Аливаа улсад “улс төрийн нэр хүнд”, “ерөнхий имиж” гэж байхаас гадна “эдийн засгийн нэр хүнд” гээч юм байдгийг монгол тархи ухаж ойлгохгүй. Энд гурван ойлголт нэрлэчихлээ. Эхний хоёр нь лут. Авилгалыг давхар тооцчихгүй бол Монгол бол Азийн цээжин дээр ардчиллыг цэцэглүүлсэн үлгэр жишээч орон. Зун наадмаа хийж, баярлан цэнгэж байгаагаар нь гадаад улсууд биднийг үнэхээр “Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн юм билээ” гэж үнэлдэг нь “ерөнхий имиж”. Онгон байгаль, ардын урлаг, шашин, цам, энтертайнмент гээд бүгд манай зөв имиж. Харин “эдийн засгийн нэр хүнд” гэдэг дээр очоод бид улсаараа паг суучихдаг. Тэр тухай л өгүүлэх гэж байна.

 

Монголчуудын олонхи нь (лав тал нь) хорвоогийн тоосыг хоосон хөдөлгөж яваагаас болоод улс маань нэг л сэхдэггүй, өөдөлдөггүй, дэлхийн өрсөлдөөнд бүү хэл гадаад ямар ч улсад, бүс нутагтаа ч эдийн засгийн нэр хүндтэй байраа эзэлж чадахгүй будилж яваа. Эдийн засаг нойл, хүн ард нь ядуугаараа байгаад байвал нэр хүнд дагалдаад нойл. 

 

Ядуу доройг хүн ойлгоно, хайрлана, хүндэлнэ гэсэн тэнэг гэнэн ойлголтоосоо бид хэзээ салдаг юм бол, бүү мэд? Бид үргэлж зарц гуйлгачин шиг явж яавч болохгүй цаг үе шүү дээ. Монгол хүний нэрэнд даанч муухай юм. Гэхдээ тэр муухайг гаднынхан биш, бид монголчууд өөрсдөө санаатай санаагүй үйлдэнэ. Бид дэндүү цөөхүүлээ. Хэрсүү, ажилсаг, хөдөлмөрч ард түмэн болж төлөвшихгүй бол оройтлоо. Монгол хүн өөрөө чанга нягт бай гэсэн санаа юм.

Аль 100 жилийн өмнө Ц.Дамдинсүрэн гуайн туурвисан “Гологдсон хүүхэн” зохиолд гардаг даа. Хожим кино болгосон. Данигай өвгөн, Долингор нарын яриа: - Монголд цэрэг хэрэгтэй юмсан даа. Манай Монгол чинь олон өлөн чонын дунд байгаа ганц явган бадарчин шиг болж байна. Тэр бадарчинд барих таяггүй бол яахав? Чи бод! Чононд л баригдана даа, хөөрхий. Манай Монгол тийм болоод байна даа. Тэгэхэд тэр амь хамгаалах итгэл нь болсон цэрэг нь ингээд тарж байх гэж дээ? 

 

XXI зууны ширүүн өрсөлдөөн, хурдны эринд манай Монгол яг өнөөдөр Данигай өвгөний дүрсэлсэн шиг тийм байдалд байж байна. Нууц биш. Ядуурлаасаа салах гэж улс эх орон ба тусгаар тогтнолоо нулимахад яг бэлтгэгдчихсэн. Нийгмийн сэтгэхүйгээр нь ярьж байна. Ардчиллыг учиргүй муулаад, ядуурлаа ардчиллаас боллоо гээд үглээд эхэлбэл тэр нь явж явж ядуурлаас гаргах ид шидтэнийг хайхад хүргэж, нөгөөх нь хилийн чанадад байж таарч, мөнгө төгрөгөөр цутгаж, ард түмнийг амаржуулах тухай үлгэр нийгмээр хэрэн тэнэж, УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөлдөг дээрээ байна. Олон жил тийм байлаа даа. Мөнгө л олдвол ард түмэндээ тараачих гэсэн сайхан сэтгэл!

 

Данигайн зөвлөлгөө: Зам буруулж, амь зулбаж яваа үед чинь тарган морь, торгон дээлнээс хавчиг үүрэг, мурий зах хэрэг болдог юм даа Долингор минь – Бас л өнөөгийн Монголд үнэ цэнэтэй зөвлөлгөө байна. Ядуу доройгоороо дэлхий дахинд өрөвдүүлж тусламж хүртэнэ гэсэн монгол сэтгэхүй өнөөдөр амь бөхтэй байгааг Данигай өвгөн өвөрмөцөөр хэлчихжээ. 

 

 

Манай эх орон 30 жилийн турш ядууралд хав баригдлаа. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 – судалгаа” гэдгийг гаргажээ. 2002 оноос өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшинг судалж иржээ. Монголд  904 000 иргэн ядуу гэх  ангилалд байгаа аж.  2016 онд  нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол  2018 онд 28.4 хувь буюу  904 мянган хүн  болж, тоо нь тун ялимгүй буужээ. Хоёр жилд нэг хувиар буурдаг ядуурал гэхлээр ерөөсөө ажил хийж өгдөггүй, хийх хүсэлгүйгээсээ ажилгүйдээд ядуураад байна хэмээн гадаадын захын энгийн иргэнд ойлголт төрөхөөр. Ийм олуулаа ажилд бэлтгэгдээгүй байж байна гэхийг ойлгохгүй л дээ. Насанд хүрээ л бол амьдралын хариуцлага гээч юм гадаад ажилсаг ард түмнүүдэд байдаг бол манайд үхэн үхтэл нь амьдралын төлөөх хариуцлага байдаггүйг би дээр “хорвоогийн тоосыг хоосон хөдөлгөж явдаг” гээд нэрлэчихсэн.

Монголд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн тоо дэндүү олон. Нийгмийн дундаж давхарга үгүй болсон, баян ба ядуу гэсэн хоёрхон давхаргатай болчихсон. Дэлхийн Банкны судалгаагаар манай хот суурин газруудад ядуурал нэмэгдэж, хөдөө орон нутагт ядуурал буурчээ. Орон нутагт 2016-2018 онд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод эсрэгээрээ 0.1 пунктээр нэмэгджээ.  Хот суурин  газарт амьдарч буй ядуусыг эзлэх хувиар нь авч үзвэл  2016 онд 62.1 хувь байсан бол 2018 онд 63.5 хувь. Нөгөө хүн амын 3/1 нь ядуу гэдгээс хол давчихаж. Нөгөө 904 мянган ядуусын 378.2 мянга нь Улаанбаатар хотод байна гэснээр бол 4/1 нь болчихно. 

Ядуурлын түвшнээр аймгууд жагсаж байна. Ядуурал хамгийн ихтэй нь Говьсүмбэр аймаг бөгөөд хүн амын талаас илүү хувь нь буюу 51.9  хувь нь ядуу. Гэтэл хөрш зэргэлдээ Өмнөговьд ядуурал хамгийн бага буюу 11.8 хувьтай. “51:11” гэдгийг харьцуулбаас хөрш зэргэлдээ говийн хоёр аймагт нэгд нь дан тэнэг, арчаагүйчүүд аж төрдөг, нөгөөд нь ухаантнууд соруудыг шилээд авааччихсан аятай. Гадаадын хүн тэгж л ойлгоно.

 

Газрын хэвлийгээс ухаад гаргаад ирсэн байгалийн баялгаа хувааж идээд баян ядуугаараа хуваагдсан нь нэн харамсалтай, бүр эмгэнэлтэй. Өмнөговьд уул уурхай байгаагүй бол Говьсүмбэрээс бүр дордох байсан уу?

Ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр түвшинд дэнжигнэж байгаа, няслаад унагачихад тун амархан ядуус хүн амын 15 хувь, тэр нь бараг хагас сая (475 000). Эднийг нөгөө 904 000 дээр нэмчихэд алга урвуулахын дайтай, нэг үгээр манай улс нурж унахад тун ойрхон байгаа мэт. Бүр гамшиг гэж үзэхээр тоо баримт: ажлын ид тэгширсэн насны 30-39 насныхан ядууралд гүн шигджээ. Ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэрчүүд. Амьдралын баталгаажих түвшнээс доогуур иргэдийг залуус манлайлж байгаа нь манай нийгмийн хамгийн том эмгэнэл мөн. 

 

 

 

Aлбан ёсны статистикт итгэхэд бас бэрх. Ажилгүй ба ядуу иргэдийг яг нарийвчлан тоолсон уу гэвэл худлаа. Ядуурлын бодит байдал хавьгүй их байх магадлалтай. Яагаад? 

 

Уул уурхайгаас өөр ажлын шинэ байр бий болгох салбар байхгүй, харин тэр нь хүн амдаа хэт цөөн, нийтээрээ хүртэх боломжгүй, улирлын чанартай; 

Хотын төвдөө газар наймаалцан эзэнгүй шилэн байшин босгохоос өөр бүтээн байгуулалт байхгүй, нийтээрээ хүртэх боломжгүй;

Жижиг дунд бизнес эрхлэгчид нь өрхийн жижиг наймаа, нийтийн хоол (хуушуур), ахуйн үйлчилгээ, хувийн таксигаар дагнасан, бие биеэ дууриасан, ЖДҮ зээл нь улстөржөөд алга болсон; 

Хүн амын орлогын албан татвар нэн доогуур учраас ажил эрхлэхгүй байхад алзахгүй, хэн ч татвараар дарамтлуулахгүй тул ажил эрхлэх сонирхол бага; 

Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй монгол ахуйн ухаанаар хэдэн биенээ тэтгээд үхүүлчихгүй, өлсгөчихгүй, толгой хоргодуулаад байдаг тул өөдөлдөггүй борчуудаар нийгэм дүүрсэн, тэднийг ядуу гэнэ. 

Энд нийтээрээ хүртэх боломжгүй гээд байгаа нь эдийн засагт хүртээмжтэй өсөлт байхгүй байнаа л гэсэн үг шүү дээ. Үндсэндээ соёлжсон, ном журмаараа, зах зээлийн эдийн засгийг бид 30 жил хүлээж байна. 

Ядуурлыг бууруулах гол арга нь 904 000 иргэнээ цалинтай орлоготой болгох гэсгээд улс төрчид ба миний үзэл бодлын зам сална. Төрийн хайр ивээлээр нийгмийн халамж-асрамжаар амьдардаг бүхэл бүтэн арми–давхарга буй болчихсон, ингэж амьдарч болдог гэсэн сэтгэлгээг дараа дараагийн үедээ уламжлуулчихсан байгааг гунигт ирээдүй гэж би хардаг. Халамж-асрамжийг нь ажваас нийгмийн зах зээлийн эдийн засагтай баймааж нь хүртээдэг хуультай. Түүнийгээ бий болгоогүй байж халамжлаад эхэлбэл эдийн засагт өсөлт хэзээ ч ирэхгүй. Нийгмийн зах зээлийн эдийн засгийг II дайны дараахи Германд хэрхэн бий болгосон тухай сурч судлах шаардлагатай. 

 

Төр засаг, улс төрчид нь тэр “904 мянга”-даа гүн итгэж ямагт хайрлах бас ажилгүй ядуу байгаагийн бурууг улс төр рүү тохдог бол би өөрсөд рүү тохдог. Ажиллаж амьдарч болоод байгаа цаана нь 2 сая хүн байхад тэр 2 саяасаа юугаараа дордчихоод, хэн юуг нь булааж дээрэмдчихээд, ямар эрхтэн нь дутуу төрчихөөд ядуурчихсан юм бэ? Ид тэгширсэн насны 30-39 насны залуус яагаад арчаагүйтсэн юм бэ? Төрийн хайр ивээлийг гуйвуулаад “Нийгэмд шударга ёсыг тогтоож дуустал ажил эрхлэхгүй, хөгжихгүй” гээд гэдийгээд хэвтчихсэн олонхитой болчихгүй юмсан!

 

“Цалинтай орлоготой болгох” гэдгээ улс төрчид “яаж хэрхэн” гэдгээр тайлбарлаж үл чадна. Ерөөл магтаал, уриалга, хийрхэл голлоод хоосон ятгаад нэмэргүйг 30 жилийн гашуун түүх харууллаа. Цаашаа шал өөр шийдэл хүлээж байна. 

Ямар шийдэл? Эхийн хэвлийд байхаасаа ажил хөдөлмөрт бэлтгэгдэх гэж дэгсдүүлэхгүйгээр ярья. Хүн төрлөө, эцэг эх нь гардаж авлаа, өсгөлөө, ажлын байранд, амьдралын нугачаанд монгол хөвгүүд охидыг бэлтгэх ажил нойл заачихснаас дээрхи “904 мянга” буй болчихсон юм. Би энд дээд боловсролын тухай огт яриагүй байна. 

Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын илтгэл” гэх баримт бичиг сайтад байна. “The Global Human Capital report” гээд бичихэд л олоод үзчихнэ. Оюуны чадавхи буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө манай Монгол дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгджээ. Гайхалтай. Түүнийгээ ашигладаг талаар нойл. “Ноу хау” буюу тэр их чадамжаа “чулуу” болгож байгаагаараа дэлхийн 130 орноос 111-рт оржээ. Бөгс рүү бичигджээ. 

Энд “чулуу болгох” гэдгээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ мэдлэг шингээж экспортод гаргаж эх орныхоо баялгийн санг арвижуулахыг хэлж байна. Нэг үгээр манай монголчууд оюуны өндөр потенциалтай, харин түүнийгээ цааш нь хөгжүүлж хэрэглэх асуудал дээрээ нойл, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд хоцрогдож яваа гэсэн үг юм. Энэ талаар төр уриалга их хийдэг ч зохиосон ажил алга.

Тэгэхдээ энд дан хар барааны тухай өгүүлээгүй. Маргах хүн гараад ирвэл бид 30 жилд хөгжсөн гэе. Үгүйсгэх юм алга. Энэ олон шилэн барилгууд, энэ их машин, хүн бүр гар утастай, дэлхийгээр монголчууд холхиж байна, дэлхийн олон улстай харилцаж байна, нээлттэй байна, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан сонголтуудаа хийж байна, хүн ам өсч байна, мал сүрэг 70 сая хүрлээ гээд. 

 

Харин эдийн засаг нь технологийн хөгжил талаасаа урагш ахисангүй. Явж явж улсаараа хамаг үйлдвэрлэл аж ахуйгаа зогсоогоод уул уурхай шүтсэн “ганц эдийн засаг”-тай болчихсон. Өмнөговиос нүүрс хил давж л байвал улс нь орлоготой, тэр нь бүү тасраасай гэсэн бүх нийтийн хүлээлт догдлол, бараг маани мэгзэм уншдаг байх. Үлдэх эдийн засаг нь дэлгүүр-лангуу-зах. Насанд хүрэгчдийн ихэнхи нь тэгэхээс тэгэх гэж худалдагч, борлуулагч, эсвэл хувийн тэрэгний жолооч, тэднийг тойрсон элдэв үйлчилгээ эрхэлнэ.

 

 

 

“Монголын ээдэмцэрийн холбоо”-ноос aвcaн мэдээлэл байна: Монголын хөдөөд жилдээ 900 сая литр сүү сааль авах бололцоотой ч ердөө 4-хөн хувийг авдаг. Үнээгээ саадаггүй аймаг, сум, баг тоймгүй олон. Үнээ саах гэдгийг тархинаасаа гаргаад хаячихсан нутаг орон ч байдаг бололтой. Ийм дээрээ тулсан юм бол Монголд саальчин, үхэрчин гэх мэргэжлүүд бараг устаж үгүй болж байгаа юм байна. Сүүний уураг гэдгээр дэлхийд толгой цохих боломжтой, хуучин цагт уургийг Зөвлөлт рүү экспортлоод, тэрийг нь Япон руу гаргадаг байсан гэлцдэг. Одоо тасарсан, учир нь манайх сүү, уургаа гаргахаа больсон, японы тал Орост асуудал тавьдаг, Монголоос авахаа больсон гэдэг, гэтэл Япон нь манайхаас шууд авъя гэлээ, манайх паг. Японд монгол уургаар тавин хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлдэг гээд бичвэл бидний арчаагүй, ажилгүй, мал сүрэг нь 70 сая болчихсон, гээд байж байгаа үхлийн царай нь тэр үү гэсгээд орхиё. 

 

 

Монголд эдийн засгийн дэг журам, сахилга, зохицуулалт нэн үгүйлэгдэж байна. Эдийн засаг дээр ямагт будилж яваа. Эдийн засгийг технологижуулах талаар дорвитой ахиц алга. Гэхдээ байх нь байна. Нэвтрүүлээд хэрэглэчихнэ гэхэд баахан хүн ажилгүйдчихдэг. Газар тариалангийн аж ахуйд хүчит техник нэвтрээд газар хагалах, тариалах, боловсруулах, хураах бүх үйл ажиллагаа цахимжиж эхэлж байгаа нь сайн боловч хөдөөд газар тариалан бараадан аж төрж байгаа үй түмэн хүн ардыг яах вэ? Хариулт ба сонголт байхгүй.

Өрхийн жижиг аж ахуй руу татан оруулж, эх орноо эрүүл хүнсээр хангуулах, хөрш орнууд руугаа экспорт хийлгэх бүхэл бүтэн нийгмийн давхарга бэлэн байж байна. Тэднийг тэгдэг болгож бэлтгэх хэрэгтэй мэт. Төр энэ дээр л төмөр нүүрээ харуулмаар байна.

Нүүрс ухаж гаргаад 120 км үргэлжлэх ачааны машины цуваанд найдаад суух биш, эдийн засгийн бусад бүх салбартаа мэдлэг-технологи, техникийн боловсролын (дэлхийн энтэй) томхон өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ талыг ямагт хойшлуулж, аргацааж, зүрхшээж ирснээс болж бид цаг үеэсээ хоцроод явж байна. Технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал манай мэт жижиг улсад маш олон салбар хурдацтай хөгжиж, мөнгө олох ба амжилт олохыг хослуулах боломжтой. Нураах босгох нь тун энгийн, хялбар эдийн засагтай айл шүү дээ.

 

Дэлхий дахинтай мөр зэрэгцэн хөгжихөд оюунлаг иргэдийг олноор бэлтгэж, гадны томоохон их дээд сургуулиудад сургах, сургаснаа авчирч итгэл өгч ажиллуулах хэрэгтэй. Сургаж бэлтгэсэн боловсон хүчнээ эргүүлэн эх орондоо авчирч ажиллуулахад төрийн уужим, хатуу бодлого үгүйлэгдэж байна. Улс дамнасан нийгмийн сүлжээг бий болгож, гадаадад байгаа монгол хүмүүсийг авьяас чадварыг ашиглах тогтолцоог бүрдүүлж чадвал улсын хөгжилд нэмэртэй. Оюунлаг хүмүүс гадагш гарахыг оюуны алдагдал гэж бүү тооц. Тэд явна, тэд ирнэ. Ганзага хоосонгүй. Харин тэднийгээ яаж зөв ашиглах тал дээр анхааръя. 

 

Олон улсад мэргэжлийн өрсөлдөх ур чадвараараа Монгол Улс 76 дугаар байрт эрэмбэлэгддэг. Хоёр зуу гаруй улсаас гэж үзвэл муугүй үзүүлэлт.

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинжлэх ухааны академи болон зарим их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад хандаж:–Ирээдүйн хөгжил тийрэлтэт өсөлттэй байна. Одоогийн шугаман тогтвортой хөгжил биш болж байна. Хөгжлийн өсөлтийг тааварлахад технологийн хөгжил бидэнд том боломжуудыг өгч байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ цаг үед бид зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөхөөс гадна инновацын эко-систем гэх ойлголтыг онцгойлон анхаарах шаардлагатай.  Инновацын эко-систем бол хоёр өөр “эдийн засаг”-аас бүрддэг. Нэг талаас суурь болон хавсарга судалгаагаар дэмжигдсэн судалгааны эдийн засаг, нөгөө талаас зах зээл, үйлдвэрлэлээр тодорхойлогдох арилжааны эдийн засаг юм” гэжээ. 

 

Олон улсын харилцааны судлаач, профессор  Д.Баярхүү

 

www.sonin.mn