үлдсэн  зээлийг арилжааны банкуудаас 12-14 хувиар зээл олголоо гэхэд дунджаар 8 хувьд хүрч байгаа юм. Өнөөдрийн байдлаар найман хувийн зээлэнд Монголбанкны эргэн төлөлтөөс 16 тэрбум, улсын төсвөөс 10 тэрбум төгрөг буюу нийт 26 тэрбум гарч байгаа. Тэгвэл энэ эх үүсвэр дээр арилжааны банкуудаас 5-10 тэрбум төгрөгийг сардаа зээлэнд гаргах боломж бүрдэж байна. Нэг ёсондоо хөнгөлттэй зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдлээ гэж ойлгож болно. Түүнчлэн журмаар зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөх  хэвээр үлдсэн.

-Зээлийн хүүг найман хувиас доош бууруулах боломж байгаагүй юм уу?

- Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир зээлийн хүүгийн хэмжээ, урьдчилгаа хэмжээг бууруулах боломжгүй. 

-Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг гаргасан гэсэн. Энэ судалгаагаар орон сууцанд хичнээн өрх орох хүсэлтэй байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сард бид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг гаргасан. Уг судалгаагаар түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 42 мянган айл байна. 30 хувийн урьдчилгаа төлөөд найман хувийн зээлэнд хамрагдах  33 мянган айл нийслэлд, хөдөө 14 мянган иргэн байна.  3 жилийн хугацаанд 35000 орон сууц ашиглалтад орно гэсэн судалгаа гарсан. Одоо зах зээлд 60-70 мянган айлын  барилга баригдаж байгаа бөгөөд жилд  15 мянган айлын  орон сууц баригдаж байгаа нь эрэлт, нийлүүлэлт хэмжээндээ байна гэсэн үг.