УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН 11 суудал авч, ялагдал хүлээгээд байгаа. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр дараагийн шинэ дарга сонгогдтол АН-ын даргын албыг УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Ц.Туваанд шилжүүлжээ. 

Тодруулбал,  АН-ын дарга С.Эрдэнэ: "УИХ-ын сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарсан. Үүнийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоох байх. АН энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээнд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс АН-ын даргын хувьд би хариуцлага, хүлээж, ажлаа өгч байна. Өргөдлөө өгсөн байгаа. 

УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн саналыг авсан. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж үзэж байгаа. АН 24,5 хувийн саналаар 11 суудал авсан байна. Сонгуулийн тогтолцооны төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллахгүй бол ийм үр дүн гардаг юм байна. Энэ сонгуульд АН-ыг удирдаж орсон хүний хувьд надад алдаа оноо байсан. Нөхөдтэйгээ зөвшилцсөн ч алдаа оноотой шийдвэр байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг баг болж нэгдэж ажиллаж чадаагүй нь алдаа болсон. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна.

Цаашдаа сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж төлөвшихийн төлөө ажиллана. Ардчилсан хүчний намууд нэгдээд энэ сонгуульд орсон бол 55 хувийн санал авах боломж байсан. АН цаашдаа сонгогчдын итгэлийг авч ажиллаж чадна гэж бодож  байна. Инээд Үндсэн дүрмийн хүрээнд АН-ын даргын түр эрхийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна.

Ингээд АН-ын 200 гаруй мянган гишүүдээсээ хүлцэл өчье" гээн юм.