Халуун дулаан уур амьсгалтай улс оронд олон жил амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаад эх орондоо ирсэн хүмүүс эх нутгийн ус агаар, хоол унданд дасан зохицоход олон шийдмээр зүйл байна.

Хүмүүс эх орондоо түр болон бүр ирэхэд Монголын тосорхог хоолыг шингээх чадвар муу байдаг. Хорхог айргийг идэж, уухад онцгой анхаарч болгоомжлох нь зүйтэй. Олон жил хилийн чандад амьдарсан ахан дүүсээсдээ ундаа шүүсний дээдээр дайлах гэж чармайсан нь уг хүндээ хоол биш хор болж, нойр булчирхайг нь хайлуулж үхэлд хүргэх, ходоод гэдэсний архаг хуучтай болгох магадлал өндөр юм. Өөх тостой хоол идсэн тохиолдолд панзинорм хэмээх эмийг зохих тунгаар хэрэглэх нь зүйтэй. Учир нь удаан хугацаагаар тослог багатай хоол идсээр цөс, нойр булчирхайн ялгарал хоорондын зохицуулганд оролцдог холецистокинин, панкреозилин гэсэн хэсэг газрын дааврууд ялгарах нь багассан байдаг.

 

Иймээс тослог ихтэй хоолонд дасаагүй үедээ их хэмжээгээр идэх нь дараах зовиур шаналгаа илрэхээс гадна ходоодны нугалуурын хэсэг болон арван хоёр гэдэсний эхний хэсгийн булчин суларч, тэлээд хийгээр дүүрдэг. Үүний улмаас  хүний хоол боловсруулалт хямарч ходоод гэдсээр хатгуулж, гүйлгэх, зарим тохиолдолд нойр булчирхайн хурц болон архаг үрэвсэл үүсэж болдог. Мөн эдгээр хүмүүст гар, хөл биеийн арьсан доорх өөхөн давхарга, хураагуур (вен) судасны тор хомсорсон байдал ажиглагдах юм. Энэ венийн судсан сүлжээ нь цус хөрөх, цус хэт хөөрхөөс хамгаалах давхардсан үүрэгтэй. Дулаан уур амьсгалтай газрын хүмүүсийн арьсан доорх венийн судсан сүлжээний үүрэг саардаг бололтой. Судас тариа хийх үед судас нь олдохгүй юм. Ийм нөхцөлд уул модтой газар цөөн хоногоор амарч, хүүхэд наснаас идэж ууж өссөн идээ ундаа мах шүүсээ  өөрийнхөө биеийн нөхцөл байдалд тохируулан бага багаар дасган хэрэглэж, биеийн хөдөлгөөнийг идэхжүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг ярихдаа миний бие адууны өөхтэй хавирга, тарваганы хөлийг ханатал идээд хэвтэхийг яриагүй байна.

 

Халуун дулаан уур амьсгалтай газар халуун хоол унд идэхгүй хүйтэн нойтон юм идэж хоол боловсруулах тогтолцоогоо өндөр градустай архиар гижигдэж амьдарсаар дассан нь их нутагтаа ирэхээр халуун хоол ундны хэрэгцээ гарч хэсэгтээ хоол боловсруулах зам нь хямрал болдог. Халуун газар бүдүүн гэдсэнд дулаан үүсгэх хоол идэхгүй ногоо будаахнаар хоололсоор бүдүүн гэдэсний үүрэг их суларсан байдаг. Эх нутагтаа ирээд үтэр түргэн бүдүүн гэдэснийхээ дулаан үүсгэх, ус шимэх үүргийг сэргээхгүй бол ходоод гэдэс хөрч хямрах аюул нүүрэлдэг. Хан үндэстэн өтөл насандаа биеийн дулаан үүсгэх механизмууд ажиллахаа байснаас ач зээ нараа өвөртлөж унтаад залуу хүүхдийн биеийн дулаанаас шингээж, унтаж амардаг тал их байдаг гэж  хэвлэлд бичих юм. Халуун ханз, халдаг хөнжил гудас хэрэглээний практикт нэвтрээд байгаа нь зөөлөн дулаан уур амьсгалтай орны өвгөд хөгшдөд зориулсан үйл үйлдвэрлэл бололтой юм. Манайд хөгшин хөвөө хэн боловч халуун ханзан, халдаг хөнжил гудастай унтвал буларч үхэх бизээ.

 

Хүн ардынхаа эрүүл мэндийн асуудлаар тас хар үстэй бүрэн шүдтэй байхаасаа эхлээд санаа зовж явсан өчүүхэн профессор, шавь бид хоёрын санаанаас зөрөлдвөл 99076415 утсаар холбогдоорой. Ард олонтойгоо санал солилцож илүү сайхны төлөө ажиллахад бид бэлэн байна.

 

АШУҮИС-ийн ЭЗ-БАС-ийн Анатомийн тэнхмийн багш АУ-ны магистр М.ЛХАГВАЖАРГАЛ

МАУА-н академич. АШУ-ы Доктор, профессор Д.АМГАЛАНБААТАР