Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлгийг хувьчлах гэж байна гэсэн буруу мэдээлэл их цацагдлаа. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байгаа учраас ажлын хэсэг гаргана. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Дэлхийн банкны санхүүжилтэйгээр Сангийн яам шийдвэрлэнэ. Цаашдаа асуудал гарахгүй.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухаан, лабораториуд  ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглахад 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн байна.

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг БСШУСЯ судалж байгаа аж. Эрүүл мэндийн яам, нийслэл, орон нутгийн сургуулиудаас саналыг нь сонсч улмаар энэ Баасан гаригт Улсын онцгой комиссын хуралдаанд оруулж, шийдвэрлэнэ. Эрүүл мэндийнхээ байгууллагынхаа мэргэжилтнүүдийн саналыг сонсож байж шийдээ гаргана.

Олон нийтийг зүгээс хоёр санал ирж байгаа. Нэг нь монголд коронавирусийн халдвар илэрчихээд байхад эрсдэлтэй байна гэж байгаа. Нөгөө хэсэг нь хөл хориог цуцлахыг хүсжээ.

Төгсөх ангийнханд зориулж, ЭЕШ-ын болон одоо телевизээр гаргаж буй теле хичээлүүдийг СD-нд хуулж өгөх юм байна. Бид төгсөлтийн асуудалд онцгой анхаарна. Энэ СD-г улс орон даяар бүх хүүхдүүдэд тарааж өгнө хэмээв.