Өнөөдөр 09:00 цагаас эхлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд Ноён-Уулын ашиглалт олборлолтын лицензийг хүчингүй болгох маргааныг шийдвэрлэх шүүх хурал болж, дөнгөж сая дахин хойшлох шийдвэр гарлаа.Тодруулбал

"Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярчимэг нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хийхээр товлолоо.

Өнөөдрийн шүүх хуралд УИХ-ын Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга нар байлцлаа. Мөн "Босоо Хөх Монгол" ТББ, "Ноён уулаа аваръя" ТББ, "Дэлхийн монгол ногоон нэгдэл", өмгөөлөгч Г.Батбаяр, "Гал үндэстэн" зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцсон байна. Хариуцагч талаас Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмалын газар, “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл болон өмгөөлөгч нар байв.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын  лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж байгаа юм.